2011.09.17

Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих ажил энэ ондоо эхэлнэ

Х.БАТТӨГС
ТОВЧХОН
  • ТЭЗҮ-ийг нь ЭБЭХЯ-ны Шинжлэх ухаан, тех­нологийн зөв­лөл батал­жээ.
  • Шинэ станцыг хуучин III цахилгаан стан­цын буурин дээр барих шийдвэр гарах магадлал хамгийн өндөр гэнэ.
  • Эрчим хүчнийхэнд тулгарч байгаа бас нэг бэрхшээл бол дулаал­гатай гэр байшинд олгох 50 хувь үнийн хямдрал­тай цахилгаан эрчим хүч.
Эрчим хүчний тав дахь эх үүсвэр буюу нийс­лэлийн эрчим хүчний ний­лүүлэлтийг нэмэх зорилгоор шинэ станц барих шийдвэр гарсан. Тус станцыг барих техник, эдийн засгийн үндэс­лэлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж дуусчээ. ТЭЗҮ гэдэг нь байршил, хүчин чадал, хөрөнгө оруулалтын хэм­жээ бусад холбогдох су­далгааны ажлуудыг хэл­дэг аж. ТЭЗҮ-ийг нь ЭБЭХЯ-ны Шинжлэх ухаан, тех­нологийн зөв­лөл батал­жээ. Энэ нь цаашид тен­дер шалга­руулж, ажлаа эхлэхэд бэлэн болсон гэсэн үг юм. Гэхдээ тендер зарлана гэдэг нь өртөг өндөртэй томоохон аж­лын хувьд цаг, хугацаа нэлээд шаар­дагдана. Гэвч энэ ондоо багтааж станц барих ажиллагааг эхлүүлнэ. Шинэ станцыг хуучин III цахилгаан стан­цын буурин дээр барих шийдвэр гарах магадлал хамгийн өндөр гэнэ. Тен­дер шалгаруулалтын олон улсын стандартад нийцсэн хөрөнгө оруу­лагч, захиалагч талын аль алиных нь сонир­холд нийцсэн байх шаард­лагатай. Хуулиар энэ бүх ажлын ихэнхийг Төрийн өмчийн хорооны Концессийн газар хариу­цаж ажиллаж байна. Тус төслийн техникийн болон санхүү, хууль зүйн зөв­лөхөөр Азийн хөгжлийн банк шалгарчээ. Хэдий­гээр олон улсын хэмжээ­ний хөрөнгө оруулалт шаардсан томоохон тен­дер боловч ҮАБЗ-өөс өг­сөн үүргийн дагуу энэ ондоо багтааж станц ба­рих ажил эхэлнэ. Хэрэв ямар нэгэн улс төр, эдийн засгийн сонирхолтой эл­дэв шалтгаан гарч ирэх­гүй бол энэ ондоо эх­лүүл­сэн станцын байгууламж 2015 онд ашиглалтад орно. Энэ хугацаа нь ма­най улсын эрчим хүчний хомсдолд орох үетэй давх­цаж байгаа аж. Одоо­гоор манай улс ца­хилгааны хомсдолд ороо­гүй гэнэ.

Нийс­лэлийн захын гэр хорооллууд цахил­гааны хомсдолтой бай­гаа нь эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай бай­гаа гэсэн үг биш. Зөвхөн дамжуулах тоног төхөө­рөмжийн хүчин чадал ду­тагдалтай байгаагаас гэр хо­роололд цахилгаан нэмж өгөх боломжгүй бол­чихоод байгаа гэнэ. Хэдийгээр сүүлийн үед эрчим хүчний түгээлтэнд багагүй хэмжээний хө­рөнгө оруулалт хийсэн боловч хөдөөгөөс нийс­лэл рүү шилжин ирэгс­дийг өрхийг хангах хэм­жээнд хүрэх­гүй. Шинэ цахилгаан станц нь 820 мвт цахил­гаан эрчим хүч, 1100 ккл дулаан үйлдвэр­лэнэ. Гэх­дээ өнөөгийн хэрэгжиж байгаа дуртай газраа буучихаад УИХ-ын сон­гуульд нэр дэвшигчээр утас татуулж технологийн бус эрчим хүчний түгээлт хэвээр үргэлжилбэл хэзээ ч за­хын хорооллууд шаард­лага хангасан эр­чим хүчээр хангагдахгүй. 2015 онд шинэ станц 50 хувийн хүчин чадлаа ашиглаж эхэлнэ. Улмаар 2020 онд бү­рэн хүчин чадлаа­раа ажиллана. Нийт 1.4 тэр­бум долларын хө­рөн­гө оруулалт хийгдэх ба  эх­ний ээлжид 600 сая ам.дол­ларын хөрөнгө шаард­лагатай. Тендер шал­гаруу­лалтаар энэ хэм­жээ буурах магадлал­тай. Гэх­дээ тендер шал­гаруу­лалтад томоохон саад болдог зүйл бол төрийн хатуу үнэ. Хөрөнгө оруу­лагч нар ямар хэм­жээний хөрөнгө оруулж, ямар хуга­цаанд эргүүлж ашгаа олохыг л чухал­чилдаг. Гэхдээ УИХ-аас гаргасан 72 дугаар тог­тоолын да­гуу 2014 он хүртэл ний­гэмд дарамт­гүйгээр ааж­маар үнэ чө­лөөлөх шийд­вэр нь хө­рөнгө оруулагч­дын со­нирх­лыг татаж бай­на. Одоогоор манай иргэд 150 квт хүртэлх цахил­гааныг засаг үнэ буюу төрөөс тогтоосон үнээр хэрэглэж, илүү гар­сан эрчим хүчийг тансаг хэрэг­лээ хэмээн тооцож зах зээлийн үнээр хэрэг­лэж байна. Эрчим хүчний үнийн тал хувь нь нүүрс­ний үнэ байдаг.

Нүүрсний үнэ хөдлөх бүрт эрчим хүчний үнэ хэлбэлзэнэ. Одоогийн байгаа цахил­гаан стан­цууд бүрэн хү­чин чад­лаараа ажилла­вал эдийн засгийн болон технологийн хувьд ашиг­гүй. Тиймээс хүчин чадлыг бүрэн ашиглахгүйгээр оргил ачааллын үед ОХУ-аас багахан хэмжээ­ний цахилгаан авасан нь ма­найд ашигтай. Учир нь монголчуудын цахилгаа­ны хэрэглээний оргил цаг нь 19-22. Ердөө гуравхан цаг. Харин 22-07 цагт илүүдэлтэй байдаг. Энэ үеийн илүүдэл цахилгаа­наа бид оросуудад тал үнээр өгчихнө. Ингээд оргил үедээ авдаг цахил­гааныхаа тал үнийг төл­чихнө. Энэ нь оргил үедээ авдаг цахилгааныг 40 төгрөгөөр авч байна гэ­сэн үг юм. Оросууд "Та нар биднийг зальдаж бай­­на" хэмээн гомдол­лодог. Гэхдээ оросуудад одоохондоо цахилгаанаа нийлүүлсээр байна. Оро­суудын хувьд биднээс эрчим хүч авах ямар ч шаардлага байхгүй. Хэ­рэв тэд эрчим хүч авахаас татгалзвал бид турбинаа зогсоох шаардлага гарна. Турбин зогссон тохиол­долд дахин цахилгаан гаргах хэмжээнд эргэтэл 24 цаг шаардлагатай. Харин бүрэн хүчин чад­лаараа ажиллах тохиол­долд одоогийнхоос хоёр дахин зардал нэмэгдэж, шөнийн цагт ОХУ дөрөв дахин эрчим хүч гаргах шаардлагатай. Энэ хэм­жээ­ний цахил­гааныг оросуудад мөнгө төлж байж гаргах шаард­лагатай тулгарна. Зарим улстөрчид ОХУ руу хямд үнэтэй цахилгаан гар­гахыг зогсоож, гэр хо­роол­лынхонд үнэгүй өгөх санал дэвшүүлдэг. Ха­рамсалтай  нь одоогийн суу­рилагдсан тоног тө­хөө­рөмжийн хүчин чадал ийм боломж олгодоггүй гэнэ.

Эрчим хүчнийхэнд тулгарч байгаа бас нэг бэрхшээл бол дулаал­гатай гэр байшинд олгох 50 хувь үнийн хямдрал­тай цахилгаан эрчим хүч. Хуулинд орсон ганц энэ заалтыг хэрэгжүүлэхэд арваад тэрбум төгрөг шаардлагатай. Ямар су­далгааг үндэслэж энэ заалт оруулсныг хэлэх хүн олдсонгүй. Эрчим хүчний салбарынхан "Хууль гарсан тул хэрэг­жүүлнэ" гээд сууж байна. Үнэн хэрэгтээ энэ заалт хэрэгжинэ гэдэг нь мар­гаантай. Учир нь одоо байгаа цахилгаан дам­жуу­лах тоног төхөөрөмж цай чанах төдий хэрэгцээ хангаж байна.   Өртгөө­сөө хямд ний­лүүлж байгаа цахил­гааны үнийг тал хувиар хямдруулна гэдэг нь нө­гөө хэдэн туйлдсан ца­хил­гаан станцуудаа л ниргэх гэсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна. Нүүрс, цахил­гааны үнэ зохио­мол байгаа өнөө цагт уурхай, цахилгаан стан­цуудад хөрөнгө оруулалт хийх боломж улам л хомсдож байна. Энэ нь цаашдаа нүүрсний ол­борлолт, цахилгаан ду­лааны үйлдвэрлэлийн найдвартай хангамж та­салдах аюул нүүрлэнэ гэсэн үг юм.

Манай улсын цахил­гааны хэрэглээний оргил үе нь 1989 он бай­сан гэнэ. Харин түүнээс хойш буурсаар 2008 онд л тухайн үеийн хэрэг­лээний түвшинд хүрчээ. Монголчуудын цахил­гаан хэрэглээ жилд арван хувиар нэмэгдэж байна. Дээр нь хэд хэдэн усан цахилгаан станц ойрын жилүүдэд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Энэ одоогийн бид байд­лаар монголчууд цахил­гаан эрчим хүчний хомс­долд ороогүй гэсэн үг юм. Судалгаагаар 2015 онд хомсдолд орох магад­лалтай. Гэхдээ энэ хуга­цаанд тав дахь эх үүсвэр ашиг­лалтад орно. Ингэс­нээр эрчим хүч­ний хомсд­лоос зайлс­хийж чадах юм. Гэхдээ энэ ондоо элдэв хэрүүл хараал­гүй­гээр ши­нэ үүс­вэрээ барьж эхэлж чадвал шүү дээ.


Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.