"Жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульд тусгасан"
2011.11.30

"Жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульд тусгасан"

"Жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульд тусгасан"
ТОВЧХОН
  • Сүүлийн жилүүдэд манай улсад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай болсон.
  • Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуулийг парламентаар баталж, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хийх болсон.
  • Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнхтэй ярилцсан юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай болсон.

Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуулийг парламентаар баталж, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хийх болсон. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнхтэй ярилцсан юм.

-Нийслэлд замын бөглөрөл, зам тээврийн осол сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болсон. Харин парламентаас энэ асуудлыг зохицуулахаар Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж гаргалаа. Уг хуулийн талаар тодруулна уу?
-Энэ хуулийн гол агуулга нь зам тээврийн осол, зөрчлийн улмаас жил бүр их хэмжээний хохирол албан байгуулага болон хувь хүнд учрах болсон. Тиймээс энэ төрлийн зөрчлийг багасагах буюу үүнээс үүдэн гарах хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг бий болгох гэсэн зарчмыг баримталж, энэхүү хуулийг хэлэлцэн баталсан.

-Энэ чиглэлийн хууль, тогтоомж хангалттай бий ч хэрэгжилт нь тааруу байдаг юм шиг ажиглагддаг?
-УИХ-аас 2009 онд баталсан 38 дугаар тогтоолоор "Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн 98-д энэ талаар тусгасан байдаг. Тодруулбал Авто тээврийн хэрэгслийн жолоочийг хариуцлагын даатгалд хамруулах замаар авто тээврийн ослыг багасгах, хохирсон иргэнд нөхөн төлбөр олгоход чиглэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр юм. Мөн Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай тусгайлсан хуулийн төсөл боловсруулна гэж заасан. Хамгийн гол нь манай улсад буюу ялангуяа, нийслэлд гарч буй зам тээврийн осол, зөрчил маш их хэмжээгээр нэмэгдсээр байна. Үүнийг дагаад амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, байгууллагын тоо, хохирлын хэмжээ үлэмж олшрох болсон.

-Үүний шалтгаан нь юу вэ?
-Шалтгаан нь юутай холбоотой вэ гэдгээс асуудал эхлэх байх. Манай улсад 2000 оноос хойш авто тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 5-7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, 1990 онд 43.6 мянган авто тээврийн хэрэгсэл байсан бол 2010 онд 296.8 мянга болж долоо дахин өссөн байх жишээтэй. Цаашид ч энэ тоо жил ирэх тутам улам нэмэгдэх хандлагатай байна. Хамгийн гол нь авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр жолоочийн тоо өсч байна. 2010 оны байдлаар 772.563 иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авчээ.

Нөгөөтэйгүүр, авто тээврийн хэрэгсэл, түүний жолоочийн тоо олшрохын хэрээр замын хөдөлгөөний нягтрал бий болох нь зүйн хэрэг. Харин үүнийг дагаад жолоочийн хариуцлагагүй байдал, дүрэм, журмыг сахин биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол, иргэдэд учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Энд нэг жишээ хэлэхэд, 2010 онд 36 мянга 885 зам тээврийн ослын дуудлага ирж, 8809 зам тээврийн осол бүртгэгдэж, түүнээс үүдэн 320 хүн нас барж, 933 хүн гэмтэж, 2.033.665.01 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Эдгээр хэрэг зөрчлийн 82.8 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй байдаг. Нэг үгээр хэлбэл, жил бүр 300 орчим хүн авто тээврийн ослоор нас барж байгаа нь хүн ам харьцангуй цөөтэй манай улсын хувьд их хэмжээний тоо юм. Иймд дээр дурьдсан зам, тээврийн осол, зөрчлийг багасгах, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх, жолоочийн үйл ажиллагаанаас шалтгаалж хохирсон иргэний эрх ашгийг хамгаалах, зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг заавал нөхөн төлүүлэх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

-Энэ асуудлыг олон улсын жишигт хэрхэн шийдвэрлэсэн байдаг юм бол?
-Дэлхийн ихэнх оронд жолоочийн даатгалын хэлбэрээр дамжуулан төрийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгодог. Олон улсын туршлагаас үзэхэд, жолоочийн даатгал нь тээврийн хэрэгслээ даатгуулах, эсвэл тухайн жолооч өөрийн хариуцлагаа даатгуулах гэсэн төрөлтэй байдаг. Манай улсын хувьд тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагыг даатгах холимог тогтолцоог хэрэгжүүлэхээр хуульд тусгалаа. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулах мөн түүнчлэн мэргэшсэн болон "С", "Д" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй байхаар зохицуулсан.

-Жолоочийн даатгалын суурь хураамж болон нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоосон вэ?
-Зам тээврийн ослын өнөөгийн нөхцөл байдал тоо, хэмжээ тэдгээрийн төрөл, ангилал, хохирол, даатгалын байгууллагуудаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, даатгалын үнэлгээний өнөөгийн жишиг зэргийг харгалзан даатгалын суурь хураамжийн хэмжээг тооцон тусгасан. Ингэхдээ жолоочийн даатгалд даатгуулах суурь хураамжийн хэмжээг тээврийн хэрэгслийн ангилал тус бүрээр ялгаатайгаар тогтоосон. Жишээлбэл, "А" ангиллын тээврийн хэрэгсэлд 12 мянга 500 төгрөг бол "В"-д 33 мянган төгрөг гэх мэт. Мөн "С" ангилалд 42 мянга 500 төгрөг байх жишээтэй. Түүнчлэн "D" ангиллын тээврийн хэрэгсэлд 53 мянган төгрөгийн хэмжээ тогтоосон. Харин "механизм" ангиллын тээврийн хэрэгсэлд 12 мянга 500 төгрөг байхаар зохицуулсан. Түүнээс гадна Авто тээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульд тусгасан.

-Нөхөн төлбөр олгох талаар ямар зохицуулалт тусгагдсан талаар тодруулна уу?
-Даатгалын тохиолдол бүрт нэг удаа хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ "A", "В" буюу "механизм" ангиллын тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг байхаар тусгасан. Харин "С", "Д" ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 10 сая төгрөг байхаар хуульчилсан. Энэ нь даатгалын үнэлгээний доод хэмжээ ба даатгуулагч хариуцлагаа үүнээс өндөр үнэлэхийг хүссэн тохиолдолд нэмэлт хэсгийг сайн дурын даатгалын журмаар хийлгэх боломжтой юм.

-Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална гэсэн байсан. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Тээврийн хэрэгслийн өмчлөгч даатгалын гэрээ байгуулахад түүний суурь хураамжийн хэмжээг тогтооход даатгалын байгууллага тодорхой шалгуурыг үндэслэн тогтооно. Ингэхдээ тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил, өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо гэх зэргээс хамаарч итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцох журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос батална. Өөрөөр хэлбэл, дээрх үзүүлэлтээс хамаарч даатгуулагчийн даатгалын суурь хураамжийг багасгах буюу нэмэгдүүлэн тооцно гэсэн үг юм.

-Даатгалын тохиолдлыг хэрхэн шалгаж, хохирлын хэмжээг яаж тодорхойлох вэ?
-Даатгагч, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тогтоох юм. Ингэхдээ хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авна. Харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу асуудлыг шийдвэрлэх юм. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. Харин хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр асуудлыг эцэслэх юм.

-Даатгалын гэрээ, түүний хугацаа ямар байх вэ?
-Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор тодорхой нөхцлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна. Ингэхдээ даатгуулагч мэдээж даатгалын байгууллагаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй. Мөн даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгуулж байгаа иргэн аж ахуйн нэгж даатгалын хураамж төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан. Энэхүү даатгалын гэрээтэй холбогдуулан даатгагч байгууллагад тодорхой үүргүүд оноосны нэг нь даатгалын гэрээний хугацаанд даатгалын бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөхөөр хуульд заасан байгаа.

-Даатгалын баталгаа гэдгийг тайлбарлана уу?
-Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгнө. Энэхүү баталгаагаа жолооч тээврийн хэрэгсэлдээ байнга байршуулж, эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд шалгуулах юм. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн жолоочийн тээврийн хэрэгслийн бичиг баримтын нэг бүрдэл хэсэг болно гэсэн үг юм.

-Жолоочийн даатгалын албан журмын даатгагчдын холбоо шинээр байгуулсан гэсэн. Энэ холбоо ямар учиртай юм бэ?
-Мэдээж хууль нь батлагдаад бэлэн боллоо. Харин үүнийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих байгууллагууд байх ёстой. Үүний нэг нь энэ холбоо юм. Энэхүү холбоонд Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрх авсан даатгагчид гишүүн болох үүрэгтэй. Тус холбоо нь гишүүдийнхээ үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, эрх ашгийг хамгаалах, даатгалын тохиолдлыг бууруулахад чиглэсэн албан журмын даатгалын сургалт, сурталчилгаа явуулах эрх үүрэгтэй байхаар заасан. Дээр дурьдсан холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагч, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулах юм. Мөн Удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороо батлахаар хуульд тусгасан байгаа.

-Холбоо өөрөө даатгалын сантай, шуурхай албатай, даатгалын мэдээллийн сантай байхаар хуульд тусагдсан байсан?
-Холбоо нь албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий даатгалын мэдээллийн нэгдсэн сан, даатгуулагч, даатгагч, хохирогч, иргэдээс даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах юм. Тэгэхдээ даатгалын тохиолдлыг үнэн зөв, шуурхай тодорхойлох боломжийг даатгагч, Даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэг бүхий шуурхай алба мөн албан журмын даатгалын сантай байхаар хуульд заасан. Энэ нь холбоо үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх алба, нэгжүүд юм.

-Жолоочийн даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэр хаанаас бий болох вэ. Түүнийг хэрхэн юунд зарцуулах талаар танилцуулна уу?
-Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг даатгалгүй болон даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан. Өөрөөр хэлбэл, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус, даатгагч дампуурсан, зэрэгт мөн жолоочийн даатгалын мэдээллийн санг хөтлөх, баяжуулах, шуурхай алба, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах юм. Түүнчлэн даатгалын сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр хуульд тусгасан байгаа. Мэдээж жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглосон. Дээрх үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа жолоочийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч бүрээс төвлөрүүлнэ. Ингэхдээ зөрчил гаргасан этгээдээс буцаан нэхэмжилсэн нөхөн төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь, мэдээллийн санг төлбөртэй ашиглуулсны орлого, зээл, тусламж, хандивын орлогоос бүрдүүлэхээр болсон.
Нийтлэлч
О.Сэлэнгэ
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.