Замын түгжирлээс хэрхэн гарах вэ?
2011.09.17

Замын түгжирлээс хэрхэн гарах вэ?

ТОВЧХОН
  • Бид ямар үйлийн үртэй хүмүүс болохоороо хамраа хорстол утаа үнэртэж, өдөрт 2-3 цагийг машиндаа өнгөрөөх ёстой болж таараваа.
  • За олон үг нуршаад яахав, санаагаа бичье.
(Vip76.mn сайтын уншигч О.Батхүүгээс бидэн ирүүлсэн "Түгжээн дундах бидний амьдрал" нэртэй материалыг нийтлэж байна)

Хүн нэг насандаа хэдэн цагт нь унтдаг ч билээ, хэдэн цагт нь иддэг ч билээ нэг судалгаа байдаг санаж байна. Бүүр жорлонд өнгөрөөдөг цагийг нь хүртэл тооцчихсон байдаг. Тэгвэл энэ судалгаан дотор монгол хүний хувьд ялангуяа Улаанбаатарт амьдардаг хүний хувьд нэг үзүүлэлт нэммээр санагдчихлаа. Энэ нь түгжрэлд өнгөрүүлдэг цаг. Нилээн жин дарахаар тоо гарах байх гэж бодож байна. Жишээ нь өдөрт хүн 8 цаг ажилладаг, харин түгжрэлд зарим хүн 3-4 цаг зарцуулах ч өдөр байхаар байна. Ингэж тооцвол сард 90 цаг, жилд 1080 цаг буюу жилийн 365 хоногийн 45 хоногт нь түгжрэл дунд өнгөрөөгч бидний дунд байнаа гэсэн үг биш үү.

Түгжрэл гайгүй байхад өглөө 8 цаг 45 минутад гэрээсээ гараад ажилдаа бас ч үгүй 3-4 минутын өмнө шурхийгээд орчихдог байсан цаг эртээ урьдын үе болон өнгөрчээ. Одоо бол өглөө ажилдаа хоцрохгүйн тулд нэг цагийн өмнө гараад заримдаа хоцроод орж байна. 18 цагт тараад гэрийнхээ хаалганы хонхыг дарах хүртэл хамгийн багадаа 1 цаг явж хүрч байх шиг.

Бид ямар үйлийн үртэй хүмүүс болохоороо хамраа хорстол утаа үнэртэж, өдөрт 2-3 цагийг машиндаа өнгөрөөх ёстой болж таараваа.  Би өөрөө хотын иргэн, дээр нь түгжрэлд орж нервээ нилээн бардаг хүний хувьд энэ түгжрэлийг багасгах зарим боломжийн талаар өөрийн санаагаа түмэнд хүргэх гэсэн юм. Үүнийг хотын болон замын цагдаагийн удирдлага уншаасай, өөрсдийнхөө санаж төлөвлөж явдаг төлөвлөгөөндөө нэмэрлээсэй гэж хүсэж байна. За олон үг нуршаад яахав, санаагаа бичье.

 

  1. Замын уулзварууд дээр ирж байгаа тээврийн хэрэгслүүдийн баруун гар тийш эргэх машинуудыг гэрлэн дохио хамааралгүйгээр зөвхөн явган хүн болон чигээрээ явж байгаа тээврийн хэрэгслээ өнгөрөөгөөд зохицоод баруун гар тийшээ эргэчихэж болдогоор зохицуулвал уулзвар дээр ирэх ачаалал тодорхой хэмжээгээр багасна гэж бодож байна. Үүнийг зохицуулахын тулд хуульдаа нэмэлт оруулах шаардлага гарах л байх.
  2. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөний зохицуулалтан дээр бүүр нарийн шийдлүүдийг олох хэрэгтэй санагдана. Зарим уулзвар дээр, тухайлбал ШУТИС-ын уулзвар дээр зүүн гар тийш эргэхийг хориглоогүй хэрнээ зүүн гар тийшээ эргэх гэрлэн дохионы зохицуулалт байхгүй нь энэ уулзвар дээр түгжрэл үүсэх нэг нөхцөл болоод байгаа харагдаж байна. Зүүн гар тийшээ эргэх тээврийн хэрэгсэл чигээрээ явж байгаа тээврийн хэрэгслүүдээ өнгөрөөгөөд зүүн гар тийшээ эргэх болоход хажуу талаас ирж байгаа тээврийн хэрэгсэл аль хэдийнэ ирээд дуут дохиогоо өгөөд зогсчихно. Нөгөө зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэл эргэж чадахгүй замын голд түгжигдээд таг болно. Зарим оронд зарим хэцүү уулзвар дээр зүүн гар тийшээ эргэх хөдөлгөөнийг хориглодог ч тухайн уулзвараар зүүн гар тийшээ эргэх тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ яаж эргэх боломжийг нь заагаад өгчихсөн харагддаг. Тухайлбал зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглосон тэмдэгний доор нь чигээрээ тэдэн метр яваад зүүн гар тийш эргэх боломжтой гэсэн бичиглэл бичих юмуу, эсвэл уулзвараа нэвт гараад дараагийн нарийн гудамжаар баруун гар тийш ороод нарийн гудамжуудаараа баруун гар тийш эргэсээр байгаад түрүүний 4 замынхаа уулзварын хажуу талаас нь ороод ирэх боломжтой гэсэн тэмдэгийг тавьчихсан байх жишээтэй.
  3. Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг өргөн замууд дээр буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулах шаардлага бас байнаа. Одоо бол буцаж эргэе гэвэл дүрэм зөрчдагүүд нь үргэлжилсэн шугам даваад эргэнэ, дүрэм зөрчихгүй гэж бодсон нь уулзвар руу ороод эргэх гээд зарим талаар түгжрэлд нөлөөлж байна. Үүнийг өргөн замууд дээр уулзварын наана тасархай зураасаар тэмдэглэгээ хийн тэмдэгжүүлэн уулзварт орохын өмнө эргэдэг болгох хэрэгтэй.
  4. Одоо бичих санал их чухал. Манайхан үүнийг хийх гэж нилээн хичээж байгаа ч хот  төлөвлөлтийн буруу бодлого бас нөлөөлөөд байгаа юм. Энэ нь хорооллын доторхи замуудыг ямар нэгэн мухардалгүй, нэвт гардаг болгох шаардлага юм. 2 дах саналдаа бичсэн зүүн гар тийш хөдөлгөөнийг уулзвараар биш ийм нарийн гудамжуудыг ашиглан эргүүлэх боломжийг бий болгоход энэ их чухал юм.
  5. Дараагийн санал нь хөрөнгө их шаардах ч хийхээс өөр аргагүй болсон ажил юм. Энэ нь давхар замууд. Томоохон уулзваруудыг хоёр түвшинд болгох. Үүнийг надаар хэлүүлэлтгүй албаны хүмүүс бүгд мэдэж байгаа.
  6. 6, Миний сонссоноор албаны хүний ярьж байгаа нь өдөрт 250-300 машин нэмэгдэж байна. Үүнийг хязгаарлах бодлогыг хатуу барих шаардлага одоо гарч ирж байна. Үүнийг зоригтой хийх хэрэгтэй. Хилээр орж ирж байгаа тээврийн хэрэгслийг оноор нь татварын аргаар биш бүүр оруулахгүй байх бодлогыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. Жижигхэн оронд, жижиг хотод дэндүү их тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж байна.

За тэгээд албан ёсны такси үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжиж байгуулах,  раллид уралдаж байгаа машин шиг сүлжилдэн давхилдах микро автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасах, замын доогуур биш, дээгүүр гарах явган хүний гарцыг барих, улсын дугаараар тухайн өдрийн хөдөлгөөний оролцоог хязгаарлах зэрэг олон гарцууд байх шиг санагдах юм. Нэгэнт л хөдөлгөөнд оролцож байгаа ийм олон тээврийн хэрэгсэлийг ийм л түгжрэл дунд байх ёстой аятай хаяж болмооргүй, холбогдох байгууллагууд нь тодорхой ажлуудыг хиймээр санагдаж байна. Заавал холбогдох байгууллага ч юу байхав иргэд бидний оролцоо, хөдөлгөөнд оролцох соёл, замаа зөв сонгох, хуулиа баримтлах сэтгэхүй гээд бүгд л оролцож байж энэ гамшиг болсон түгжрэлээс сална шүү дээ. Бүгдээрээ доор доороо бодоцгооё. 76, дээр нь хамтарсан засгийн газар л хийх ёстой, би л урсгал сөрөөд, хашлага даваад ч хамаагүй дараагийн уулзвар дээр хэн нэгнээс түрүүлээд оччихъё гэсэн муйхар сэтгэхүйгээсээ салцгаая.

Нийтлэлч
О.Батхүү
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.