Тойргоор сонин юутай, иргэд юу хэлж байна?
2011.09.23

Тойргоор сонин юутай, иргэд юу хэлж байна?

ТОВЧХОН
УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагтаа хэрхэн ажилласан тухай, иргэд сонгогчид ямар асуудлыг гишүүдэд онцлон тавьж байгаа тухай байр суурийг нь цувралаар хүргэж байгаа билээ.
Ц.Цэнгэл: Боловсролын салбарт шүүмжлэлтэй хандаж байна
Иргэн бүрт олгох хувьцааг иргэд тодорхой болгоод өгөөч гэж ярьж байсан. Мөн боловсролын салбарт нэлээн шүүмжлэлтэй хандаж байна лээ. Орон нутгаас суралцаж байгаа оюутнуудын сургалт тааруу байна.Төгссөнийх нь дараа ажил олдохгүй байна гэж ярьж байна. Үүнийг цэгцэлж нэг мөр болгооч гэсэн саналыг иргэд дуулгаж байсан. Их, дээд сургуульд элсэн орох босгыг өндөр болгох талаар олон санал хэлсэн. Энэ нь малчдын амьдралд нөлөөлж байна. Зарим талаар малчдыг ядууралд оруулж байна. Тиймээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. Мөн “Хүний хөгжил сан”-гаас олгож буй мөнгийг эхний ээлжид ахмадууддаа өгч болдоггүй юмуу гэх мэт саналыг иргэд тавьсан.

С.Ламбаа: Хариуцлагын талаар гомдоллож байна

Юуны өмнө сумдын удирдлагуудын олонх нь байхгүй, сум эзэнгүй шахам, ажил маш цалгар назгай байна. Зарим эрхлэгч, эмч нарын мэдлэг боловсрол, хариуцлагын талаар иргэд  гомдоллож байна. Мөн төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилгын явц удааширч, засварын ажлыг дэндүү чанаргүй хийж буйг харлаа. Тухайлбал, Цахир сумын эмнэлгийн дээврийг шинээр сольж, дотоод засвар хийсэн гэх боловч ашиглалтад аваагүй байхад нь дусаал гоожчихсон байна. Түүнчлэн 2009 онд 100 гаруй сая төгрөгөөр засварласан сургуулийн барилга хагараад хүүхэд дарж гэмтээж мэдэхээр болсон байна. Чулуутын сургуулийн уурын зуухыг өнгөрсөн онд шинээр барьсан гэх боловч  нүүрс түлэх боломжгүй, хэчнээн машин мод түлээд ч сургуулиа халааж чадахааргүй зуух тавьчихсан байна. Ихтамир сумын сургуулийн  дотуур байрны суурь тавигдаагүй байна. Ажил хариуцсан дарга нарын  сахилга хариуцлага дэндүү сул байна. Зөвхөн манай салбарт л гэхэд Эрүүл мэндийн тухай хууль хэрэгжээд дөрвөн сар болж байхад хаягаа өөрчилсөн сум нэг ч алга. Зарим сумын эрхлэгч, эмч нар сайд нь эмнэлэг дээр нь ирчихээд байхад дарга нараараа  дуудуулж байж гэрээсээ ирж байх жишээтэй. Ийм ёс суртахуунгүй, хариуцлагагүй, сэтгэлгүй нөхөдтэй хатуу хариуцлага тооцохыг сумын удирдлагуудад үүрэг болголоо.

Д.Хаянхярваа: Гэр өгөөч гэж хvсдэг хүн бараг үгүй болж

Өмнө нь иргэдийг цуглуулж байгаад уулздаг байснаа энэ удаад иргэдийн хvсэлтээр ганцаарчлан уулзлаа. Ийм болохоор Дарханы гурван сумын багаар явж, 470 гаруй иргэнтэй ганцаарчилж уулзсан шүү. Иргэдээс гарсан саналыг нэгтгэн дvгнээд Засгийн газар, орон нутгийн төвшинд анхаарах асуудлыг холбогдох удирдлагуудад хүргүүлсэн. Иргэдтэй уулзаад явж байхад нэг зүйл ажиглагдлаа. Өмнө нь иргэд мөнгө, гэр өгөөч гэж хүсдэг байсан. Харин одоо ийм хүсэлт тавих хүн бараг байхгүй болжээ. Ажлын байртай болгох, жижиг бизнесийг дэмжих гээд ажил хэргийн шинжтэй яриа өрнөдөг болсон байна.Засгийн газрын төвшинд хэрэгжүүлж байгаа ажлын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй, сайд нар орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсохгүй байна гэсэн санал
хэллээ. Энэ дагуу Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн.
Эх сурвалж
News.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.