Төсвийн орлого 142 тэрбумаар багасчээ
2011.12.12

Төсвийн орлого 142 тэрбумаар багасчээ

ТОВЧХОН
Инфляцийн инерцийн хурд саармагжаагүй талаар  Үндэсний стастикийн хорооноос өнгөрсөн баасан гаригт  сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр дуулгав. Учир нь хэрэглээний үнийн улсын индексийг өнгөрсөн сард төв банкнаас 10 хувьтай байгааг зарласан. Тэгвэл статистикчид хэрэг­лээний үнийн улсын индекс 2011 оны арваннэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.3 хувиар өсөөд байгааг тодорхой үзүүлэлтүүдээр жишээ аван тайлбарлав.  Инфяци ийнхүү “тоормос” авч чадахгүйгээр зогсолтгүй өсч байгаа шалтгаан нь   хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн  явдал гэнэ. Харин эдийн засагчид инфляци өссөнөөс болж, талх тариа, гутал хувцасны үнэ өсөөд байгаа гэх тайлбар хийдэг. Тэгэхээр инфляци өссөнөөс болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна уу, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болоод инфляци өсөөд байна уу гэдэг тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэгтээ л адилхан бололтой. Ямар ч байсан Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтлан бодлогын хүүгээ өсгөөд ч инфляцийн өсөлт үргэлжилсээр л байгаа юм байна.

Монгол Улсын төсвийн ашиг сараас сард өсч байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сард буурсан үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2011 оны эхний 11 сард 3860.2 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3813.3 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 46.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн ашиг 2011 оны эхний арван  сарынхаас 142.8 тэрбум төгрөг буюу 75.3 хувиар багассан тухай статистикчид дуулгав.  Түүнчлэн айл өрхийн зарлага нь орлогогоосоо 100 мянган төгрөгөөр илүү гарсан хэвээр байгаа юм байна.  Хүнс, бөс бараа гээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, төгрөгийн худалдан авах чадвар буурсан нь өрхийн орлогод нөлөөлж, зарлагаа нөхөж дийлэхгүйд хүрээд буй гэнэ.  Монгол Улсын дотоодын зах зээлд байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлт  өнгөрсөн сарын эцсээр зургаан их наяд 133 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр их наядаар илүү гэдгийг статистикчид онцолсон.

Монголбанкнаас бодлогын хүүгээ нэмсэнтэй холбоотойгоор арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөж, зээлээ хумих бодлого барих болсон. Үүнийг гадаад дотоодын шинжээчид төв банкнаас  хэрэгжүүлж буй хатуу мөнгөний бодлоготой холбоотой хэмээн  дүгнэж буй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны өнгөрсөн сарын эцэст 5438.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 216.8 тэрбум төгрөг буюу 4.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2326.2 тэрбум төгрөг буюу 74.7 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 71.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 18.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Ерөнхий үзүүлэлтээр банкны системд байгаа чанаргүй зээлийн хэмжээ нэлээд буурсан гэнэ лээ.   Хэдийгээр  зарим бүтээгдэхүүний орлогын албан татвар нэлээд 85,1  хувь буюу 318 тэрбум төгрөгөөр буурсан гэх муу мэдээ байгаа ч татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 42,2 хувиар өссөн байна.  Үүнд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 521.1 тэрбум төгрөгөөр бусад татварын орлого 309.7 тэрбум төгрөгөөр  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 151.8 тэрбум төгрөгөөр гадаад худалдааны татварын орлого 130.7 тэрбум төгрөгөөр  өссөн нь нөлөөлжээ.  Харин татварын бус орлого нэлээд өссөн үзүүлэлттэй байна лээ.

Монгол Улсын эдийн засаг экспортын орлого дээр тулгуурлаж байгаа. Уул уурхайн  салбараас буюу ашигт малтмалынхаа хилийн худалдаанаас л тодорхой орлого оруулдаг ч энэ нь ашигтай бус наймаа болоод байгаагийн үзүүлэлт нь гадаад худалдааны алдагдал. Хэдийгээр зарим эдийн засагчид үүнийг айх үзэгдэл биш гэдгийг сануулдаг ч  зарим нь гадаад худалдааны алдагдал бол Монгол Улс нүүрсээ дэлхийн зах зээлээс маш хямдхан өгч байгаагийн илрэл хэмээн эгдүүцлээ илэрхийлэх нь бий. Ямартай ч манай улс 2011 оны эхний 11 сард дэлхийн 123 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10271.2 сая ам.доллар, үүнээс экспорт 4303.9 сая ам.доллар, импорт 5967.3 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний 11 сард 1663.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1343.0 сая ам.доллар буюу 5.2 дахин өссөн байна.

Ж.Эрхэс

Эх сурвалж: "Ардын эрх" сонин
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.