Багш нар энэ сарын 12-ноос хугацаагүй ажил хаях боллоо
2011.12.12

Багш нар энэ сарын 12-ноос хугацаагүй ажил хаях боллоо

ТОВЧХОН
Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 08.00 цагаас эхлэн хугацаагүй ажил хаялт хийх болов.
Боловсролын салбарын ажилтнуудаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын 2010-2011 оны хэлэлцээрийн тохиролцоог биелүүлэхийг Засгийн газраас шаардаж хамтын маргаан үүсгэсэн. Гэтэл Сангийн яам, Засгийн газар, Улсын Их Хурал гурван талт хэлэлцээрийг зөрчиж Улсын төсвийг баталсан гэж үзэн боловсролын салбарын ажилтнууд хугацаагүй ажил хаялт хийх болсон талаар мэдэгдлийг Засгийн газар, дүүргийн Засаг дарга нарт хүргүүлж байгаа аж. Тэд мөн хууль ёсны ажил хаялтанд оролцож байгаа багш, ажилтнуудын эрх ашгийг хохироохгүйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг хүсч буйгаа мэдэгдэлдээ дурджээ. Тухайлбал ажил хаялтад оролцож байгаа сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд хөндлөнгөөс оролцохгүй байх, шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх, ажил хаялтанд оролцсон ажилтнуудад дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг шаардах аж. Мөн ажил хаялт зохион байгуулах үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон ажлууд буюу хорооны цагдаагийн хэсэгт мэдэгдэх, эмчийг эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх материал, хэрэгслээр хангаж, бэлэн байдалд ажиллуулах, хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах, цахилгаанчин, слесарийг байнгын бэлэн байдалд ажиллуулах, нийтийг хамарсан, нэгдсэн үзлэг, шалгалт, аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг, эхчүүдэд мэдэгдэхийг шаардаж байна гэжээ. Харин эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хандан “Ядуу багш байгаа цагт боловсролын тогтолцоо хэзээ ч өөдлөхгүй. Үүнтэй холбогдуулан тэмцэл хийж байгаа аргагүй байдлыг харгалзан үзэж, ажил хаялтын үед хүүхэд багачуудаа өөрсдийнхөө анхаарал халамжаас хөндийрүүлэхгүй байж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, бидний хууль ёсны тэмцлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэжээ.
Ажил хаялтанд 89 дунд сургууль, 100 гаруй цэцэрлэг хамрагдах ажээ. Ажил хаялтыг дэмжиж байна гэсэн 14982 хүний гарын үсэгтэй бичиг хөдөө орон нутгаас ирж байгаа бөгөөд 21 аймгийн сургууль, цэцэрлэгүүд дэмжиж буйгаа илэрхийлжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Бугант, Хөтөл, Архангай аймгийн Тариат, Өвөрхангай аймгийн Богд, Төв аймгийн Батсүмбэр, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор, Налайх дүүргийн 140, 152, 153-р цэцэрлэг, Эрдмийн оргил, Голомт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын цэцэрлэгүүд, Хэнтий аймгийн Бор-өндөр зэрэг сургуулиудын ҮЭ-ийн хороод ажил хаялтанд оролцох юм байна.
Үйлдвэрчний эвлэлийнхний хэлж буйгаар уг ажил хаялт хэзээ хүртэл үргэлжлэхийг Засгийн газрын зүгээс гаргах шийдвэр тодорхойлох аж. Өөрөөр хэлбэл ажил хаяхаас ч өмнө тохиролцоонд хүрч болно гэж байв.
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.