Сангийн яам “эрдэнэсийн арал”-тай болов
2011.09.26

Сангийн яам “эрдэнэсийн арал”-тай болов

ТОВЧХОН
Тэртээ 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залан, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Тэдгээр таван яамны нэг нь Сангийн яам билээ. Энэ жил Монгол улсад санхүү, эдийн засгийн алба үүсэн хөгжсөний буюу Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Тус яамныхан 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон бүтээлч ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Сангийн яам “Эрдэнэсийн арал” хэмээх нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дурсгалын багана босголоо.

Тус цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Г.Ариунбуян, болон Сангийн яамны хамт олон, яамны ахмадууд, хөдөө орон нутгийн санхүү төрийн сангийн төлөөллүүд оролцлоо.

 

Энэхүү Сангийн яамны дурсгалын багана нь Монгол улсын төсөв, мөнгө санхүүгийн үйл ажиллагаа өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт, үеийн үед өнө мөнх тасралтгүй үргэлжилж, улам арвижиж байхыг бэлгэдэн, гурван цагийн хэлхээ бүхий  бэлгэдлийг суурилуулж, оройд нь Монгол улсын төрийн бодлого, үйл хэргийг дээдлэн байхыг ерөөж, алтан соёмбыг суурилуулсан гурван тал бүхий суурьтай юм.  Түүнчлэн багананы гурван талуудад тэртээ 1911 онд Сангийн яамыг байгуулж байсан Богд эзэн хааны зарлиг, анхны Сангийн сайд Г.Чагдаржавын яамны тамгыг баталж байсан зарлиг хийгээд өнөө цагийн Сангийн яамны лого, 100 жилийн уриа зэргийг байрлуулсан байна.

“Эрдэнэсийн арал” цэцэрлэгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт /тавдугаар сургуулийн баруун талд/ бүтээн байгуулж байгаа бөгөөд орон сууцны дунд бүтээн байгуулж байгаагаараа илүү онцлогтой юм. Цэцэрлэгт хүрээлэн нь усан оргилуур, гүүрэн зам, мод зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай бүхий орчин үеийн маш тохилог талбай байгуулж өгсөнд оршин суугчид ихээхэн баяртай байгаагаа илэрхийлэхийн хамт сүүлийн үед орон сууцны дундах зай талбайг андахгүй байшин барилга барих, хүүхдийн тоглоомын талбай, машин зогсоолыг нураах болсон энэ үед, хог шороонд дарагдсан энэхүү талбайг газарт орж, байшин барилга баригдахаас хамгаалж, ийнхүү сайхан тохижуулж өгсөнд оршин суугчид ихэд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь ард иргэдийн амьдран байгаа орон сууцны орчимд байгуулагдаж, тэдний ая тухтай амрах алжаалаа тайлах тухтай орчин болохын зэрэгцээ энэхүү 100 жил бүхий түүхийг иргэд, хүүхэд залуучуудад таниулах, түүхээрээ бахархах хүмүүжлийг олгох ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа гэдэгт яамны хамт олон ихэд баяртай байгаа юм.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.