Ц.Элбэгдорж: Тавантолгойн гэрээг сонгуулийн өмнө эцэслэнэ
2011.12.05

Ц.Элбэгдорж: Тавантолгойн гэрээг сонгуулийн өмнө эцэслэнэ

ТОВЧХОН
  • Миний хувьд шүүх эрх мэдлийн шинэчлэл, сайн засаглалын асуудалд илүү анхаарч байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын Холбоо, тус холбооны гишүүн 20 гаруй орны элчин сайд нар бараалхлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын холбоо, түүний гишүүн орнуудын элчин сайд нартай уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд өөрийн орны улстөр, эдийн засгийн байдлыг танилцуулсан юм.

Тэрбээр “Европын орнуудтай Монгол Улс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Монгол Улсын гадаад бодлогод танай орнуудыг гуравдагч түнш хэмээн тодорхойлсон байгаа. Энэ оны сүүлийн хагаст Финландын Ерөнхийлөгч хатагтай Таръяа Халонен , ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нарыг хүлээн авлаа. Эдгээр айлчлал хоёр талын болон Европын Холбоо, Монголын харилцааг өргөжүүлэхэд маш чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн 10 дугаар сард би Итали, Их Британид айлчилсан. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж санал солилцсон.

Ер нь 2011 он бүхэлдээ Монголын хувьд ихээхэн чухал жил байлаа. Олон түүхт ой тэмдэглэсэн. Одоо бид үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсний 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Өдгөө бид арван хоёрдугаар сарын нэгэн гэхэд батлах ёстой 2012 оны төсвийн хуулийн төслийг УИХ-аараа хэлэлцэн ажил ихтэй байна. Ирэх жил улстөрийн бас чухал ач холбогдолтой он болно.

2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Тиймээс намууд, УИХ-ын гишүүд Сонгуулийн шинэ хууль гаргах гээд их ажилтай байгаа. Энэ хууль олон чухал сайн зүйлийг авчирна гэж бодож байгаа. Өнгөрсөн жил хүн амаа хурууны хээгээр бүртгэж авсан. Ингэснээр сонгуулиар гардаг зөрчлийг арилгах, санал хураалтыг шударга болгоход дөхөмтэй байх юм. Мөн саналыг цахим тоолуураар тоолно. Энэ мэтээр сонгуулийн хуулиа сайжруулж ардчилалдаа шинэ хувь нэмэр оруулж байна.

Ийм хоёр гол асуудал дээр парламент анхаарлаа төвлөрүүлж байна. Миний хувьд шүүх эрх мэдлийн шинэчлэл, сайн засаглалын асуудалд илүү анхаарч байгаа. Тавантолгойн асуудал та бүхний сонирхлыг татаж байгаа байх. Уул уурхай манай оронд том боломж, шинэ өөрчлөлтийг авчирч байна. Монголын өмнөх үеийнхэнд ийм том боломж хэзээ ч гарч байгаагүй юм. Энэ нь манай руу чиглэсэн эдийн засгийн их сонирхол, том хөрөнгө оруулалт, орчин үеийн техник технологийг Монголд бий болгож байна.

Тэдгээр их сонирхол, боломжийг зөв хослуулах асуудалтай бид тулгараад байна. Гэхдээ бид Тавантолгойн гэрээгсонгуулийн өмнө эцэслэнэ гэж бодож байгаа. Оюу толгойн гэрээг бас сонирхож байгаа байх. Энэ бол чухал гэрээ. Гэхдээ хөрөнгө оруулагчидтаигаа ярих асуудлууд бий. Үун дээр бас ажиллах болно. Та бүхний дэмжлэгийг хүлээсэн нэг асуудал байна. Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхлээд байгаа.

Үүнийг баталсны дараа холбогдох хуулиудад оруулах хуулийн төслүүдийг би бэлтгэж парламентад оруулах болно. Эцэст нь хэлэхэд Европын Холбоо, Монголын түншлэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулах асуудал чухал байна. Энэ нь хамтын ажиллагааны олон үүд хаалгыг нээх болно” гэж хэлсэн.

Харин элчин сайд нар өөрсдийг нь хүлээн авч улс орныхоо улстөр, эдийн засгийн асуудлуудаар мэдээлэл өгсөнд хариу талархаад уул уурхай, сонгуулийн хууль, эрх зүйн шинэчлэл, НАТО, Монголын түншлэл, Европын Холбоо, Монголын харилцаа, цаазаар авах ялаас татгалзах санаачилгатай холбоотой асуудлуудын талаар асууж сонирхсон юм.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.