Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Проф. Маттиес Айрихийг хүлээн авч уулзав
2011.09.30

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Проф. Маттиес Айрихийг хүлээн авч уулзав

ТОВЧХОН
  • 1. 2014 он гэхэд хүүхдийн бүх төрлийн хавдрыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилдэг болох, 2. Хүүхдийн цусны хавдрын үед ихээр хийгддэг эмчилгээний арга болох ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг ЭХЭМҮТ дээр хэрэгжүүлэх явдал юм.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ХБНГУ-ын Вурьцбургийн Их сургуулийн хүүхдийн эмнэлгийн хавдрын тасгийн эрхлэгч Проф. Маттиес Айрих, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр болон тус төвийн хүүхдийн эмнэлгийн захирал, их эмч нарын төлөөлөлтэй өчигдөр уулзаж ярилцав.

Уулзалтын эхэнд сайд С.Ламбаа ХБНГУ-ын Вурьцбургийн их сургуулийн хүүхдийн эмнэлэг хүүхдийн цусны хорт хавдартай тэмцэхэд Монгол улсад туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн явдалд проф. Айрихаар дамжуулж гүн талархал илэрхийлэв. 2011 оны 10 дугаар сард хэрэгжих ХБНГУ-ын Холбооны Канцлер хатагтай Ангела Меркелийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр дээрх хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж ажиллах талаар албан ёсны яриа хэлэлцээний сэдэвт оруулж байгаа тухай дурдав.

Проф. Айрих Монгол Улсад 2002 онд ирснээс хойш эрүүл мэндийн салбарт ихээхэн дэвшил гарч, Монгол Улсын бүхий л салбар хөгжлийн замдаа орсныг харахад таатай байгаагаа илэрхийлэв. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ХБНГУ-ын Вурьцбургийн их сургуулийн хүүхдийн эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн хооронд 2010-2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулсаны дагуу дагуу нэг жилийн хугацаанд ихээхэн ажил хийгдсэн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хүүхдийн цусны хорт хавдрын эмчилгээний протоколд ордог эмүүдийг үйлдвэрлэгчээс шууд худалдан авах тогтолцоог бий болгоход Эрүүл мэндийн сайд онцгойлон анхаарсан талаар цохон тэмдэглэв.

Тэрбээр гэрээний хүрээнд цаашид үндсэн хоёр чиглэлээр ажиллах саналтай байгаагаа хэллээ. Үүнд: 1. 2014 он гэхэд хүүхдийн бүх төрлийн хавдрыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилдэг болох, 2. Хүүхдийн цусны хавдрын үед ихээр хийгддэг эмчилгээний арга болох ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг ЭХЭМҮТ дээр хэрэгжүүлэх явдал юм.

Сайд С.Ламбаа УКТЭ-ийг түшиглэж элэг шилжүүлэн суулгах мэс заслын үндэсний баг байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хүн ам цөөтэй манай орны хувьд үндэсний нэг баг байвал илүү эдийн засгийн хувьд үр ашигтай, хөрөнгө хэмнэгдэх сайн талтай байдгийг онцоллоо. Тэрбээр цааш хэлэхдээ УКТЭ дээр тулгуурлан бүх гардан үйл ажиллагааг хийж харин мэс заслын бэлтгэл болон дараах асаргаа, сувилгааг ЭХЭМҮТ хариуцах нь зүйтэй хэмээн ЭМЯ-ны зүгээс үзэж байгаа талаар ярив.

Проф. Айрих чөмөг шилжүүлэн суулгахад мэс заслын том баг шаардлагагүй хийгээд гол нь цусны төв дээр донороос цусыг цуглуулж үүдэл эсүүдийг ялган авах нь чухал болохыг дурьдан, хүүхдийн цусны хорт хавдрыг эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж оруулах нь чухал шаардлагатай болохыг хэлээд Монголын нөхцөлд автолог буюу хүний өөрийнх нь цусыг авч өндөр тунгаар химийн эмчилгээ хийж, буцаан тухайн хүний биед суулгах арга нь илүү тохиромжтой болох талаар өөрийн саналыг илэрхийллээ.

Бусад орнуудад жилд 10-15 чөмөг шилжүүлэн суулгахыг дундаж гэж үздэг ба ЭХЭМҮТ-ийн хувьд энэ тооны хагалгааг хийхэд тоног төхөөрөмж, лаборатори, эмч сувилагч нарын хувьд шаардлага хангана гэж үзэж байгаагаа Проф. Айрих хэлэв.

Сайд С.Ламбаа ясны чөмөг шилжүүлэн суулгахад хөрөнгө мөнгө их шаардагдахаас гадна олон шатлалтай амаргүй ажил болохыг тэмдэглэхийн хамт Монгол улсад Цусны хоёр дахь төв байгуулагдахаар тоног төхөөрөмж, урвалж болон оношилуурыг авах зардлыг улсын төсөвт суулгасан тухай танилцуулав. Тэрбээр хүүхдийн хавдрын чиглэлээр Германы тоног төхөөрөмж, Европ стандартыг нэвтрүүлэх боломжийг судлан цаашид хамтран ажиллах нь зүйтэй болохыг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд сайд С.Ламбаа Монгол-Германы эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд цаашид хүүхдийн цусын хорт хавдрын үед ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэл ажлыг шат дараалалтай хангахад хамтран ажиллахаар тохирлоо.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.