Саарал чоныг саарал ирээдүй хүлээж байна
2011.03.29

Саарал чоныг саарал ирээдүй хүлээж байна

Монголын тал хээрийн бүс нутаг зээрийн сүрэг шүлхийгээр өвчилж үй олноороо устсаны шалтгааныг тогтоох үйл явц саарал чоныг хамгаалах асуудлыг төр, засаг, эрдэмтэн судлаачдын анхааралд орууллаа.


Төрийн зарим түшээ саарал чоныг хамгаалах хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа мэдээ байна." Чоно экологийн тэнцвэртэй байдлыг хангаж, сэг зэмийг устгаж өгдөг байгалийн цэвэрлэгч. Чоноо устгалгүй тоо толгойг нь тогтсон хэм хэмжээнд бодлогоор барьж чадвал байгаль дэлхийгээ аврахад хувь нэмрээ оруулах боломжтой. Тиймээс байгаль дэлхийгээ аврах санаачилгаас үүдэлтэй УИХ-ын гишүүн Г.Баярсайханы "Талын чоныг хамгаалах" хуулийн төслийг "Зууны мэдээ" сонин дэмжиж, бусад хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг байгаль дэлхийгээ хамгаалахад уриалж байна.

 

Оюун ухааны түвшингээрээ хүнд ихээхэн ойртож очдог амьтан бол чоно. Саарал чоно /Canis Iupus/  Плейстоцены сүүлийн үед буюу 100,000-150,000 жилийн өмнө үүссэн ч Британийн аралд 300-400 жилийн өмнө, АНУ, Мексик болон баруун Европын ихэнх оронд XIX зуунаас устаж эхэлсэн. Хамгийн сүүлд 2004 оны байдлаар дэлхий дээр 13 дэд зүйл бүрт-гэгдсэн гэсэн судалгаа бий ч яг таг баримтжуулсан нь үгүй. ШУА-аас 1980 онд хийсэн судалгаагаар Монголын популяци 30.000 бодгаль гэж тооцоолсон бол саяхны судалгаагаар /2004/ Монголд 10.000-аас бага бодьгаль байж болох юм гэж үзсэн боловч өргөн цар хүрээтэй судалгаа хийх шаардлага бий гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.

 

Чонын тоо толгойг төөрүүлж, устгаснаар дэлхийн олон оронд байгаль экологийн тэнцвэр алдагдаж мөхлийн ирмэгт тулж очсон жишээ, баримт ч цөөнгүй. Австралийн зарим мужид чоноо устгаснаас байгаль экологийн тэнцвэр алдагдаж, мал, амьтны гаралтай элдэв өвчин дэлгэрсэн. АНУ-ын хойд мужуудад чоноо устгаснаар зарим нутагт ядаж чонын хөшөөтэй байхын тулд ажил ундарсан удаатай. Бид ч тэдний араас ороход ойрхон байна. Энэ нь саарал чоныг үй олноор устгах болсонтой холбоотой юм. Тухайлбал, арьсыг нь өндөр үнээр худалдаалах явдал газар авсан. Чонын дотор эд эрхтнээс хаях зүйл байдаггүй, бүгд эм болдгоос уламжлалт анагаах ухаанд ашиглах нь ихэссэн. Нөгөөтэйгүүр чонын эд эрхтэн, арьсыг хил гаалиар чөлөөтэй гаргаж байгаа нь саарал чоно устаж үгүй болоход хүргэв. Том оврын машинд ачаа, барааны доогуур чоныг хэдэн арваар нь нуугаад хилээр гарчихдаг гэсэн албан бус мэдээлэл иргэдийн дунд байдаг бол жилд хэчнээн хэмжээгээр урд хөрш рүү экспортолсон тухай судалгаа байгаль хамгаалах байгууллагуудад ч алга. Жилд хэчнээн чоно агнасан талаар ч нэгдсэн тоо баримт, тооцоо судалгаа байдаггүй.

Саарал чоныг авлаж нэг хэсэг нь ашиг олдог бол хэд гурван төгрөг болгож амьдралаа залгуулахад нэмэрлэдэг айл өрхүүд ч бий. Тиймээс чоныг аварч, хамгаалах тухай амтай болгон ярьдаг ч хэрэгжилгүй явж ирсэн. Хараа хяналтгүй агнуур зохистой хэмжээнээс хэтэрснийг мэргэжилтнүүд хэлдэг. Зөвхөн манай" улсад л чононд социализмын үеийн сэтгэлгээгээр хандаад байдаг болохоос чоно CITES-ийн II хавсралтад орсноор олон улсын хэмжээнд хамгаалагдсан амьтны тоонд багтсан.

 

Хэдийгээр чонын тоо толгой нь цөөрч байгааг анхаарч, Байгаль орчны сайдын 2007, 2009, 2012 оны тушаалаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тал хээрийн нэр бүхий 31 сумын нутаг дэвсгэрээс саарал чоно агнахыг хориглосон шийдвэр гарч хэрэгжүүлж байгаа ч хулгайн авыг тэр болгон таслан зогсоож чадалгүй байгаа юм. Хуулийн төсөлд оруулсанчлан саарал чоныг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх талаар байгалийн бүс бүслүүрээр ялгавартай бодлого явуулах, олон нийтийн радио, телевизээр саарал чоно хамгаалахад чиглэсэн сурталчилгааг төлбөргүйгээр явуулдаг байх, чонын бэлтрэг агнах, барихыг хориглох зэрэг эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагуудыг хэрэгжүүлж чадвал дэлхийд ховордож, Монголд устаж үгүй болоход хүрч буй талын чоно аврагдаж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад дөхөм болох юм. Эх дэлхийгээ хайрлаж, саарал чоноо аваръя.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.