Малын эмч нарын Улсын зөвлөгөөнд оролцож байгаа эмч нарт илгээлт ирүүллээ
2011.09.16

Малын эмч нарын Улсын зөвлөгөөнд оролцож байгаа эмч нарт илгээлт ирүүллээ

ТОВЧХОН
  • Ингэснээр "Монгол мал" хөтөлбөр амьд ажил болох эдийн засгийн үндэс суурь улам баталгаажиж байгаа юм.
Малын эмч нарын Улсын зөвлөгөөн, Мал эрүүлжүүлэх аяны нээлтэд оролцож байгаа эмч нар болон, нийт зочид төлөөлөгч нартаа энэ өдрийн мэнд хүргэж, амжилт хүсье.

Миний бие тойрогтоо, хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир Та бүхэнтэй биечлэн уулзах боломжгүй байгаадаа хүлцэл өчье.Хүний эмч хүнийг л эмчилдэг, харин малын эмч хүн төрлөхтнийг эмчилдэг гэсэн мэргэн үг бий. Үнэхээр ч монголчуудын аюулгүй хоол хүнс хэрэглэж эрүүл амьдрах, дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн гаргаж, малын гаралтай түүхийи эдээ бүрэн гүйцэт ашиглах боломжийг мал эрүүлжүүлэх аян монголчуудад олгоно гэдэгт миний бие өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Сүүлийн хорь гаруй жил эзэнгүй байсан Монгол мал, Монгол малчинг төрийн бодлогод авчирч, хөдөөгийн амьдралд өөрчлөлт оруулах "Монгол мал" Үндэсний хөтөлбөр батлагдаад удаагүй байна. Хөдөөгийн ард түмэн маань энэ хөтөлбөрийг бүгд дэмжиж, өөдрөг сайхнаар хүлээн авлаа. Дөрвөн цагийн эргэлтэд малаа дагаж амьдардаг малчин түмэн монгол малыг шинжлэх ухааны үндэстэйгээр өсгөж, үржүүлэх, эрүүлжүүлэх тухай, төрийн бодлогыг бүгд дэмжиж, цаг үеэ олсон ажил хэмээн бидэнд урам зориг өгч байна.

Гэхдээ бидэнд хийх ажил асар их бий. "Монгол мал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гардан ажиллаж байгаа Мал эмнэлэг, үржлийн албаны ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт 20-30 жил ажиллаж байгаа дунд мэргэжлийн боловсон хүчнүүдийг давтан сургалтад хамруулж, баклаврын зэрэг олгох, малчдын нэгдмэл ажиллагааг хангах, шинэ маягын хоршоолол байгуулах гээд бидэнд хийж бүтээх ажил асар их бий. Гэхдээ 2021 он хүртэл хэрэгжих энэ хөтөлбөрийг өнөөдөр шүүмжлэх, үнэлж дүгнэх нь хэтэрхий эрт байна.

Харин Монгол Улс "Монгол мал" Үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхлэснээс хойш олон улс орон Монголын мал сүрэг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг сонирхож, ОХУ-аас гучин тэрбум төгрөгийн өртөг бүхий малын вакцин, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл олгож, БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад олгох 500 сая юаныхаа 200 саяыг хөдөө аж ахуйн зориулалттай, хадлан тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл олгоход зарцуулах шийдвэр гаргалаа.

Ингэснээр "Монгол мал" хөтөлбөр амьд ажил болох эдийн засгийн үндэс суурь улам баталгаажиж байгаа юм. Монголын төр ч гэсэн мал, малчин хоёрт анхаарлаа хандуулж, чамлахааргүй их Хөрөнгө мөнгө зарцуулж, энэ онд тулгуур хоршоодыг байгуулах, Олон улсын шаардлага хангасан мал эмнэлгийн лаборатори, бүсийн оношлогооны төвийг байгуулахаар ажиллаж байна.

"Монгол мал" Үндэсний хөтөлбөрийн таван том зорилтын нэг нь мал эрүүлжүүлэх ажил юм. Энэ ажлын нээлтийгхийж идэвхжүүлснээр малаа вакцинжуулж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, ээмэгжүүлж, бүртгэлтэй болгоно. Ингэснээр Монгол мал, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх үүд хаалга нээгдэх юм. Тиймээс энэхүү чухал ажлыг мэргэжлийн зүгээс гардан хариуцаж бай-гаа малын эмч, мал аж ахуйн мэргэжилтэн нар болон ирээдүйн мал аж ахуйн мэргэжилтэн, малын эмч болох оюутан, залуусдаа амжилт хүсье.

"МОНГОЛ МАЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ САНААЧЛАГЧ:
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Догсомжавын Балдан-Очир
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.