Эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна
2011.10.05

Эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

Эрчим хүч
ТОВЧХОН
  • Түлшний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэлийн явц 90 хувьд хүрсэн бөгөөд Багануурын уурхай 90, Шарын гол 87,6, Шивээ-Овоо 91,5, Адуунчулууны уурхай 89,5, хувьтай байна.

Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав. Үүнтэй холбогдуулан түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 11 дүгээр сарын 01-ний дотор дуусгахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Дулааны станцуудын нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан нүүрс гаргах, вагоноор тасралтгүй хангах, нүүрс хүлээн авах ажлыг сайтар зохион байгуулж дээр дурдсан хугацаа гэхэд 20 хоногийн нөөцтэй болгохыг мөн даалгасан байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцад дутагдаж байгаа дизелийн түлшний 120 сая төгрөгийн татаасыг ч шийдвэрлэхээр боллоо. Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж байгаа дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах болсон байна.  

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн явц 9 дүгээр сарын 20-ны байдлаар 85 хувьтай байна. Дулааны станц, шугам сүлжээний тоноглолын их засвар, шинэчлэлийн ажлын явц 87, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийнх 70 хувьд хүрчээ. 2009 оноос “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож эхэлснээр станц, уурхайн хоорондын төлбөрийн хүндрэл арилж байна. Салбарын хэмжээнд дулааны цахилгаан станцууд 21 хоногийн нүүрсний нөөцтэй болжээ.

Төвлөрсөн дулаан хангамжтай 5 аймаг, 1 сум өвлийн бэлтгэлээ графикийн дагуу хийж байна. Харин өнгөрсөн өвөл гал алдаж багагүй хүндрэл учруулж байсан Увс аймгийн Улаангом хотын дулааны хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өвлийн бэлтгэлийг нь хангуулах зорилгоор Эрчим хүчний газар, “Увс дулааны станц”-тай 1 жилийн гэрээ байгуулан ажиллаж засвараа бүрэн хийж дуусжээ.

Дизель станцтай Завхан аймгийн Улиастай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг эрчим хүчний  үйлдвэрүүдийн дизель болон цахилгаан шугам сүлжээний их засвар 80-85 хувьтай байна. “Есөнбулаг эрчим хүч” компанид төсвийн хөрөнгөөр шинээр хоёр дизель станц суурилуулсан бөгөөд 25 хоногийн түлшний нөөцтэй болжээ. Харин Улиастай 24 хоногийн нөөцтэй байна.

Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдын нар, салхи хосолсон цахилгаан станцад горимын тохируулга болон засвар үйлчилгээг хийж дуусжээ. Түлшний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэлийн явц 90 хувьд хүрсэн бөгөөд Багануурын уурхай 90, Шарын гол 87,6, Шивээ-Овоо 91,5, Адуунчулууны уурхай 89,5, хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.