Рио Тинто” УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэв
2011.09.28

Рио Тинто” УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэв

ТОВЧХОН
  • УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйл явдал” болсон гэж гишүүд үзлээ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг нэр бүхий гишүүд Ерөнхий сайд С.Батболдод гардуулсны дараа “Рио Тинто” группийн Монгол дахь төслийг хариуцагч Камерон Макрей “Монголын улстөрчид битгий шуналт” гэсэн ярилцлагыг хэвлэлд өгснийг  “УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйл явдал” болсон гэж гишүүд үзлээ.

“Монголын улстөрчид битгий шуналт” гэсэн гарчигтай ярилцлага Английн “The Australian” сонинд энэ сарын 12-нд хэвлэгдсэн юм байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн гишүүдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг бид хүчингүй болгох гээгүй, УИХ-аас баталсан хууль, тогтоол мөрдөгдөх ёстой гэж үзсэний үндсэн дээр 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлсэн. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлсний төлөө “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан удирдлага ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Үүнд бид зохих ёсны хариулт авах ёстой гэж үзэн “Рио Тинто”-д хаяглан нээлттэй захидал гаргаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Цөөхөн улстөрч шуналтахаа зогсоо гэсэн байна билээ. “Рио Тинто”-гийнхонд бид цөөхөн харагдаж болно. Гэхдээ Монголын ард түмний олонх нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхийн төлөө зогсож байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
-Монголын иргэн авлигын хэрэг ярихаар прокурор нь эрүү үүсгээд, шалгуулдаг юм билээ. “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирал “Монголын улстөрчид шуналтахаа зогсоо” гэсэн. Хэн нь шуналтаад илүү юм нэхээд байна вэ гэдгийг Эрүү үүсгэж шалгах хэрэгтэй. Бидний хувьд Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50-д хүргэхийг хүсэж байгаа. Оюутолгойн орд бол Монголын баялаг, тэгсэн атлаа монголчууд 34 хувийг эзэмшиж байна, ийм учраас 50 хувьд хүргэхийн төлөө илүү шуналтмаар байна.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэгчээр хөрөнгө оруулагчид ёстой өөрсдөө даварч байна. Яахаараа Оюутолгойн орд Монгол Улсын өмч байтал хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшээд, монголчууд өөрсдөө баялгийнхаа эзэн нь атал 34 хувийг эзэмших ёстой юм бэ. Сая би Архангай аймагт ажиллалаа. Ард иргэд асууж байна, “Яагаад Оюутолгойн орд монголынх байтал ийм хувь тэнцвэргүй гэрээг Засгийн газрын сайд нар хөрөнгө оруулагч талтай байгуулчихсан юм бэ. Цаад сайдууд чинь согтуу байсан юм уу, хаашаа юм” гэж...

Мөн хөрөнгө оруулагчид Монгол Улсын хуулийг мөрдөх ёстой. Гэтэл хуулийг мөрдөхгүй, зөрчиж байна. Есдүгээр сарын 27-нд “Рио Тинто нь “Айвенхоу майнз” компаниас Оюутолгойн хувьцааны 0.5 хувийг шилжүүлж авсан байгаа. 73 сая доллараар. Монголын талд мэдэгдэхгүй, зөвшөөрөл авахгүйгээр шүү. Энэ мөнгөнөөс нэг доллар ч Монголын талд шилжиж орж ирэхгүй. Уг нь энэ орд Монголын баялаг биз дээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-“Рио Тинто”-гийн Монголын талыг хариуцсан захирал “Монголын хууль, тогтоомжийг мөрдөж байгаа” гэж ярилцлага өгсөн байсан. Чухамдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэд, хэдэн хууль, тогтоомж зөрчсөн шүү дээ. Оюутолгойн ордын Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байхад, 2009 оны наймдугаар сард Засгийн газар Айвенхоу майнз монголина инк компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Техник эдийн засгийн үндэслэл нь дараа оных нь дөрвөн сард байгуулагдаж байх жишээтэй. Хоёрдугаарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Оюутолгойн анхан шатны санхүүгийн бүртгэл тооцоо англи хэл дээр бичигддэг. Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар бол санхүүгийн бүртгэл монгол дээр явах ёстой. Гуравдугаарт, бараа, бүтээгдэхүүн борлуулсан орлого бүгд гадаад руу гарахаар байгаа. Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын 1997 онд оруулж ирж байсан хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгойн ордын анхны хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллар байсан. Одоо долоон тэрбум ам.доллар болж өсөөд байна. Тийм учраас бид Ерөнхий сайдад УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хүрээнд Оюутолгойн ордын анхны хөрөнгө оруулалтыг нөхсөн даруйд Монголын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх. “Эрдэнэт”үйлдвэрийн зэсэнд ногдуулж байгаа Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг Оюутолгойд ногдуулах гэсэн зүй ёсны шаардлага тавьсан.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ 4000 ам.доллар байхад 4.8 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалт нөхөгдөнө. Хэрэв 6000 ам.долларт хүрвэл 2.8 жилийн дотор, 9000 ам.долларт хүрэхэд 2 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх бололцоотой байгаа. Гэтэл 30 жилийн дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэнэ гэж байгаа нь маш их зүйлийг монголчууд алдахад хүрч байна. Тийм учраас бид  шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зогсоно.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:
-УИХ-ын гишүүдийг Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлэнгүүт “Рио Тинто”-гийн зүгээс тун хачирхалтай мэдэгдэл хийлээ. Шуналтсан улстөрчдийнх нь шуналыг дараад байтал, дахиад шунаад байгаа юм уу гэж ойлгогдохоор.  Тийм учраас үнэхээр улстөрчид шуналтаад байгаа учраас ийм мэдэгдэл хийв үү, эсвэл 34 хувиа 50 хувьд хүргэхийн төлөө шаардлага хүргүүлсний төлөө ингэж мэдэгдэв үү гэдэгт тодорхой хариулт өгөх ёстой гэж үзэж байна.

Ийнхүү эрхэм гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор зөвхөн Засгийн газартай “тэмцээд” зогсохгүй “Рио Тинто”-г дуэльд дуудлаа. “Рио Тинто”-гийн зүгээс тодорхой тайлбар ирүүлж, уучлал гуйхгүй, нөгөөтэйгүүр Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол тууштай тэмцэнэ гэдгээ эцэст нь тэд дуу нэгтэй мэдэгдэж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.