Би жүжигчин гэхдээ мэргэжлийнх биш
2011.09.19

Би жүжигчин гэхдээ мэргэжлийнх биш

Эрх чөлөөг эрхэмлэгч хүн гээч амьтан амьдралынхаа туршид хэдэн дүр бүтээдэг вэ?
ТОВЧХОН

Бяцхан зүйлийг <сүртэй> эргэцүүлэв

Би жүжигчин. Гэхдээ <мэргэжлийн> биш л дээ. <Мэргэжлийн> биш гэдгийн гол утга нь мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй мөртлөө жүжиглэдэг гэсэн үг.

Би шинэ танилтай болохдоо нууцлаг хүний дүрд тоглодог. Гэр бүлийнхнийхээ тухай, өөрийн хувийн мэдээллийг тэр бүр ярихгүй. Маш товчхон хариулт өгнө. Жаахан ичимхий юм шиг царайлж, нөгөө хүнээ ажиглаагүй юм шиг гярхай ажиглана. Шинэ танилынхаа тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байвал яриаг нь дэмжиж, олон талаас нь яриа өднө.

Ярилцлага авахдаа туршлагатай сэтгүүлчийн дүрд тоглоно. Сургуулиа төгсөөд удаагүй жаахан, <муу> сэтгүүлч гэж хэлүүлэхгүйн тулд <ухаалаг> асуулт асуух гэж хирэндээ хичээнэ. Ярилцагчийнхаа ярьж буй зүйлийг ойлгох, гогдоод авах санаа гараад ирвэл түүнээс нь ургуулан асуух эсвэл дараа нь ямар асуулт тавьж халаах вэ гэх зэргээр толгой ч ажиллана шүү.

Шийдэмгий, эрэмгий, шуурхай сэтгүүлчийн дүрд сайн тоглох болоогүй л байна. Өөрөөсөө өндөр потенциалтай хүнтэй ярилцахдаа барьц алдах мөртлөө сандраагүй хүний дүрд тоглох гэж хөглөнө дөө. Нөгөө хүнд мэдэгддэг л байх. Гэхдээ би мэдлэг муутай гэж өөрийгөө доошоо хийлгэхчихгүй гэсэн дээ яг тэр хүнийхээ түвшинд байж, энэ хүний ярьж байгаа зүйлийн талаар би урьд хожид хаана, хэзээ сонсож байлаа гээд тархиныхаа хуучин фолдеруудыг ухаж өгнө дөө.

Хамт олныхоо дунд даруу төлөв, бүтээлч, мэриймтгий ажилчны дүрд тоглоно. Зарим үед өөрийнхөө хувьд шинэ гэж бодсон санаачлагаа дэвшүүлэхийг оролдоно. Аль болохоор нийтэч, найрсаг байхыг хичээнэ. Удирдлагаа хүндлэгч, хамт олондоо үнэлэгдэхийг хичээгчийн дүр тоглоно. Зарим үед хатуухан шүүмжлүүлчихээд түүнийгээ засах гэж оролдогч болж жүжиглэнэ дээ. Алдаа засагчийн дүрд амжилттай тоглож чадвал магтуулагч, урамшуулагч болно.

Гэртээ сайн охины дүрд тоглоно. Гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өгөхийг хичээж, найзуудтайгаа ярьдаг задгай ярианаас татгалзана. Ээждээ цай барьж, хөлийг нь барьж, нүүрэнд нь массаж хийгээд л… Даараад ороход гэр бүлийн халуун дулаан уур амьсгал намайг угтдаг ч өдөр болгон тийм байхгүй нь ойлгомжтой. Тэр үед асуудлыг зохицуулагч, гарах гарцыг хайгч болж хувирна. Зарим үед би өөрөө тэр асуудлын гол эзэн болж багагүй шүүмжлэлд өртөх нь ч бий. Тэр бүрд гэрийнхэндээ хатуу үг, бяцхан гомдлын үг шидлэх боловч тун удалгүй өөрийн бурууг ухаарагч охины дүрд тоглоно.

Хайртай залуугийнхаа дэргэд энхрий, эрхэмсэг, халдаж боломгүй охины дүрд тоглоно. Зарим үед энэ байдлаа алдах гээд байдаг нь жаахан харамсалтай. Гомдох, туних, уурлах зүйл гарвал өөрийн үнэн дүр төрхөө мэдэгдчихээд хэцүү шүү. Өөрт нь таалагдахын тулд гоёсон мөртлөө гоёогүй, яг төрөлхийн юм шиг үзэсгэлэнтэй юм шиг санагдтал нь <уяраана>. Гэхдээ хэцүү, шийдэж чадахгүй асуудал тулгарвал чиглүүлэгч, зөвлөгчийн дүрд тоглоно. Айх, балмагдах зүйл гарвал эмзэг, мэдрэмтгий, аймхай болж, хамгаалуулагчийн дүр тоглоно.

Олон нийтийн газраар явахдаа биеэ зөв авч явагч болж, төв царай гаргана. Ялангуяа өндөр зэрэглэлийн газруудаар олны танил, од хүнтэй нэг цахилгаан шат, өрөөнд дайралдвал анзаараагүй юм шиг царайлж, гоё сайхныг нь гайхах, хачирхах зүйл гарсан ч хэвийн байдаг зүйл үзэж, харж буй мэт байхыг хичээнэ.

Найзуудынхаа дунд шинийг үзэж, дуулсан, хөгжилтэй найзын дүрд тоглоно. Асуудал гарсан анддаа зөвлөгөө өгөгч, их мэдэгч, туслагчийн дүрд сайн тоглож байна гэж боддог. Найзуудаасаа олж дуулсан сонин, адал явдал, хорвоогийн сонин хачин учрал, үйл явдлыг сонссоор байгаад бүхнийг үгүйсгэгч бус, хүлээн зөвшөөрөх хандлагатай хүн болж жүжиглэнэ. Тоглоом шоглоом даагч, хөгжилтэй хошин шогийн мэдрэмжтэй, бусдыгаа хөгжөөгчийн дүрд тоглоно. Цаашид ч тоглосоор байна байх.

Би өөрийнхөө хувьд дуу хөгжим сонирхогч, шинэ сонин зүйлийг үзэж судлагч, чимээ аниргүйг эрхэмлэгч, хийсэн хэлсэн үг, үйлдэлдээ үнэнч байхыг эрхэмлэгч, цэвэрч нямбай байдлыг баримтлагч, ганцаардлаас айгч, хэний ч тусламжинд үл найдагч юм шиг мөртлөө ганцаараа байвал ямар өчүүхэн амьтан болохоо мэдрэгч, дотоод сэтгэлээ сонсогч юм.

Хэн нэгний дор орохыг үл хүсэгч. Хайрлуулахыг хүсэгч. Амьдралаас надад өгч буй бүх боломжийг алдалгүй шүүрэхийг хүсэгч. Энэ л миний үнэн төрх юм шиг. Заримдаа залхахдаа юу ч хүлээн авахгүй, юу ч ойлгохгүй, бүх зүйлийг үгүйсгэгч муу хүний дүрийг ч бүтээдэг.

Тиймээ би олон олон дүр бүтээсэн, бүтээж байна, бүтээсээр байх болно. Энэ бүх дүрдээ гол, туслах зарим үед бүүр хэн ч бишийн дүрийг хүртэл бүтээж байлаа. Өөрийнхөөрөө байх гэдэг ер нь ямар утгатай юм бэ. Хүн болгон өөрийнхөөрөө байж чаддаг юм уу? Санаатай болон санаандгүйгээр амьдралд бид гол, туслах дүрүүдийг бүтээсээр байна. Бүтээж буй дүр нь хэн нэгэнд хал балгүй бол тэр эсрэг талын дүр биш. Бусдаар бол би өөрийн оршин амьдарч буй ертөнцдөө сайн гол дүрийг бүтээхийг хүсэгч.  Харин та?

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.