Хоёр орны харилцаа ардчиллын үнэт зүйлд тулгуурлана
2011.09.12

Хоёр орны харилцаа ардчиллын үнэт зүйлд тулгуурлана

ТОВЧХОН

Есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Болгар Улс (БНБУ)-ын Ардын Хурлын гишүүдийн Монголын парламентын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГББХ-ны дарга Я.Батсуурьтай өнөө өглөө Төрийн ордонд хийсэн уулзалтаар эхэллээ.

 

Болгарын Ардын Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус хурлын Гадаад бодлого, батлан хамгаалах комиссын гишүүн, Болгар-Монголын Парламентын бүлгийн гишүүн Димитьр Чукарски, мөн комиссын гишүүн Спас Панчев, Болгар-Монголын парламентын бүлгийн гишүүн Емил Радев нар багтжээ. Харин Монголын талаас уулзалтад УИХ-ын гишүүн З.Энхболд болон ГХЯ-ны албаны хүмүүс байлцлаа.

 

Уулзалтын эхэнд хоёр тал хоёр орны ард түмэн олон жилийн турш бат бэх найрамдалт харилцаатай явж ирсэн түүхэн уламжлалыг дурсаад энэхүү сайхан харилцаа улс төрөөс илүү эдийн засгийн харилцаагаар илрэх үе эхэлсэн, тэгэхдээ хоёр орон зах зээлийн нийгэмд амжилттай шилжиж буйтай холбоотойгоор зах зээлийн нөхцөлд тохирсон эдийн засгийн нягт харилцааг хөгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Тухайлбал, Төлөөлөгчдийг тэргүүлж буй ноён Димитьр Чукарски ярихдаа:

-Манай хоёр ард түмний олон жилийн найрамдалт харилцааны үрээр Болгарын ард түмэн монголчуудад үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Сүүлийн 10 жилд манай хоёр орон орчин үеийн улс төрийн харилцаа, ардчиллын хөгжилдөө багагүй хүндрэлийг тууллаа. Болгарчууд шилжилтийн үеийн томоохон сорилтыг давсан бөгөөд манай ард түмний оюун санаанд гарсан том өөрчлөлт бол НАТО-д элсэх бэлтгэл ажил байв. Манай хоёр орны уламжлалт сайхан харилцаа Монгол Улсыг Европын Холбоотой харилцахад томоохон гүүр болох бөгөөд танай орныг тус холбооны орнуудтай ойр дөт холбоо тогтооход бид өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийхэд бэлэн байна гээд хоёр орон эдийн засгаас гадна соёл боловсролын салбарт илүү ойр харилцаатай байсан тул энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйгэй юм гэлээ.

 

УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГББХ-ны дарга Я.Батсуурь “Монгол Улс 1990 оноос хойш Азийн орнуудаас эн түрүүнд ардчилал шинэчлэлийн замд орж, Зүүн Европын орнуудын адил улс төр, эдийн засгийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа. Энэ зам тийм ч амар байгаагүй ч зөв зам байсан гэдэгт бид итгэлтэй байна” гээд “Өнөөдөр Монгол-Болгарын хооронд хуваалцах хамгийн үнэт зүйл бол ардчиллын ололт амжилт бөгөөд энэ нь хоёр орны харилцаа цаашид хөгжихөд гол давуу тал болох юм” хэмээн тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь “Монгол Улс хоёр том хөрштэйгөө бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч орнууд, Европын өндөр хагжилтэй улсуудтай үүнээс дутуугүй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Гурав дахь хөрштэйгөө харилцах бодлогоо бид Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тодорхойлж, ардчиллын үнэт зүйлийг дээдлэн хөгжүүлэхийг чухалчилсан байгаа. Бие биенээ олон жил сайн мэддэг манай хоёр орон эдийн засгийн салбар, түүний дотор уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтойн дээр Болгарт сургууль төгссөн олон монгол хүн хүчээ нэгтгэн ажиллаж чадвал танай оронтой хамтран ажиллах чухал хөшүүрэг болж өгөх юм” гэлээ. Мөн Болгар-Монголын Парламент хоорондын, Байнгын хороо, гишүүд хоорондын харилцааг идэвхжүүлэх нь хоёр орны харилцаанд багагүй үүрэгтэй бөгөөд энэ удаагийн айлчлал ч үүнд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

 

Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг асуудал бол Монгол Улсад суугаа БНБУ-ын Элчин сайдын яамтай холбоотой асуудал байлаа. Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн том том орд болон ард түмнийхээ мэдлэг боловсролд түшиглэн улс орноо эрчимтэй хөгжүүлэх таатай боломж бүрдэн Австрали, Канад, Арабын орнууд ЭСЯ-аа нээж байгаа энэ үед Болгарын ЭСЯ-ыг хаах шийдвэр гарсанд харамсаж байгаагаа Монголын тал илэрхийлээд энэ шийдвэрээ эргэн харахыг уламжилж өгөхийг хүссэн юм.

 

БНБУ-ын Ардын хурал дахь Болгар-Монголын парламентын бүлгийн гишүүн Емил Радев “БНБУ-ын эрх баригч хүчний төлөөлөгчийн хувьд энэ саналыг очингуутаа ГХЯ-ндаа уламжилж, Монгол дахь Болгарын ЭСЯ хоёр орны харилцаанд ямар үүрэг гүйцэтгэдгийг танилцуулна. Засгийн газар ойрын үед энэ асуудлыг эргэн харж, Болгарын ЭСЯ манай хоёр орны харилцааны гүүр хэвээрээ байна гэж найдаж байна” гэлээ.

 

Уулзалтанд оролцогчид бас хоёр орны гадаад худалдааны эргэлт, аж үйлдвэр, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Болгарын тал Монголын энхийг сахиулах үйл хэрэг, НАТО-гийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг үргэлж дэмжсээр ирснээ тэмдэглэн хэлсэн юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.