Дүрэм зөрчсөн л бол эрхийг нь хасна
2012.01.07

Дүрэм зөрчсөн л бол эрхийг нь хасна

Дүрэм зөрчсөн л бол эрхийг нь хасна
ТОВЧХОН
  • ЗЦГ-аас өнгөрөгч оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг чангатгаж байгаа талаар нэгдсэн журмаар мэдээллэж байсан.
  • Түүнчлэн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийхийг сануулж байна. Шинээр автомашин авсан бол 72 цагийн дотор улсын дугаар авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг.

ЗЦГ-аас өнгөрөгч оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг чангатгаж байгаа талаар нэгдсэн журмаар мэдээллэж байсан.

Гэрлэн дохио зөрчих, эсрэг урсгалд орох, давхар шугам давах, бага насны хүүхдийг урд суудалд суулгах, хориглосон газар дуут дохио ашиглах, хамгаалалтын бүсгүйгээр хөдөлгөөнд оролцох зэрэг манай жолооч нарын өдөр тутам гаргадаг жижиг мэт боловч хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц зөрчлүүдийг нэг удаагийн сануулга эсвэл 5000 төгрөгийн  мөнгөн торгуулиар шийдвэрлэдэг байсан нь ард хоцорлоо. ЗЦГ-аас дүрэм зөрчсөн л бол зөрчлийн том жижгээс үл хамааран жолоодох эрхийг хасах арга хэмжээ нийслэл даяар өрнүүлж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсвэл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн жолоочийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэсэн заалттай.

 

Хэдхэн хормын сааталд тэв­чээр алдан түрэмгийлж, замын хөдөлгөөнд саад учруулж бусад хөдөлгөөнд оролцогчдын эрх ашигт халдан, замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхээс зайлсхийсэн, жолоочоос шалтгаалах хөдөлгөөний соёл, жолоодох ур чадварын доголдолтой сахилгагүй жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор ЗЦГ дээрх хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж эхэлжээ.

 

Энэ сарын 4-нөөс 5-ны хооронд буюу нэгхэн өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 114 зам тээврийн ослын дуудлага ирсний 9 нь хүн гэмтсэн, 47 нь эд материалын хохиролтой, 38 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 67 нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон зөрчлүүд илэрчээ. Зөвхөн нэг өдрийн дотор л гэхэд нийт 29 жолооч зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж жолоодох эрхээ хасуулсан бол 16 хүн захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.6-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 7-30 хоног баривчлах хүртэл арга хэмжээ авахуулсан байна.

 

Үүнтэй холбоотойгоор ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж. Энхбат хэлэхдээ “Зам тээврийн осол гэмтлийн дийлэнх хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд халтиргаа гулгаатай үед явган зорчигчдын өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл мөн тээврийн хэрэгсэл хоорондын эгнээ зай буруу эзэлсэн алдаа дутагдал осол гаралтын удаах шалтгаан болж байгаа учир нийт хөдөлгөөнд оролцогч ард иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг анхаарууллаа.

Түүнчлэн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийхийг сануулж байна. Шинээр автомашин авсан бол 72 цагийн дотор улсын дугаар авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг.

 

Тээврийн хэрэгслийг бүртгэх улсын дугаар олгох журамд “Ир­гэн, аж ахуйн нэгж, байгууллага шинээр тээврийн хэрэгсэл авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд тэрээр зөвхөн 16 насанд хүрсэн бол түүний нэр дээр бүртгэнэ” хэмээн заасан байдаг. Энэ журмын дагуу 72 цагийн дотор улсын дугаарыг авах ёстой юм. Журамд заасан хугацаанд тээврийн хэрэгсэлдээ дугаар аваагүй замын хөдөлгөөнд оролцвол түр саатуулах байранд автомашиныг байрлуулна. Харин жолооч тээврийн хэрэгслээ улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авсных нь дараа машинаа түр саатуулах байрнаас гаргах зөвшөөрөл өгөх юм. Мөн ЗЦГ, Авто тээврийн газартай хамтран журмын хашаануудад явуулын оношилгоо ажиллаж байгаа юм байна.

Нийтлэлч
А.Золжаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.