Газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд өргөн барилаа
2011.09.06

Газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд өргөн барилаа

ТОВЧХОН

  • Манай улсын хэрэгцээг хангах 2 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2-4 жилийн дотор барьж ашиглалтанд оруулахаар тооцолж байна
  • ‘’Жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө болон эрсдэлийг 100 хувь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хариуцах учир манай улсын эдийн засагт болон төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүй’’ гэж хэлж байла

Өнөөдөр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Арвин, Н.Батбаяр, С.Баяр, Н.Ганбямба, Я.Батсуурь болон нэр бүхий 17 гишүүн ‘’Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай’’ Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн барив.

УИХ-ын гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийн танилцуулгад дурдахдаа, ‘’Монгол Улсад газрын тосны олборлолт 1998 онд туршилтын журмаар эхэлсэн бөгөөд 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 3,1 сая баррель тос олборлож, экспортлоод байна. Монгол орны газрын тосны хайгуул судалгааны ажил сэргэж, Английн Бритиш Петролеум, АНУ-ын Вестерн Жеофизикаль, Филиппс Петролеум, Оросын Сибнефтегеофизика зэрэг компаниуд хүндийн хүч, соронзон хайгуулын өмнөх судалгааны материалыг дахин боловсруулснаас гадна геофизик, литологи, петрофизик, геохими, шим бодисын судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Монгол Улсад газрын тосны олборлолтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явуулж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн зарчим нь Гэрээлэгч компаниуд газрын тосны үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтаа өөрсдөө 100 хувь гаргаж, эрсдэлээ бүрэн хариуцдаг ба хэрэв тос илрүүлж олборлосон тохиолдолд байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр Монгол Улсын засгийн газарт төлдөг байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай дараах долоон компани гэрээ бүтээгдэхүүн хуваах гэрээх байгуулан газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Дорнод, Дорноговь аймгийн Тамсаг, Зүүнбаянд газрын тосны хэтийн төлөв бүхий үндсэн нөөц тогтоогдож, боловсруулах үйлдвэрийн салбар хөгжих эхлэл тавигдаж байна.

Манай улсын хэрэгцээг хангах 2 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2-4 жилийн дотор барьж ашиглалтанд оруулахаар тооцолж байна. Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад нэг жил шаардагддаг байна. Иймд дотоодын хэрэгцээг хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байна’’ гэж тогтоолын төслийн танилцуулгад бичжээ.

Мөн ‘’Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай’’ Улсын Их Хурлын тогтоолын төслийг барьсан гишүүд үзэхдээ, ‘’Жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө болон эрсдэлийг 100 хувь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хариуцах учир манай улсын эдийн засагт болон төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүй’’ гэж хэлж байлаа. Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын тодорхой бодлогоор жолоодох шаардлагатай байгаа  гэж УИХ-ын гишүүн Н.Ганбямба, П.Алтангэрэл, Я.Батсуурь нар онцолж байв.

Эх сурвалж
Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.