Монголын оюутнуудад зориулж тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болов
2011.12.13

Монголын оюутнуудад зориулж тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болов

Монголын оюутнуудад зориулж тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болов
ТОВЧХОН
  • Ерөнхий сайд С.Батболд Балийн чуулга уулзалтад оролцож буй Бруней Даруссаламын вант улсын султан Хассанал Болкиах Муиззадин Уаддаулахтай уулзалт хийлээ.
  • Хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хөгжүүлэх талаар уулзалтын үеэр хөндлөө.

Ерөнхий сайд С.Батболд Балийн чуулга уулзалтад оролцож буй Бруней Даруссаламын вант улсын султан Хассанал Болкиах Муиззадин Уаддаулахтай уулзалт хийлээ. Хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хөгжүүлэх талаар уулзалтын үеэр хөндлөө. Ерөнхий сайд С.Батболд Брунейн талаас монголын оюутнуудад зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд уул уурхай, газрын тосны чиглэлээр монгол оюутнуудыг тус улсын их дээд сургуулиудад илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн чуулга улзалтын үеэр Катарын Ерөнхий сайд Шейх Хамад Бин Хасемтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр эрчим хүч, ялангуяа газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Катарын Ерөнхий сайд дээр дурдсан чиглэлээр Катарын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, зээл олгох зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч ойрын хугацаанд айлчлан хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар бодитой алхам хийхээ илэрхийлэв. Мөн Япон улсын Ерөнхий сайдын тусгай элч, Гадаад хэргийн сайд асан К.Окада өөрийн хүсэлтээр уулзав.

Уг уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдыг Японд айлчлахыг урьсан Японы талын урилгыг дахин нотолж энэ удаагийн айлчлал нь хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгатай болгон баяжуулан хөгжүүлэх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболд энэ талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд Монголын уул уурхайн салбарын томоохон төсөлд хамтран ажиллах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар ойрын хугацаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн Япончууд байгалийн гамшгаас үүдэн учирсан гарз хохирлыг эр зоригтой, амжилттай даван туулж буйд нь баяр хүргэлээ.

Ардчиллын төлөөх Балийн 4 дүгээр чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой мөн тус чуулга уулзалтад оролцож буй ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд Жэреми Браун, Шинэ Зеландын Засгийн газрын гишүүн, цагаачлал, мэдээлэл сурталчилгааны сайд Жонатан Колеман нар өөрийн хүсэлтээр уулзаж хоёр талын болон олон талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.