Сэлбэ гол ямар болох вэ
2011.09.28

Сэлбэ гол ямар болох вэ

Сэлбэ голын ойр орчим ийм сайхан болно
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг 100 айлын гүүрнээс арслантай гүүр хүртэлх хэсгийн урсацыг сайжруулахаар болжээ.
  • Мөн урсацыг сайжруулахын тулд газрын хөрснөөс хөндийрүүлэн бетон цутгаж, плёнк буюу газрын хөрсөнд үжирч мууддаггүй гялгар уутан дээгүүр усыг урсгана.
  • Сэлбэ голын урсацыг сайжруулах эхний ажлыг энэ оны 11 сард дуусгахаар төлөвлөжээ.
Арваадхан жилийн өмнө эргээ халин урсдаг байсан Сэлбэ гол өнөөдөр бороо хур багатай үед хатаж,тасардаг болоод байгаа. Тус гол ширгэж тасрах болсон нь олон шалтгаантай. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уур эрс өөрчлөгдөж, голын ойр орчмоор барилга байшин ихээр баригдаж, хог хаягдлаа замбараагүй хаяснаас үүдэлтэйгээр одоогийн нөхцөл байдал үүсээд байна.

Энэ байдлыг харгалзан Улаанбаатар хотын дундуур урсдаг 100 айлын гүүрнээс арслантай гүүр хүртэлх хэсгийн урсацыг сайжруулахаар болжээ. Ингэснээр Хэнтийн нурууны баруун хойд салбар уулсаас эхтэй 35 км-ын урттай Сэлбэ гол бүрэн эхээрээ урсах нь. Усны урсацыг хөрс болон үерийн ус ашиглан нэмэгдүүлэх шийдлийг төслийнхөн сонгожээ. Тухайлбал, Улаанбаатар хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/секунд хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлнэ.  

Мөн урсацыг сайжруулахын тулд газрын хөрснөөс хөндийрүүлэн бетон цутгаж, плёнк  буюу газрын хөрсөнд үжирч мууддаггүй гялгар уутан дээгүүр усыг урсгана. Харин өвөл хоёр хэсгийн 0.9 га талбайг мөсөн гулгуур болгон ашиглана. Зөвхөн урсацыг нь сайжруулаад зогсохгүй цэцэрлэгт хүрээлэн бий болгох юм байна.
Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар тус голыг сэргээж, урсацыг нэмэгдүүлэн, тохижуулж иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудын нэг болгохоор НЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ хамтран ажиллаж байна. Нийт 1,2 км замыг усан байгууламжаар тохижуулсанаар   хотын агаарын бохирдол, тоосжилт,хөрсний бохирдол, агаарын хуурайшилт, буурахад түлхэц болох юм.

Сэлбэ голын урсацыг сайжруулах эхний ажлыг энэ оны 11 сард дуусгахаар төлөвлөжээ. “Норбу” ХХК  компани гүйцэтгэж буй энэ ажлын явц 30 гаруй хувьтай явагдаж байгаа юм. Манай улсад ийм төрлийн ажил анх хийгдэж байгаа учраас ОХУ-аас энэ чиглэлээр 40 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжлийн  долоон инженерийг авчирч гэрээгээр ажиллуулж байна. Энэ төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт  хөрөнгө шаардагдана. Эхний ээлжийн тохижилтын ажилд нэг тэрбум 800 сая төгрөг зарцуулагдана. Үүний дийлэнхийг  улсын төсвөөс, үлдсэн хөрөнгийг Сүхбаатар дүүрэг болон Нийслэлээс  санхүүжүүлж байгаа юм.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.