Төсвийн хууль батлагдлаа
2011.12.23

Төсвийн хууль батлагдлаа

Төсвийн хууль батлагдлаа
ТОВЧХОН
  • Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг хуралдаанд оролцсон гишүүүдийн 76,9%-ийн дэмжлэгтэйгээр баталлаа.
  • Эцэст нь газрын тосны үйлдвэр барих асуудал дээр аль болохоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийг гишүүд засгийн газарт үүрэг болгосноор үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.

УИХ-ын чуулганы 12-р сарын 23-ны Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Төсвийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй 17 саналын томьёолол, найруулгын хэд хэдэн өөрчлөлт хийх саналаар гишүүдийн  саналыг  хуураасны эцэст  Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг хуралдаанд оролцсон гишүүүдийн 76,9%-ийн дэмжлэгтэйгээр баталлаа.

 

Хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдэд баяр хүргээд “Төсвийн хүрээ тэлж, орлого нэмэгдэн улс орон санхүүгийн хувьд баян болж байгаа шинэ нөхцөлд УИХ-ын энэ удаагийн чуулган бүрэн эрхийнхээ хугацаанд ач холбогдлоороо Сонгуулийн хуулийн дараа орох, төсөв санхүүгийн бодлогод хувьсгалжуулах нөлөө бүхий,  олон жил үйлчлэх” хууль батлан гаргалаа”  хэмээн тэмдэглэсэн юм.

 

Энэ хуулийг дагалдуулан төсвийн харилцааг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох, улсын болон орон нутгийн төсөв хоорондын харилцааг шинэчлэх, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх үүднээс төр засгийн болон олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийнхний саналыг тусган нэмэлт, өөрчлөлт оруулсан 32 хууль, нэг тогтоолыг баталсан юм.

Хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд сайд С.Баярцогт хэлсэн үгэндээ:

-УИХ-ын гишүүд ээ, УИХ-ын 2008 оны сонгуулиар сонгогдсон гишүүд та бүхэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг төсөв санхүүтэнй холбоотой чухал хуулиудыг батлан гаргасанд баяр хүргэе! Төсвийн тухай хуулийг баталснаар төсвийн зарлагын талын бүх реформыг хийж чадсанд Сангийн яам болон хуваисаа талархал илдэрхийлье!   Энэ хуулийг баталснаар хуулийн хэрэгжилттэй холбоотой  сайн зарчим тогтоолоо. Энэ хууль дараагийн парламентад ч өөрчлөгдөхгүйгээр үйлчилнэ. 2004-2008 онд сонгогдон ажилласан УИХ-ын гишүүд төсвийн орлого талдаа ихээхэн шинэчлэл хийсэн бол 2008-2012 онд ажилласан гишүүд төсвийн зарлага талдаа шинэчлэл хийж чадсан нь төсвийн хүрээ тэлсэн өнөөгийн цоо шинэ нөхцөл байдалд маш хэрэгтэй хууль боллоо. Та бүхэн ихээхэн хүч, хөдөлмөр зарж ажилласнаар Сангийн яамны 100 жилийн ойд маш том бэлэг барилаа гэсэн юм.

Ийнхүү Төсвийн болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудыг баталсны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хуульзүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй  саналын томьёоллоор хуралдаанд оролцсон гишүүдийн дунд санал хураалт явуулснаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд нь шилжүүллээ.

Үдээс өмнөх хуралдаанаар мөн “Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан юм. Энэ хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Батсуурь уншиж танилцуулав.

Газрын тосны бүтээгдэхүүн нь эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн тул уг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг  тасралтгүй хангах, улмаар импортын хараат байдлаас гарах, газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр барьж, байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр барих олон санал, техник, эдийн засгийн үндэслэл ирүүлсний ихэнхийг нь хянаж тусгай зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд тэдгээрт, ялангуяа жижиг үйлдвэрүүдэд төрийн оролцоо байх шаардлагатай эсэх, газрын тосны хайгуул, олборлолт хийх компаниудад ямар нэгэн хязгаарлалт тавих эсэх талаар Э.Бат-Үүл гишүүн асуусан юм.  Харин П.Алтангэрэл гишүүн “Энэ салбарт төрөөс баримтлах бодлого, эдийн засгийн зохицууулалт нь салбарынхаа хөгжлөөс хоцроод араас нь дагаж явна, Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг 2015 он бус 2017 оноор  тогтоохдоо төдөн онд төчнөөн хэмжээний олборлолт хийж, төдөн онд нийт хэрэгцээгээ хангах нөөцтэй болсон байна гэсэн бодлогын чанартай тооцоо хийсэн зүйл алга” гэж шүүмжлээд “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хаана байна? Энэ салбарыг хөгжүүлье гэвэл эрхзүйн орчноо сайжруулах ёстой. Элдэв баримт бичиг гаргасаар байтал газрын тос маань гадагш урсаад дууслаа шүү дээ! Яг хэзээ энэ хуулийг оруулж ирэх вэ?” хэмээн шавдуулж байв. Энэ асуултанд ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт  “Үүнийг Сангийн яамнаас асуух хэрэгтэй. Татварын асуудлаа эцэслэн шийдвэрлэхгүй байгаагаас гацчихаад байгаа” гэснээр “Нэг засгийн газрын яамд байж хоёр өөр улсын яамд шиг ярьж байна” хэмээн шүүмжлүүлэхэд хүрэв.

Эцэст нь газрын тосны үйлдвэр барих асуудал дээр аль болохоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийг гишүүд засгийн газарт үүрэг болгосноор үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.

Нийтлэлч
С.Отгонцэцэг
Эх сурвалж
open.parliament.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.