Стандартаас давсан дуу чимээтэй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй
2011.12.13

Стандартаас давсан дуу чимээтэй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй

Стандартаас давсан дуу чимээтэй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын гудамж талбайд чанга дуутай, спорт яндантай машинууд цөөнгүй явдаг.
  • Хотын хөдөлгөөнд оролцож буй эдгээр машинууд иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, айлгаж цочоодог.
Улаанбаатар хотын гудамж талбайд чанга дуутай, спорт яндантай машинууд цөөнгүй явдаг. Хотын хөдөлгөөнд оролцож буй эдгээр машинууд иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, айлгаж цочоодог.

Тиймээс 2008 онд хотын даргын захирамж гарч, спорт яндантай буюу стандартаас давсан дуу чимээтэй машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх журам гарчээ. Энэ журмын дагуу Замын цагдаагийн газар автомашинуудад хяналт тавьсаар байгаа юм. Гэсэн ч сүүлийн үед спорт яндантай машинууд олон болсон. Үүнд хэрхэн арга хэмжээ авч байгаа талаар Замын цагдаагийн газрын Бүртгэл техник хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, хурандаа С.Пионероос тодрууллаа.


-Спорт яндантай машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх журам гараад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч спорт яндантай машин явсаар байна?
-Дуу чимээний стандарт гэж байдаг. Залуучуудын хувьд чанга дуутай машин унаж, түүнийгээ хаазалж таашаал авдаг. Гэтэл энэ нь хөгшин настай гэлтгүй иргэдийн амар тайван байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бид дуу чимээ хэмжих багажаар хэмжээд, стандартаас давсан дуутай яндантай машин байвал энэ дагуу арга хэмжээ авч байгаа. Зарим иргэдийн хувьд яахаараа би ийм машин унаж болдоггүй юм гэж ярьдаг. Харин бидний хувьд тухайн  стандартаа баримтлаад стандартаас давсан дуутай байвал тухайн машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх арга хэмжээ авдаг. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлд улсын стандартын шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслийн марк, зориулалтыг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч, эсхүл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээд хариуцна гэсэн байдаг.

-Хэрвээ стандартаас давсан дуу чимээтэй машин унаж хөдөлгөөнд оролцож байгаа бол тухайн жолоочид ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Хэрвээ жолооч зөрчлөө арилгаад, яндангаа солиод ирсэн бол хөдөлгөөнд оруулж болно. Манай захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д заасны дагуу эдгээр машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Торгуулийн хувьд 10000 төгрөг. Мөн жолоочийн автомашины дугаарыг хурааж авна. Хэрвээ жолооч зөрчлөө арилгаад ирэх юм бол дугаарыг нь өгнө.

-Дуу чимээний стандарт байдаг гэлээ. Ямар байвал стандартад нийцдэг юм бол?
-Яндангийн хувьд ямар ч байсан болно. Бүдүүн, нарийн ч байж болно. Хамгийн гол нь дуу нь стандартад нийцсэн байх хэрэгтэй. Дууны стандартыг дисбалиар хэмждэг. Стандартын хувьд машины үйлдвэрлэсэн он, оноос хамаарч өөр, өөр байдаг.

-Түүнчлэн зуны цагт чанга дуутай мотоциклууд их болдог. Эдгээрт хяналт тавих уу?
-Мотоциклын хувьд ч адилхан. Хотын төвийн өдөр тутмын жирийн хөдөлгөөнд оролцохдоо стандартад нийцсэн дуутай байх ёстой. Түүнээс биш орон нутаг, уралдаанд оролцох зэрэгт хорихгүй.

-Үүнээс гадна спорт загварын машинуудын улсын дугаар нь янз бүр харагддаг. Гэрлэн чимэглэл, өнгө будаг гэх мэт эрээн болсон байдаг?
-Автомашины улсын стандарт гэж байдаг. Үүнийг л баримталж ажиллана. Сүүлийн үед улсын дугаарын стандартад нийцээгүй дугаар их байна. Үүнийг бид хурааж байгаа. Зарим иргэд улсын дугаараа торолж байна. Үгүй бол дугаартаа шигтгээ наадаг. Мөн тоонуудыг нь нэг тал руу нь шахсан байх жишээтэй. Энэ зөрчлийг бид арилгаж байна. Манай зүгээс стандартад нийцсэн шаардлага л тавьж байгаа. Түүнээс биш ямар нэгэн дүрэм журам зөрчөөд, жолооч нарыг торгоод байгаа зүйл байхгүй. Хяналт шалгалтыг өдөр бүр тавьж байгаа шүү дээ.
Нийтлэлч
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.