Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ
2011.09.13

Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ

ТОВЧХОН

Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Эрхүү хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Амбан захирагч Д.Ф.Мезенцев 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бараалхав.

 

Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт болон Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойн арга хэмжээнд урьсанд Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлэв.

 

Хоёр талын болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар олон чухал асуудал хэлэлцэх энэ чуулга уулзалтад Монгол Улс ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг тэрбээр тэмдэглэлээ.

 

Уламжлалт, сайн хөрш манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнд Амбан захирагчийн оруулж байгаа хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж байдгаа хэллээ. Хоёр орны худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь Сибирийн бүс нутагт ногддог. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны Засгийн газар хоорондын комисс болон бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

 

Хийн хооолойг Монголоор дайруулах асуудал харилцан ашигтай гэдгийг Ерөнхий сайд дахин хөндөж, үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах боломжтой гэв. ОХУ манай улсаас мах авахаа 2010 оны 9 дүгээр сарын 14-нөөс зогсоосон талаар уулзалтын үеэр яригдлаа. Энэ хоригийг цуцлуулахын тулд Эрхүү муж өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлэв. Мал эмнэлгийн асуудал байгаа хэдий ч Латин Америкаас мах авсны оронд Монголоос авах нь илүү хямд, ашигтай гэдгийг Амбан захирагч Д.Ф.Мезенцев онцлон тэмдэглэлээ.

 

Одоогоор Эрхүүгийн их, дээд сургуулиудад 800 орчим монгол оюутан суралцаж байна. Тэдний тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгтэй оюутны тоог өсгөх, хувиараа сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гаргах гэж байгаагаа Амбан захирагч уламжиллаа.

 

Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа Амбан захирагч илэрхийлж, Эрхүү хотын эмч нарын тусгай галт тэргийг ойрын үед Монгол Улсад аялуулж, үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмчилгээ хийлгэхээр уулзалтын үеэр тохиролцов.


Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.