Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдгийг хязгаарлах нь зүйтэй гэж гишүүд үзжээ
2011.11.07

Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдгийг хязгаарлах нь зүйтэй гэж гишүүд үзжээ

ТОВЧХОН
  • Дуртай газраа авто зам тавьж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдгийг хязгаарлах нь зүйтэй гэж гишүүд үзжээ

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ирэх оны төсөвт тусгаж байгаа хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, зөв зохистой зүйлд зарцуулах, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх салбар руу чиглүүлэх, бололцоотой бол хуримтлал бий болгох зэрэг саналыг гишүүдийн зүгээс гаргалаа. Мөн төсвийн урсгал зардлыг багасгах талаар тодорхой саналуудыг гаргав. Тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлэг орохгүйгээр зөвхөн төрийн албаны конторын барилга барихад 150 тэрбум төгрөг тусгасан байгааг гишүүд шүүмжилсэн юм. Иргэдээ орон сууцжуулах томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ үед төр өөрөө төсвийн мөнгөөр барилга барих нь эргээд энэ үйл ажиллагаагаа хязгаарлах, үнэ хөөрөгдөх, барилгын материал нийлүүлдэг боомтын ачааллыг ихэсгэж түгжээ үүсгэх урьдач нөхцөл болно гэж үзсэн юм. Мөн авто зам барихдаа  хэвтээ, босоо тэнхлэгт нийцэж байгаа эсэх, эдийн засгийн хөгжил дагуулах эсэх гэсэн гол шалгууруудыг харгалзах шаардлагатай. Дуртай газраа авто зам тавьж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдгийг хязгаарлах нь зүйтэй гэж гишүүд үзэж байна. Гадаад, дотоод томилгооны зардлыг ч бас бууруурах санал гаргалаа.

 

Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь ахлагчтай байгуулагдсан бүлгийн ажлын хэсгийн боловсруулсан мэдээллийг сонсож ирэх Лхагва гаригт бүлгийн ээлжит бус хуралдаанаар санал, дүгнэлтийн талаар дахин ярилцахаар боллоо.

 

Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай”, “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Уг хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Ц.Баярсайханаар ахлуулсан бүлгийн ажлыг хэсгийг байгуулж санал, дүгнэлт бэлтгэх үүрэг өглөө.

 

Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар зөвшилцөх болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах бүлгийн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.