Автомашинаас дахин цацрагийн бохирдол илэрчээ
2011.11.24

Автомашинаас дахин цацрагийн бохирдол илэрчээ

Автомашинаас дахин цацрагийн бохирдол илэрчээ
ТОВЧХОН
  • Тэгвэл энэ сард мөн л цацрагийн бохирдол автомашинуудаас илэрчээ.
  • . Мөн энэ сарын 19-ний байдлаар хяналт шалгалтад нийт 3871 автомашиныг хамруулснаас 20 машинд бага зэрэг цацрагийн бохирдол илэрсэн.

Өнгөрсөн есдүгээр сард Япон улсаас импортоор орж ирсэн автомашинуудаас цацрагийн бохирдол илэрч байсан. Тэгвэл энэ сард мөн л цацрагийн бохирдол автомашинуудаас илэрчээ. Энэ талаар Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын хэлтсийн дарга Н.Оюунтүлхүүрээс тодруулсан юм.

-Япон улсаас оруулж ирсэн автомашинуудаас дахин цацраг идэвхт бодис илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Нийслэлийн Гаалийн газар, НМХГ-ын хүсэлтээр Цөмийн энергийн газар нь Гаалийн газартай хамтарч Япон улсаас импортлож байгаа автомашинд энэ оны наймдугаар сарын 25-наас эхлэн цацрагийн хяналт, шалгалт хийж эхэлсэн. Мөн энэ сарын 19-ний байдлаар хяналт шалгалтад нийт 3871 автомашиныг хамруулснаас 20 машинд бага зэрэг цацрагийн бохирдол илэрсэн. Энэ нь Монгол Улсын стандартын шаардлагыг хангаагүй тул дээрх автомашинуудыг гаалийн хяналтын бүсэд түр саатуулсан юм.

-Зөвхөн Японоос орж ирж байгаа машинаас л илэрч байна уу?

-Хяналтад зөвхөн Японоос импортолж буй автомашиныг хамруулсан.

-Цацраг идэвхт бодис илэрсэн автомашиныг хэрхэн цэвэрлэдэг вэ?

-Цацраг идэвхжлийг цэвэрлэх, идэвхгүйжүүлэх олон арга бий. Ямар төрлийн изотопоор яаж бохирдсоноос хамаарч цэвэрлэх аргууд нь харилцан адилгүй байдаг. Дээрх автомашинуудын хувьд цацраг идэвхт цези-137, цези-134 изотопуудаар зарим эд анги, гадаргуу нь бохирдсон байсан. Үүнээс эхний үед илэрсэн найман автомашины цацрагийн бохирдлыг арилгах, цэвэрлэгээ хийх ажлыг ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бүрэлдэхүүнтэй хамтран есдүгээр сарын 23-26-ны хооронд ажилласан. Үүнд цэвэрлэгээний уусмалууд ашиглан бохирдлыг арилгаж автомашиныг эздэд нь буцаан олгосон.

-Цацраг идэвхт бодисын хэмжээ ямар байвал хүний биед аюултай вэ?

-Цацраг идэвхт бодисын зөвшөөрөгдөх хэмжээ нь мөн изотопийн төрөл болон биеийн дотоод, гадаад шарлагын хэлбэрээс хамаарч харилцан адилгүй байдаг. Бохирдсон автомашинуудын хувьд “Цацрагийн хамгаалалт, Гадаргын бохирдолтын байж болох хэмжээ” /МNS 5630:2006/ үндэсний стандартад зааснаар “бета идэвхт изотоп нь тээврийн хэрэгслийн гадарга”-д 100 бөөм/см2 *мин-аас ихгүй байх ёстой. Иргэдийг үндэслэлгүйгээр ямар нэг шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархаахгүй байх зорилгоор стандартын хэмжээнээс хэтэрсэн бохирдол бүхий автомашинуудыг гаалийн хяналтын бүсэд саатуулж, холбогдох арга хэмжээг авсан.

-Өнгөрөгч 10, 11 дүгээр сард илэрсэн машинуудын тухай товч мэдээлбэл?

-Есдүгээр сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 19-нд нийт 2128 автомашиныг хэмжилтэд хамруулснаас стандартын шаардлага хангаагүй 12 автомашиныг илрүүлсэн. Үүнээс 10 автомашиныг ОБЕГ-ын Аврах тусгай ангийн холбогдох ажилтнуудтай хамтран энэ сарын 17-19-ний өдрүүдэд цэвэрлэх ажлыг зохион байгуулсан юм. Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран шингэн уусмалаар цэвэрлэх боломжгүй байсан тул хуурай аргаар цэвэрлэгээг хийсэн. Энэ аргаар цэвэрлэх боломжгүй зарим эд, ангийг салган авч, машиныг эздэд нь олгосон. Бохирдлыг цэвэрлэх боломжгүй болон хуулийн байгууллагаар шалгаж тодруулах шаардлага гарсан шалтгаанаар хоёр автомашиныг цэвэрлэгээнд хамруулаагүй.

- Энэ тоо цаашдаа өсөх хандлага бий юу?

-Цөмийн энергийн газраас холбогдох бусад төрийн байгуул­лагуудтай хамтран цаашид цацрагийн бохирдолтой автомашин импортлохыг зогсоох талаар олон арга хэмжээг авч байна. Бохирдол­той автомашины тоо цаашид буурах байх гэж найдаж байна. Учир нь Япон улсын зүгээс экспортод гаргаж буй автомашинуудад цацрагийн хэмжилт хийж, тусгай наалт хийж байгаа талаар манай байгууллагад мэдээлсэн байгаа. Түүнчлэн импортлогчид автомашин худалдан авахдаа цацрагийн хэмжилт хийлгэх шаардлагатай байна.

-Японоос ирж буй зорчигчдоос бохирдол илэрсэн үү?

-Японд болсон байгалийн гамшгийн дараагаар Фукушимагийн АЦС-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс Цөмийн энергийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайн үед гадаадаас ирж буй зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хяналт, хэмжилтийг МХЕГ-тай хамтран хийж байсан. Тэр үед зарим зорчигчийн ачаа, тээшинд цацрагийн бохирдол илэрч байсан.

-Ямар бүрэлдэхүүнтэйгээр цацраг идэвхт бодисыг илрүүлж, цэвэрлэдэг вэ?

-Цацраг идэвхт бодисыг тусгай багаж, төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлдэг. Улсын хилийн гол боомтуудад зорчигч, ачаа тээш, тээврийн хэрэгслийг шалгах цацраг идэвхт материал илрүүлэгч багаж төхөөрөмж суурилуулсан. Хилийн хяналтын байгууллагууд үүнд хяналт тавьдаг. Цөмийн энергийн газар хилийн хяналтын байгууллагуудын хүсэлтээр хамтран ажиллаж, дээр дурдсан цацрагийн бохирдолтой тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг илрүүлж, аюулгүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгэнт илэрсэн бохирдлыг арилгах, цэвэрлэгээний ажилд ОБЕГ-ын мэргэжлийн анги хамтран ажиллаж, ЦЭГ нь өөрийн чиг үүргийн дагуу цацрагийн аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг.

-Япон улсаас импортоор автомашин оруулж ирдэг бизнес эрхлэгчдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Хяналт шалгалтын үр дүнд цөөн тоогоор боловч цацрагийн бохирдолтой автомашин илэрсэн нь автомашины бизнес эрхлэгчдэд төдийгүй холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байна. Иймээс цаашид дуудлага худалдаанаас автомашин сонгон авах болон худалдан авалт хийхдээ цацрагийн хэмжилт хийлгэсэн эсэхийг сайтар анхаарч, ялангуяа цацрагийн хэсэгчилсэн бохирдол илэрч буй радиатор, агаар шүүгч, шил арчигч, дугуйн орчинд сайтар хэмжилт хийлгэж байхыг автомашины бизнес эрхлэгчдэд анхааруулмаар байна. Түүнчлэн энэ оны зургаадугаар сараас хойш автомашин худалдан авсан хэрэглэгчид, байгууллага, иргэд өөрсдийн хүсэлтээр Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газарт хандаж, автомашиндаа цацрагийн хэмжилт хийлгэх, зөвлөгөө авах боломжтой юм.

Нийтлэлч
Э.Даваацэрэн
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.