Хууль гараад 3 сар болж байгаа ч энэ талаар иргэд, малчид ойлголтгүй байна
2011.09.12

Хууль гараад 3 сар болж байгаа ч энэ талаар иргэд, малчид ойлголтгүй байна

ТОВЧХОН
  • Дотоод худалдаа, түүхий эдийн биржийн зардлын төсөвт 150.0 сая төгрөг тусгагдсан.
  • Хөдөө аж ахуйн загвар хоршоо бий болгож, туршлагыг нь дэлгэрүүлэн сурталчлах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарлаж, 20 аймгийн шалгарсан нэр бүхий 20 хоршоонд тус бүр 45.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн ЖДҮХС-га

Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хийж буй ажлын талаархи мэдээллийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр сонслоо.

 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Л.Золжаргал мэдээлэлдээ, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нэр бүхий 6 хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах Ажлыг хэсгийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээг зарласны дагуу 4 хуулийн этгээд саналаа ирүүлээд байна. Дотоод худалдаа, түүхий эдийн биржийн зардлын төсөвт 150.0 сая төгрөг тусгагдсан. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг, ажлын даалгаварт биржийн холбогдох дүрэм, журмыг урьдчилсан байдлаар боловсруулах талаар тусгалаа. Мөн Хөдөө аж ахуйн загвар хоршоо бий болгож, туршлагыг нь дэлгэрүүлэн сурталчлах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарлаж, 20 аймгийн шалгарсан нэр бүхий 20 хоршоонд тус бүр 45.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн ЖДҮХС-гаар дамжуулан хэрэгжүүлж байна. Хөдөө аж ахуйн загвар хоршооны техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоонд гэрээлүүлэн гүйцэтгүүлж, хүлээн авах шатанд байна.

 

Малын гаралтай түүхий эдийн төвлөрлийг харгалзан Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын төвд Түүхий эд бэлтгэлийн төв бий болгоход хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулан, шалгарсан нэр бүхий 6 аж ахуйн нэгжид тус бүр 10.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж ЖДҮХС-аар дамжуулан хэрэгжүүлж байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжих зорилгоор “Ноос, ноолуур пресслэгч машин, электрон жин, оллсон таар, төмөр утас худалдан авах” тендер сонгон шалгаруулалт зохион байгуулав. Гэрээний дагуу ноос, ноолуур пресслэгч машин 45 ш, электрон жин 45 ш, олсон таар 45000 м, төмөр утас 22500 кг нийлүүлэгдэнэ. Түүхий эдийг хүлээн авч анхан шатны тодолт хийх байр, талбай, адгалах агуулах, тээврийн судалгаа гаргах ажлыг эхэлсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах ажилд 2012 онд шаардагдах зардал 5 тэрбум төгрөгийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулаад байна. Хэнтий, Ховд, Баянхонгор, Хөвсгөл аймагт бижрийн сургалт зохион байгуулсан бөгөөд гадаадад биржийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг судалж ажлаар хангах, биржийн сургалт явуулдаг их, дээд сургуулиудад сургалтын хөтөлбөр бий болгох, мөн нийт хүн амд энэ чиглэлээр сургалт зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.

 

Мөн тэрээр, Биржийн тухай хуульд тусгагдсан 11 журам бий. Энэ журам одоогоор боловсруулагдаагүй байгаа учир иргэд, малчдад тодорхой тайлбарлахад хүндрэлтэй байгааг хэлсэн. Түүнчлэн улаан буудай, ноос, ноолуур, амьд малыг эхний ээлжинд биржийн худалдаанд гаргаж үйл ажиллагаа явуулах боломжтойг онцолсон юм.

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл хөдөө орон нутагт ажиллаж байхад иргэд хуулийн талаар ойлголт, мэдлэг, мэдээлэл муутай байгааг хэллээ. Биржийн тухай хуулийн үндсэн харилцагч нь малчид, Хууль гараад 3 сар болж байгаа ч энэ талаар иргэд, малчид ойлголтгүй байгаад анхаарах хэрэгтэй байна. Хуулийн хэрэгжилт бүтэн жил үргэлжилнэ. Та бүхнийг нэг улирлын хугацаанд муу ажиллажээ гэж хэлэхгүй. Энэ эрч хүчээ алдалгүй цаашид ажиллах хэрэгтэй. Хууль дагаж гарах журмыг ирэх сард тодорхой болго. Журам гараагүйгээс болж хуулийн хэрэгжилт муу байж таарахгүй. Юуны түрүүнд аймаг, сумын анхан, дунд шатны нэгжийн үйл ажиллагаанд яам сайн анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн сурталчилгааг малчдад яаж хүргэх тал дээр анхаарч хөдөө орон нутагт цацагддаг телевизийн ямар ямар суваг байгааг судалж гэрээ байгуулан хамтран ажиллахыг анхаарууллаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, сайн дураар нэгдэж байгаа хоршоо, бүлгүүдийн судалгаа гаргаж, хийгдэж байгаа тодорхой ажил бий эсэхийг тодруулсан. Мөн Биржийг босгох гол хөшүүрэг нь төрөөс гаргаж байгаа санхүүгийн эх үүсвэр. Төрийн бодлогыг биржийнхээ үйл ажиллагаатай яаж уялдуулж байна вэ. Хөдөө орон нутагт явж байхад иргэд, малчид ноосны урамшууллын талаар ойлголт муутай, зайлшгүй мэдвэл зохих мэдээ, мэдээлэл хүрэхгүй сурталчилгаа муу байгааг хэлсэн юм.

 

Дэд сайд Л.Золжаргал, сайн дурын хоршоо, бүлэг байгуулж байгаа иргэд, малчдад бүхий л үйл ажиллагаа нээлттэй. Бид биржийнхээ журмыг тодорхой болгоогүй болохоор хуулиас өөр мэдээлэл өгөх боломж муутай байна. Бирж байгуулагдаад арилжаа явуулаад эхлэхэд тариаланчдадаа урамшуулал олгоод эхэлнэ. Мах бэлтгэлийг амьд малаар биржийн ажиллагаанд оруулах боломжтой. Ноосны хувьд малчид үндэсний үйлдвэрлэгчдэд ноосоо худалдвал 1 кг ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор байгаа. Бондын арилжаа 7 сард эхэлсэн. 108 тэрбум төгрөгийн бонд арилжаад байна. Гол зорилго бол үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихэд байгаа гэсэн хариулт өглөө.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.