Зуслангийн замын ачаалал буурах боломж бүрдлээ
2011.09.22

Зуслангийн замын ачаалал буурах боломж бүрдлээ

ТОВЧХОН
  • Нийт 12,7 км зам толь шиг зурайж байна. Гүүр нь ч мөн шинэ.
Бидний нэрлэж дадсанаар Сансарын Шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртлэх 6,7 км, тэндээсээ цааш дахин цоо шинэ замаар 6 км давхиад Шадивлангийн гүүр хүрлээ. Нийт 12,7 км зам толь шиг зурайж байна. Гүүр нь ч мөн шинэ. Улс орон маань хөгжлийн гараан дээр ирсэн, бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөж байгаагийн нэгээхэн илрэл болох автозамын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцлаа.

Дамбадаржаа хүртлэх 6,7 км татсан замыг манайхан Дарь-Эхийн зам гэдэг. 1970-аад онд ашиглалтад орсноос нь хойш ганц удаа ч гар хүрч засвар хийгээгүй энэ замын өргөн нь 7 метр байсныг энэ жил хоёр метрээр өргөтгөж шинэчлэн тавиад бүрэн дуусчээ.

 

Дамбадаржаагийн хийдийн баруун хаяанаас эхлээд Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх 6 км авто зам болоод гүүрийн ажил 85 хувьтай, ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад орох ч ирэх долоо хоногт ажил үндсэндээ дуусчихна хэмээн Нийслэлийн Авто замын газрын дарга О.Од Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагнахдаа хэлсэн юм. Автомашин зорчих хэсгийг шинэчлэхийн зэрэгцээ явган хүний замыг ч мөн тавьжээ.

 

1960-аад онд ашиглалтад орсон, Шадивлангийн модон гүүр 50 гаруй жилийн элэгдлээ даахгүй бараг нурж унах дөхөөд байсан юм.  Тэр орчмын айлууд гүүрээр машинтай гарахаасаа айдаг болоод удаж буй. Харин одоо энэ бүхэн түүх болон үлдэж байна. Модон гүүрийг засварлаж, бетонон гүүр тавихын зэрэгцээ шинэ зам татаж өгсөн нь хаяагаа улам тэлж буй хотын захын оршин суугчдын сэтгэлд хүрсэн ажил болжээ.  Өнгөрсөн хавар энэ замын шинэчлэлтийн ажилтай танилцаж байснаа Ерөнхий сайд хэлээд богино хугацаанд сайхан зам тавьсан байна гэж “Эйч Кей Би” холдинг  компанийн хамт олныг сайшаалаа. Мөн энэ шинэ зам, гүүрийн ажил дууссанаар хойд чиглэлийн зуслангийн замын ачаалал мэдэгдэхүйц буурах нь хамгийн том ололт  юм гэж замын ажилтай танилцах зуураа Засгийн газрын тэргүүн хэлж байлаа.

 

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 30 км замыг шинэчилсэн бол энэ жил энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ эрчээ алдахгүй ажиллаж чадах аваас 2013 он гэхэд Улаанбаатарын зам бүрэн шинэчлэгдэх боломжтой гэнэ. Энэ жил замын ажлын тендерийг эрт зарласан, санхүүжилтийг цагт нь өгч чадаж байгаа зэрэг нь ажил хугацаандаа дуусах болоод чанарт нөлөөлж байгаа талаар мэргэжилтнүүд Ерөнхий сайдад танилцуулаад эдгээр нь зам барилгын компаниудын хөрөнгө бэхжих, ажиллах хүчний чадвар нэмэгдэхэд нөлөөлж байгааг хэлж байлаа.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.