Улсын Их Хурлын энэ удаагийн чуулган мөнгөний амлалтыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгмийн асуудлуудад онцгой анхаарал тавина
2011.10.03

Улсын Их Хурлын энэ удаагийн чуулган мөнгөний амлалтыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгмийн асуудлуудад онцгой анхаарал тавина

ТОВЧХОН
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАМДИНГИЙН ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ

 

2011.10.03                                                                     Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо,


Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье.

Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит чуулган ихээхэн онцлогтой нөхцөл байдалд ажлаа эхэлж байна. Бид хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хангах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг авч, энэ парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн батална. Нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудын шийдлийг гаргаж, ирэх оны зорилтуудыг тодорхойлох хэрэгтэй байна. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, ээлжит сонгуульд улс төрийн намууд бэлтгэх боломжийг бүрдүүлэх болно.

 

Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүр намрын их ажлыг нугалах, өвлийн бэлтгэлийг хангахаар зав чөлөөгүй хөдөлмөрлөж байгаа цаг мөчид чуулганыхаа ажиллагааг эхлүүлж байна. Ийм болохоор бид ч бас ард иргэдтэйгээ зэрэгцэн цаг хугацаатай уралдан “ургац”-аа хураах ажилд шамдах хэрэгтэй байна. Улсын Их Хурлын хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэн тогтсон асуудлын хүрээнд энэ удаагийн чуулганаар шийдвэрлэх асуудлын дарааллыг тогтоолоо. Энэ нь Та бүхний гар дээр очсон байгаа.

 

Манай орны эдийн засаг, нийгмийн амьдралд олон сайхан нааштай өөрчлөлт гарч байгааг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн аймаг, нийслэл, сум, багт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзах явцдаа анзаарч мэдэрсэн байх аа.

 

Бид хөдөө аж ахуйн талаар томоохон амжилтад хүрээд байна. Энэ онд 13 сая төл хүлээн авсан нь урьд хожид байгаагүй үзүүлэлт юм. Ургац хураалтын явцаас үзэхэд 480-аад мянган тонн үр тариа хураахаар байгаа нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 130-аад мянган тонн буудайн нөөц бүрдүүлэх боломжтой болжээ. Гурилын үйлдвэрлэл 2 дахин өсжээ. Ингэснээр гадаадаас авах гурил, улаан буудайг 2 дахин, төмсийг 4 дахин буурууллаа.

 

Уул уурхайн хөрөнгө оруулалт илтэд нэмэгдлээ. Бүтээн байгуулалтын ажил далайцтай явагдаж байна. Сүүлийн 2 жилд нүүрсний олборлолт 3 дахин нэмэгдэж, улсын нийт экспортын 40 хувийг эзлэх болов. Эдийн засаг дан ганц зэс, түүний үнийн өсөлтөөс хамааралтай гэсэн ойлголт өөрчлөгдөж байна. Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг суурь салбаруудын нааштай үр дүн нь худалдаа, үйлчилгээ, зам тээвэр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбаруудын өсөлт, сэргэлтийг дагуулж байна.

 

Эдийн засгийн өсөлтийг энэ онд бид 7.8 хувиар төлөвлөсөн нь Засгийн газрын тооцсоноор 12 хувь болж нэмэгдэх нь ээ. Төсөв, банк, санхүүгийн үзүүлэлт урьд урьдынхаас сайжирсан дүнтэй байна. Хэрэглээний үнийн өсөлт оны эхнээс 5,2 хувьтай байгаа нь инфляцыг нэг оронтой тоонд барьж, хүн амын бодит орлогыг хангах гэсэн бидний хүсэл зорилгод бүрэн нийцэх юм. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзэхэд хүн амын бодит орлого сүүлийн 4 жилд 2 дахин өсжээ. Үүний зонхилох нь сүүлийн жилийн ажлын үр дүнгээр гарчээ.

 

Эрхэм гишүүд ээ, энэ бүхнийг дурьдахдаа би бүх зүйл бэрхшээлгүй, болж бүтэж байна гэж хэлэх гээд байгаа юм биш. Гагцхүү төрийн бодлогын хэрэгжилт чамлахааргүй байна гэдгийг тэмдэглэх гэсэн юм. Ололтоо бататгах, хүрсэн түвшинг улам ахиулах, бэрхшээл дутагдлыг олж харж, түүнийг гэтлэх арга замыг тодорхойлох нь Та бидний үүрэг ээ. Бодит салбарын хөгжлийн хурдцыг дагаж шийдвэрлэгдэх учиртай дэд бүтцийн асуудлуудад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Үйлдвэрлэл, уул уурхайн бүтээн байгуулалт цогцолж буй бүс нутгуудад сургууль, эмнэлэг, соёл, цахилгаан эрчим хүч зэрэг нийгмийн болон дэд бүтцийн талаар зайлшгүй хийгдэх ажлууд хугацаа алдан хоцорч байна. Улсын Их Хурлын удаа дараагийн шийдвэр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт орхигдон хойш тавигдсаар байна. Энэ нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангах, ажлын байр олноор бий болгох боломжийг алдаж байна гэсэн үг.

 

Оюутолгой, Тавантолгойн стратегийн ордыг ашиглах асуудал Монголын олон нийтийн анхаарлын төвд байна. Оюутолгойн талаар Улсын Их Хурал өөрийнхөө гаргасан 57 дугаар тогтоолоо хэрэгжүүлэх тэр байр суурин дээрээ байгаа. Улсын Их Хурал Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө энэ талаар тавих шаардлага, нөхцөлөө нийтэд тодорхой болгож, түүнийгээ баталгаажуулсан шийдвэр гаргасан билээ. Үүнийг Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийсэн тал сайн мэдэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Бидэнтэй хамтран ажиллагч алив улс орон, нэр хүндтэй байгууллага, компаниуд Монгол төрийн шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг. Тэр уламжлалыг дагаж Улсын Их Хурлын гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх талаар хоёр тал буурь суурьтай ярилцах ёстой. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал Оюутолгойн 50-иас доошгүй хувийг эзэмших талаар Улсын Их Хурлын шийдвэрт тусгагдсан заалт зарчмын бөгөөд бас шударга гэж бид үзэж байна. Олон жил хамтран ажиллах түншлэгчдийн бие биедээ хүндэтгэлтэй хандах соёлтой харилцаа нь Оюутолгойн зэснээс ч илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгож ажиллавал зохино.

Тавантолгойн талаар Улсын Их Хурал тодорхой чиглэл бүхий тогтоол гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг аль 2010 оны намрын чуулганд оруулж хэлэлцүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Тавантолгойн баялгийг ашиглахад гадаад орнуудын оролцоог зохицуулах, үндэсний компани байгууллага болон иргэдийн эрх ашгийг зөв шийдвэрлэх зохистой бодлогыг бид явуулах ёстой. Хууль, Улсын Их Хурлын гаргасан шийдвэрийн хүрээнд нухацтай боловсруулсан гэрээний төсөл, саналыг Улсын Их Хурал Засгийн газраасаа хүлээж байна. Асуудлыг хамтарсан Засгийн газрын үед шийдвэрлэнэ гэж өдий хүрснийг Засгийн газрын гишүүд ойлгож байгаа байх аа.

 

Гишүүд ээ, амласнаа биелүүлж, ам ажлын нэгдлийг хангаж ажиллах нь бидний нэн тэргүүний үүрэг, бас нэр төрийн ч хэрэг. Иргэдэд 1.5 сая төгрөгний хишиг, хувь хүртээх тухай 2008 оны сонгуулийн амлалтыг 2012 оны сонгуулийн өмнө хангасан байх ёстой. Иргэн бүрт сар бүр бэлнээр олгож буй одоогийн 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Ийм байдлаар нэг иргэнд нийт дүнгээр 500 мянган төгрөг өгөх боломжтой боллоо. Үлдэх нэг саяыг үнэ ханшийн хөөрөгдөл үүсгэхгүй, эдийн засагт эрсдэл дарамт учруулахгүйгээр оновчтой шийдвэрлэх шаардлага гарч байна. Тэгэхдээ ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээтэй үедээ бэлэн мөнгөө авах боломж олгох нь зүйтэй юм. Хүний хөгжил сангийн тухай хуульд зааснаар хувьцаа өгөх, эрүүл мэндийн болон өндөр настны даатгалын үйлчилгээ худалдан авах, оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэх талаар Засгийн газрын оруулж буй саналыг дэмжих зүйтэй гэж үзэж байна.

 

Улсын Их Хурлын энэ удаагийн чуулган мөнгөний амлалтыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгмийн асуудлуудад онцгой анхаарал тавьж, нэмэлт арга хэмжээ авах болно.

Амьдралын бодит шаардлага, хэрэгцээ болж байгаа цалин, тэтгэврийг зохих хэмжээгээр нэмэгдүүлнэ ээ. Төрийн албан хаагчид, тэтгэврийн ахмадууд “зээлийн дарамтын дор” амьдарч байна гэдэг гомдол, шүүмжлэл ч иргэдийн дундаас нэлээд гарах боллоо. Үнэхээр ч өнөөдөр 150 мянган хүн цалингийн, 160 шахам мянган хүн тэтгэврийн зээлтэй байна. Зүй нь төрийн албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцэх хэмжээтэй байх ёстой. Төрийн албан хаагчдын цалинг тэдний хөдөлмөрлөх урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын хариуцлага, санаачилгыг өндөржүүлэх, аливаад шан харамж, гар харсан байдалд хүргэхгүй байх түвшинд байлгах нь төрийн өөрийнх нь үүрэг юм. Би орон тоог нэмээд байя гэж хэлэх гээгүй байна. Цалин нэмэх нь хувийн хэвшлийг хөлдөө чирэх, инфляци хөөрөгдөх юм шиг нэг талын ойлголт бий. Ийм сэрэмжлүүлэг байдаг ч манай орны тухайд хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлэх, хөдөлмөрийн сайн үр дүнд хүргэхэд эдийн засгийн энэ хүчирхэг хөшүүрэг шийдвэрлэх үүрэгтэй болох нь харагдаж байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг зохих түвшинд гаргах бодлогыг баримтлах болно. Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ ахмад настнуудаас удаа дараа тавьж байгаа тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг хамтад нь авах ёстой. Үүнд цэргийн албан хаагчдын тэтгэврийн зөрүүг арилгах асуудал ч нэгэн адил хамаарна.

Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн цаашдын өсөлтийг хангаж, ирээдүйд тодорхой амжилтад хүрэх, гарч болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлээр зөв тодорхойлох нь нэн чухал байна. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн зарчмыг хатуу баримтлах, макро эдийн засгийн бодлого, параметрүүдийг уялдуулан зохицуулж, стратегийн томоохон орд газруудыг ашиглах, тэдгээрийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлогыг нарийвчлан тодорхойлох замаар 2012 оны төсвийг хэлэлцэж батлах хариуцлагатай зорилт Та бидний өмнө тулгарч байна. Манай орны эдийн засгийн хурдацтай өсөлтөөс үүдэлтэй дотоодод эдийн засгийн хэт халалт, “хөөс”, инфляцын өсөлт, гадаад талаас олон улсын эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүйг тооцож, хамгаалалтын шинэ арга хэмжээнүүдийг төсөв, мөнгөний бодлогод тусгах нь зүйтэй. Үнэндээ бид эрсдэлтэй ертөнцөд ажиллаж, амьдарч байна.

Монгол Улсын гадаад валютын нийт нөөц 2,6 тэрбум долларт хүрсэн нь хамгаалалтын нэг чухал хэрэгсэл болох нь мэдээж. Гэхдээ хуримтлалыг улам нэмэгдүүлэх боломж бий. Болзошгүй эрсдлээс хамгаалах үүднээс Монголбанк болон арилжааны банкууд мөнгөн хуримтлал, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж зээлийн багцуудаа хянан үзэх замаар эрсдлийг даах чадвартай байх ёстой. Засгийн газар нөөц сангуудаа гаргасан хууль шийдвэрийн хүрээнд бүрдүүлж ажиллавал зохино. Төрийн мөнгөний бодлогыг үнийн өсөлтийг хязгаарлах, инфляцыг хөөрөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэх болно. Макро түвшний бодлогыг зөв явуулснаар бид хүрсэн амжилтаа улам бататгаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Ирэх 2012 он бол сонгуулийн жил ээ. Урьд урьдын байдлаас үзэхэд хэт улстөржиж, ард нийтийн анхаарлыг бодит ажлаас хөндийрүүлэн ажил цалгардуулдаг дутагдлыг бид давтах ёсгүй. Харин ч эдийн засгийн хөгжлийн хурдцыг хадгалж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр ажилдаа улам бүр шамдан, үр дүнд хүргэх зорилтыг хангах хэрэгтэй байна.

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг нэн даруй батлан гаргаж, сонгуулийн бэлтгэлийг хангуулах нь Та бидний эхний ээлжинд шийдвэрлэх зорилт юм. Сонгууль мөнгөний эрхшээл дор явагддаг дутагдлыг засах ёстой гэж би удаа дараа сануулсаар байгаа билээ. Улс төрийн намууд 2012 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуульд мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байх талаар тохиролцож санамж бичиг байгуулсан. Үүнийг сонгуулийн хуульд тусгаж баталгаажуулах болно. Улсын Их Хурал дахь Монгол Ардын Нам, Ардчилсан намын бүлэг энэ намрын чуулганы эхэнд сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэхээ тохирч, ард түмэндээ ил тодоор зарласан. Энэ ч бас амлалт. Ийнхүү нийтэд зарласан амлалтаа хэрэгжүүлэх л үлдээд байгааг сануулъя.

Үндсэн хуулийн зарим өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс хэд хэдэн хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлаас нэгдсэн ажлын хэсэг гарч тодорхой төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авахаар илгээлээ.

Мөн Улс төрийн намуудын харилцан ойлголцлын дээрх санамж бичигт “Монгол Улсын сонгож авсан парламентын засаглал нь үндэсний язгуур эрх ашигт нийцэж байгааг санал нэгтэй тэмдэглээд парламентын тогтолцоог төгөлдөржүүлж, улс төрийн системийг боловсронгуй болгож, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх” чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, есөн намын дарга гарын үсэг зурсан. Эдгээр төсөл, санаачилгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэж болох юм гэж үзэж байна.

Улс орны эдийн засгийн хөгжилд хувийн хэвшил жинтэй хувь нэмэр оруулдаг боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Үүний хамт төрөөс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд л гэхэд бараг нэг их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн. Ирэх онд ч ажил улам нэмэгдэхээр байна. Хувийн хэвшлийнхний өөрсдөө бие даан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэх чадамж нь дээшилжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, компанийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс Улсын Их Хурал компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах болно.

Энэ чуулганаараа бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, алслагдсан болон говийн бүсийн иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах нөхцөл боломжийг сайжруулах тухай, эрүүл мэндийн болон жолоочийн хариуцлагын даатгалын тухай, хот суурины усны хангамжийн тухай, түүнчлэн шүүх, цагдаагийн шинэчлэлтэй холбоотой хуулиудыг хэлэлцэж батлахаар байна.

Энэ бүхнээс үзэхэд бид улс орныхоо хөгжил дэвшлийг улам урагшлуулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлогын олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Та биднийг амаргүй их ажил хүлээж байна. Өндөр хариуцлагатай ажиллацгаая.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.