Олон нийтэд түшиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвийг Хүүхдийн төлөө газарт шилжүүллээ
2011.11.09

Олон нийтэд түшиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвийг Хүүхдийн төлөө газарт шилжүүллээ

хөнжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
ТОВЧХОН
  • Төвийн зорилго нь Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, тэдний гэр бүл эцэг эхчүүдийг чадваржуулахад оршиж байгаа

Их Британийн Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Олон нийтэд түшиглэсэн нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэх төвийг 2007 онд анх байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд 2010 онд тус төвийг Адра-Монгол ОУБ хүлээн авч, “Словак эйд” байгууллагын тусламжтайгаар загвар төсөл хэрэгжүүлсэн болно.

Төвийн зорилго нь Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, тэдний гэр бүл эцэг эхчүүдийг чадваржуулахад оршиж байгаа бөгөөд Адра ОУБ нь тус төвийг Хүүхдийг ивээх сангаас анх хүлээн авсан гэрээний нөхцлийн дагуу 2011 оны 11-р сарын 1-нээс эхлэн Хүүхдийн төлөө газарт шилжүүлж байна.

Төслийн хүрээнд хүүхдэд тохиолдох хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг эрт хугацаанд нь оношлуулахын ач холбогдлыг таниулах, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийг илрүүлэх, үйлчилгээнд хамруулах, ХБХ /хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд/-ийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хангахад нөлөөлөх, нөхөн сэргээх үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг тус төвөөр дамжуулан хэрэгжүүлсээр иржээ.

Мөн хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан бүлгийн болон ганцаарчилсан сургалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ нь хөдөлгөөн засал / массаж, хөдөлгөөний биеийн тамир/, ахуй засал /амьдрах дадал, харилцааны чадвар, хөгжүүлэх сургалт/, нийгмийн ажлын үйлчилгээ /холбон зуучлах, гэрийн сургалт/ зэрэг олон хэлбэрээр явагддаг байна.

Төвөөр үйлчлүүлэгч хүүхдийн эцэг эхчүүд, олон нийтэд зориулан ХБХ-ийн онцлогт тохирсон арчилгаа үйлчилгээнд хүүхэдтэй нь хамт байлган дагалдан сургах, эцэг эхийг амьдрах ухаанд сургах төрөл бүрийн сургалтанд хамруулж чадвахжуулах, орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа /мэргэжлийн болон бичил бизнесийн/ сургалтанд хамруулах, сайн дурын ажилтан бэлтгэж, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч үйлчлэх зэргээр амжилттай ажиллаж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар тус төвийг хүлээн авснаар зорилго, зориулалт, хүний нөөцийг өөрчлөхгүйгээр олон улсын байгууллагын туршлага, арга зүйг төрөөс санхүүжүүлэн үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Энэ төв нь олон улсын байгууллагаас төрийн байгууллагад шилжиж буй 5 дахь төв болон үргэлжлэн ажиллах юм.

Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.