Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “ Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ
2011.09.21

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “ Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ

Жуулчид монголын үзэсгэлэнт газраар
ТОВЧХОН
  • Дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр ” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
  • Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм.
  • Дэлхийн аялал жуулчлалын өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор, аялал жуулчлал хөгжиж буй оронд зохиодог уламжлалтай.
Дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага  жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас (Тorremolinas city) хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос тэмдэглэж эхэлжээ.

Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм.

ДАЖБ нь дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн хандлага, хөгжлийн талаар судалгаа явуулж, талуудад мэдээлдгээс гадна талуудын тус салбарын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг НҮБ-ын харъяа төрөлжсөн байгууллагын нэг.

Монгол Улс 1990 онд тус байгууллагын гишүүнээр элссэн ч 2010 он хүртэл гишүүний татвараа төлөөгүй байсан тул санал өгөх эрх бүхий жинхэнэ гишүүн болж чадаагүй байв. БОАЖЯ-наас 2010 онд гишүүний татварыг нөхөн төлөх, ДАЖБ-тай хамтран ажиллах, тэднээс мэргэжил арга зүйн туслалцаа авах тал дээр анхааран ажилласны дүнд 2011 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан ДАЖБ-ын Ази Номхон далайн орнуудын XXIII хуралд Монгол Улс бүрэн эрхт гишүүн улсын хувиар оролцсон. Ингэснээр олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, аялал жуулчлал хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тус байгууллагын хэмжээнд танилцуулан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдсан.

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор, аялал жуулчлал хөгжиж буй оронд зохиодог уламжлалтай. Энэ жил “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор соёлын томоохон өлгий нутаг Египет улсын нийслэл Асван хэмээх аялал жуулчлалын бүс нутагт тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Энэ тэмдэглэлт өдөр БОАЖЯ, АЖҮТ-өөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон музейг гадаад дотоодынхонд үнэ төлбөргүй үзүүлэх, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музейг нээж олон нийтэд танилцуулах, аялал жуулчлалын мэргэжлээр оюутан бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд “Гранд тур” улсын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж
БОАЖЯ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.