Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулсан компанид  төрөөс тодорхой урамшуулал олгодог
2011.10.03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулсан компанид төрөөс тодорхой урамшуулал олгодог

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
ТОВЧХОН
  • Улсын хэмжээнд бүртгэлтэй 108 071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс хөдөлмөрийн насны 47000 гаруй иргэн байгаагаас 14 хувь нь буюу 26000 хүн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 18 сараас дээш хугацаагаар ажиллуулж буй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 144000 төгрөгийг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас танай компанид буцалтгүй тусламж болгон олгодог.
  • Танай байгууллага 25-аас дээш ажилтантай хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаггүй бол хариуцлага хүлээнэ.
Танай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг бол

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг хэлнэ."

Улсын хэмжээнд бүртгэлтэй 108 071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс хөдөлмөрийн насны 47000 гаруй иргэн байгаагаас 14 хувь нь буюу 26000 хүн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна. Танай байгууллага  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг бол дараах урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдана.

Аж ахуйн нэгж, компаниуд 50%-иас дээш хөдөлмөрлөх чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаснаар "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас тодорхой хөнгөлөлт урамшууллыг хүртэнэ гэж Монгол улсын "Хөдөлмөрийн тухай хууль"-д заасан байдаг. "Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн сан"-д  бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулж буй ажил олгогч нь тухайн "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-тай гэрээ байгуулдаг байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгосон эхний 6 сарын цалингийн 60%-ийг Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн буцаан олгодог.

Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хуулийн дагуу хагас жилээс дээш хугацаагаар ажиллуулсан бол дээрх хувьтай тэнцэх хэмжээний мөнгө танай байгууллагын дансанд буцаж байршина гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 18 сараас дээш хугацаагаар ажиллуулж буй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 144000 төгрөгийг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас танай компанид буцалтгүй тусламж болгон олгодог. Мөн тухайн иргэнийг дадлагажуулах замаар ажлын байраар хангасан бол гаргасан зардлыг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас байгууллагад буцаан олгодог.

Мөн түүнчлэн аж ахуйн нэгж, хувь хүн ажлын байр шинээр бий болгосон бол "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас хөнгөлөлттэй зээл авах эрхтэй болдог байна. Үүнд, Халамжийн байгууллагад  бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулбал  нэг хүний орон тоо тутамд нэг сая төгрөг зээлэх эрх үүснэ. Энэхүү зээлийг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаар дамжуулан авах бөгөөд хүү нь 1 хувь байдаг. Хэрвээ авсан зээлээ хугацаанд нь буцаан төлбөл зээлийн хүүг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас буцаан олгох журам байдаг. Өөрөөр хэлбэл танай байгууллага хариуцлагатай ажиллаж чадвал хүүгүй зээлээр бизнесээ өргөжүүлж болох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдаггүй бол

Танай байгууллага 25-аас дээш ажилтантай хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаггүй бол хариуцлага хүлээнэ. Монгол улсын "Хөдөлмөрийн тухай хууль"-д "25 ажилчин тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна" гэж заасан байдаг. 25-аас дээш тооны ажилчидтай хэрнээ тэр дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаггүй бол ажиллуулах ёстой орон тоо тутамд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг "Хөдөлмөр эрхлэх сан"-д торгууль болгон төлнө.

Тухайлбал танай байгууллага 100 ажилчинтай бол 4 хүний мөнгө болох 576000 төгрөгийг сар бүр "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-д тасралтгүй төлөх ёстой. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан  үйл ажиллагаа хэрэгцээнд зарцуулдаг байна.

Хоёр жилийн хугацаанд төлөөд нэг жил өнждөг ч ахиад ажиллуулаагүй байгаа тохиолдолд торгууль  төлсөөр  байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах нь танай байгууллагын нэг үүрэг юм. Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчих зам, талбай, үйлчилгээний газар ховор байдгаас тэдгээр хүмүүс нийгмийн харилцаанд тэр бүр оролцож чаддаггүй.
Иймээс 25-аас дээш ажилчидтай байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг бол тэдний нийгмийн асуудал хурдан шийдэгдэх болно.
Тухайлбал нэг байгууллага тэргэнцэртэй нэг ажилчныхаа орж гарах үүд хаалганаас эхлээд олон асуудлыг шийдсэнээр бусад байгууллага үлгэр жишээ авах нь дамжиггүй.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.