С.Баяр дугуй ширээний уулзалтад оролцов
2011.09.14

С.Баяр дугуй ширээний уулзалтад оролцов

ТОВЧХОН
  • “Монгол, Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалт боллоо.
ОХУ-ын Эрхүү хотноо болж буй  Байгалийн олон улсын эдийн засгийн VII чуулга уулзалтын хүрээнд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Монгол, Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалт боллоо. Энэхүү уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Хил, бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын монголын хэсгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, ЗТБХБЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон Эрдэс баялаг  эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МҮХАҮТ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албаны хүмүүс, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа  эрхэлдэг бизнесийн төлөөлөл оролцов.

Оросын талаас ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд В.Ф.Басаргин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко, ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд, Орос-Монголын Засгийн газар хоорондын хил, бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын оросын хэсгийн дарга М.А.Травников болон Эрхүү муж, БН Буриад, БН Алтай Улсын Засгийн газрын төлөөлөл оролцов. Тус уулзалтаар хил орчмын хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал солилцов. Тухайлбал, монголын талаас төмөр замаар дамжин өнгөрүүлэх тээвэр,  байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ОХУ-ын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхэд монгол иргэдэд тулгарч буй  бэрхшээл, хүнд суртал, “Алтанбулаг” чөлөөт бүсийн дэд бүтцийг бүтээн байгуулах зэрэг асуудлыг хөндөн тавив. Оросын талаас мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын  чиглэлээр хамтран ажиллах төслийг танилцуулав.

Энэ удаагийн дугуй ширээний уулзалт нь “Байгалийн олон улсын эдийн засгийн VII чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулагдаж, улмаар хоёр талаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцон хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцсэнээрээ онцлог болов. Мөн Байгалийн олон улсын эдийн засгийн VII чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан “Европ-Орос-Ази Номхон далайн орнуудын эрчим хүчийг цогцоор нь хөгжүүлэх” сэдэвт салбар хуралдаанд Монгол Улсын Их хурлын гишүүн С.Баяр үг хэлж, хөрш улсууд, бүс нутгийн улсууд цаашлаад бүх нийтээрээ эрчим хүчний салбар дахь бодлогоо уялдуулж, хамтран ажиллахыг уриалав гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.