4,9 тэрбум төгрөгийг буцааж олгов
2012.01.09

4,9 тэрбум төгрөгийг буцааж олгов

4,9 тэрбум төгрөгийг буцааж олгов
ТОВЧХОН
  • Татварын тогтолцооны шинэчлэлийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн үр шимийг иргэд хүртэж эхэллээ.
  • Энэ сарын 13 наас 15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Дэлхийн өвлийн хотуудын 15-р чуулган зохиогдоно.

Татварын тогтолцооны шинэчлэлийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн үр шимийг иргэд хүртэж эхэллээ.  Тухайлбал 2007 онд орон сууц худалдан авах болон сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөөр  805 сая төгрөгийг иргэдэд буцааж олгосон бол 2011 онд 4,9 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдсэн талаар Нийслэлийн татварын газрын дарга С. Энхбаатар нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээллээ.  Сүүлийн 4 жилд хөнгөлөлт чөлөөлөлт байнга нэмэгдэж буйг татварын хөнгөлөлтийн буцаан олголтын үнийн дүн 8 дахин нэмэгдснээс харж болно гэв.  Иргэдэд нэн хэрэгтэй энэ мэдээллийн сацуу нийслэл хотод хийгдэх ажлуудын талаар уламжлал ёсоор ярилцав.

 

Энэ сарын 13 наас 15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Дэлхийн өвлийн хотуудын 15-р чуулган зохиогдоно.   Чуулганд 6 улсын 12 хотоос 50 гаруй төлөөлөгч оролцох юм.  Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 1981 онд байгуулагдсан байна.  “Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал”  уриан дор өвөл болдог хотуудыг нэгтгэж тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах, бие биенээсээ туршлага судлахад тус холбооны бодлого үйл ажиллагаа чиглэдэг байна.  Энэхүү холбоонд Улаанбаатар хот 1998 онд элссэн аж. 15-р чуулганд манай талаас УБ дулааны сүлжээ, УБ цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн агаарын чанарын албанаас илтгэл тавихаар төлөвлөжээ.

 

Жил бүр  тогтмол зохион байгуулдаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит  “Лондон-2012-Олимп” өвлийн өдөрлөг 1 дүгээр сарын 14 нд Хандгайтын  “Янзага”  зусланд зохиогдох тухай мэдээллийг Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж. Ганболд мэдээлэв.  Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл дүүргүүдтэй хамтран СӨХ-үүдийн ажил байдлыг шалгахаар болжээ.  Түвшин тогтоох энэхүү үзлэг энэ сарын 15 наас эхлэх юм байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж гүйцэтгэснээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд 1 дүгээр сарын 24 нөөс шалгуулна.  Энэ мэт цаг үеийн асуудлыг хэлэлцсний дараа Хотын дарга Г. Мөнхбаяр уламжлал ёсоор ирэх өдрүүдэд хийгдэх ажлуудын талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгөв.

НЭГ. ХХААХҮЯ, Монголын махны холбоотой тохиролцсон дагуу махны үнийн хөөрөгдлийг хязгаарлах зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд худалдаалах ажлыг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хамтарч зохион байгуулах. Хороодын өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ зэргийг харгалзан нэг хороонд хоёроос доошгүй дэлгүүрт худалдаалахаар хуваарь гаргаж батлан иргэдэд  мэдээлэл өгөх. Худалдаалалтын явцад хяналт тавихад нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг оролцох.

ХОЁР. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон салбарын сайд, төсвийн Ерөнхийлөн захирагч нарын хооронд 2012 онд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын дарга нар энэ онд өөрийн байгууллагад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө холбогдох яамдтай тохиролцож баталгаажуулах.

ГУРАВ. Нийслэлийн Засаг даргын орлогчид, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар 2011 онд эхэлсэн боловч дуусаагүй ажлуудаа тооцож авч үлдсэн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах. -Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд “Цэвэр агаар сан”-гаас санхүүжигдэх хоёр ажлын /Чингэлтэй дүүргийн Д-1000, Баянзүрх дүүргийн УСТ-15/ тендерийг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан яаралтай зарлаж ажил эхлүүлэх.

ДӨРӨВ. Нийслэлийн Засаг даргаас энэ онд дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын төсвийн ерөнхий менежерүүдэд  эрх шилжүүлж гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг  нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар эцэслэн тохиролцож шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах.

ТАВ. Дүүрэг тусбүрт энэ онд тохижилтод зарцуулах 2.0 тэрбум төгрөгөөр хийх ажлын зураг, төсөл, ажлын хэмжээг дүүргийн Засаг дарга нар гаргаж танилцуулах.

ЗУРГАА. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилтод батлагдсан  ажлуудыг бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний төсөлд тусган нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх. Гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 20-ны дотор байгуулах.

ДОЛОО. Нийслэлд 2012 онд хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр зураг, төсөл нь бэлэн болсон ажлуудын тендерийг  нэгдүгээр улиралд багтаан зарлахтай  холбогдуулж нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тендер шалгаруулах үнэлгээний хороодын бүрэлдэхүүнийг авч үзэх, үнэлгээний хороодод ажиллах хүмүүст сургалт зохион байгуулах.

НАЙМ. Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт- шинжилгээ, үнэлгээний  хэлтэс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2011 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын хэсгийн багийг бүрдүүлэх, удирдамжийг батлуулж үнэлгээний ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр бэлтгэл, зохион байгуулалтыг хангах.

ЕС. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа эмхэтгэн календарь болгон хэвлүүлж бэлтгэснийг дүүргүүдийн ЗДТГ хариуцаж өрхүүдэд тараах ажлыг зохион байгуулах.

АРАВ. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын тендерт шалгарсан хэдий ч гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, чанарын доголдол, зөрчил дутагдал гаргасан байгууллагуудын тухай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтийг иргэдэд үзүүлж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн алба олон нийтэд  мэдээлэл хүргэж ажиллах.

АРВАН НЭГ. Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар, Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд Энхтайвны өргөн чөлөөгөөр тодорхой цагуудад нийтийн тээврийн хэрэгслэлүүдийг авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болгох.
-Нийслэлийн Нийтийн тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулах. Жолооч нарын сахилга хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах.

АРВАН ХОЁР. Явган хүний замын болон байгууллага, аж ахуйн нэгжийн ойролцоох хальтиргаа, гулгааг арилгахад Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга нар онцгой анхаарч нэмэгдэл хүч гаргах, нийтийн цэвэрлэгээ хийлгэхийг үүрэг болголоо.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.