Хуванцар савны төсөл хэрэгжүүлэхээр боллоо
2011.12.07

Хуванцар савны төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Хуванцар савны төсөл хэрэгжүүлэхээр боллоо
ТОВЧХОН
  • Ус, цагаан идээ зөөх, хадгалахад ашиглаж буй хуванцар сав иргэдийн эрүүл мэндэд хортой хэмээсэн дүгнэлтийг МХЕГ-ынхан гаргасан.
  • Монголд 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.
-Ш.Мягмарсүрэн: Иргэдэд шаардлага хангасан усны сав нийлүүлэхээр хичээж байна-

Ус, цагаан идээ зөөх, хадгалахад ашиглаж буй хуванцар сав иргэдийн эрүүл мэндэд хортой хэмээсэн дүгнэлтийг МХЕГ-ынхан гаргасан. Үүнийг "ACF" олон улсын байгууллагынхан "өлгөж" аваад төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тэд монголчууд хилээр химийн бодистой орж ирсэн хуванцар савыг ус, цагаан идээ зөөхөд ашиглаж байгаад харамсаж буйгаа илэрхийлж, стандартын шаардлага хангасан хуванцар сав нийлүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Олон улсын "ACF" байгууллага Францаас гаралтай бөгөөд дэлхийн 40 гаруй оронд салбар нэгжтэй. Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, усны ариун цэвэр, түүний эрүүл ахуй гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллага ажээ. Шаардлага хангасан хуванцар сав нийлүүлэх төслийнх нь талаар тус байгууллагын эрүүл ахуйн менежер Ш.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-"ACF" олон улсын байгууллага манай улсад хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ. Ихэвчлэн аль салбарт төвлөрч ажилладаг вэ?
-Монголд 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэндээ хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байгууллага. Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, усны ариун цэвэр, эрүүл ахуй гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ удаад ус, ариун цэврийн төсөлд дагнан ажиллаж байна. Төслийн зорилго нь нийслэл дэх гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг сайжруулах. Энэ хүрээнд гэр хорооллын нүхэн жорлонг сайжруулах хэд, хэдэн хувилбар гаргасан. Бохир ялгадсыг газрын хөрсөнд шингээлгүйгээр соруулж авах нь хамгийн оновчтой гэж үзэж буй. Харин соруулсан ялгадсаа хаана хаях вэ гэсэн асуудал гарсан учраас түүнийг газар тариаланд бордоо болгон ашиглах боломж бий эсэхийг судалж байна.

Мөн усны эрүүл ахуйн чиглэлээр давхар ажиллаж байгаа. Гэр хорооллын 700 гаруй өрхөөс усны хэрэглээний талаар судалгаа хийхэд нэг хүн өдөрт дунджаар найман литр ус хэрэглэж байна. Энэ бол чамлалттай тоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гамшгийн нөхцөлд нэг хүний хэрэглэх усны хэмжээг 15 литр гэж тогтоож өгсөн. Гамшиг нь цунами болон дайн байлдаан үүссэн үеийн нөхцөлийг хэлж байгаа. Гэтэл манай улсын иргэд гамшгийн үед хэрэглэх уснаас ч бага усыг энхийн цагт хэрэглэж байна. Өрхүүд яагаад ийм бага тооны ус хэрэглэж байна вэ гэж судлахаар ус зөөхөд хүндрэлтэй гэж гарч байгаа юм.

-Яагаад эрүүл мэндэд нийцсэн хуванцар савны төсөл хэрэгжүүлэхээр болов?
-Анх зах зээлд зарж буй хуванцар савыг худалдаж аваад иргэдэд нийлүүлье гэж бодож байлаа. Харамсалтай нь танай сонины нийтлэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хийсэн шинжилгээгээр эрүүл мэндэд нийцсэн хуванцар сав байхгүй гэдгийг олж мэдсэн. Иргэд химийн бодистой хуванцар савыг ус, цагаан идээ зөөх хэрэгсэл болгон ашиглаж байна. Гэтэл уг сав ген гэмтээх, сэтгэцэд өөрчлөлт оруулахаас эхлээд хорт хавдар хүртэл үүсгэх аюултай гэсэн дүгнэлт гарлаа. Иймээс эрүүл мэндийн шаардлага хангасан, бат бөх хуванцар савны төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн дизайны технологийн сургуулийн багш нартай хамтран ажиллаж байна. Тэд стандартад нийцсэн усны савны загвар гаргаж буй.

Тэр загварынх нь дагуу хуванцар сав үйлдвэрлэгч компанитай хамтран эрүүл ахуйн шаардлагад хангасан сав үйлдвэрлэнэ. Одоогоор хамтарч ажиллах үйлдвэрээ олоогүй байна. Ийм үйлдвэр бий эсэхийг судлахаар цөөн юм билээ. Бидний зүгээс тавих гол шаардлага бол төслөөс шалгарсан хуванцар савыг эрүүл ахуйн стандартад нийцүүлэн үйлдвэрлэх явдал. Тус үйлдвэр тухайн загвараар цаашдаа үйлдвэрлээд явах боломжтой. Ийм үйлдвэр байгаа бол Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны Дипломат цогцолборт байрлах манай байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж болно.

-Иргэд химийн хортой байсан гэдгийг нь мэдсээр байж бат бөх чанарыг нь бодоод савыг худалдан авах нь түгээмэл. Танайхан хуванцар саваа хүний эрүүл мэндэд нийцүүлэхээс гадна, бат бөх чанарт нь анхаарч байгаа биз дээ. Мөн зарж борлуулах үнэ хямд байх боломж бий юу?
-ШУТИС-ийн багш нартай хамтарч байгаа учраас эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сав болно гэдэгт 100 хувь баталгаа өгөх байна. Нөгөө талаас бат бөх чанар чухал үзүүлэлт. Хэн ч гэсэн хоёрхон cap хэрэглэх сав авахыг хүсэхгүй шүү дээ. Энэ үүднээс олон жилийн эдэлгээ даах сав хийхийг зорьж байна. Мэдээж үнийн тухайд хямд борлуулахыг хичээж байгаа.

-Танай байгууллагын судалгааны явцад иргэд ямар төрлийн хуванцар сав ашиглаж байх юм?
-Мэргэжлийн хяналтын байгууллагынхны эрүүл мэндэд хортой гэж тогтоосон хуванцар савыг ихэвчлэн ашиглаж байсан. Химийн бодис агуулж байсан савыг яаж цэвэрлэсэн ч хортой байдлаа алдахгүй шүү дээ.

-Танай төсөл ямар хугацаанд хэрэгжих юм бол?
-Ирэх дөрөвдүгээр хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаандаа багтаад эрүүл ахуйн шаардлага хангасан хуванцар саваа иргэдэд тараана. Дашрамд хэлэхэд тухайн савыг үйлдвэрлэсэн байгууллага цаашид үргэлжлүүлээд үйлдвэрлэх боломжтой.

-Тухайн савыг нийслэлд төдийгүй орон нутагт хэрэглэж байгаа шүү дээ. Үүнийг яаж хязгаарлах бодолтой байна?
-Иргэд ухамсраараа татгалзах хэрэгтэй. Гаднаас нь харахад хэн ч анзаарамгүй жирийн нэг хуванцар сав дотроо ямар аюул тээж явааг мэргэжлийн байгууллага нь тогтоолоо. Химийн бодистой байсан хуванцарт формальдегид их хэмжээгээр байдаг. Энэхүү бодис нь хүний биед харшил үүсгэж, ген гэмтээн, хавдар үүсгэдэг. Ялангуяа бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх, архаг хууч өвчин үүсгэдэг аюултай. Өнөөдөр та бидний эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт харагдахгүй байгаа ч далд хэлбэрээр "идэж" байгааг ойлгох хэрэгтэй.

-Танай байгууллага дэлхийн бусад орнуудад энэ төрлийн төсөл хэрэгжүүлж байв уу?
-Африкт худаг гаргах, хоолой татах ажлууд хийж байсан. Энэ төслөөс өмнө хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн хүрээнд гэр хорооллыг нэгтгээд хүнсний ногоо тариулж байлаа. Одоо тэр өрхүүд маань нэгдэж хоршоо болоод ажиллаж байгаа нь сайн үр дүн бий.
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.