Өмнөговийн станц “тэг” зогсолт хийгээгүй
2012.01.13

Өмнөговийн станц “тэг” зогсолт хийгээгүй

ТОВЧХОН
  • Одоогийн байдлаар Өмнөговь аймагт дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг хөлдөлт үүссэн тохиолдол гараагүй

“Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станц 01 сарын 10-наас тэг зогсолт хийж, түүнээс болж Өмнөговь аймаг хоёр хоног хөлдүү байлаа” гэсэн утга бүхий мэдээлэл өчигдөр нэр бүхий зарим нэг сайтууд болон “ТВ-9” телевизийн “Но-той ноцтой мэдээ” нэвтрүүлгээр гарсан байна. Бодит байдлыг шалгаж, үнэн мөнийг мэдээлээгүйн улмаас ард иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх ийм мэдээлэл тараасанд харамсалтай байна. Учир нь Өмнөговь аймагт дулааны станц тэг зогсолт хийгээгүй, цахилгааныг тодорхой давтамжийн дагуу хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байгаа. Гэрэл цахилгааны асуудлаас болж ард иргэдийг бухимдуулдаг “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК асуудлаа төдийлөн шийдэж чадалгүй өдийг хүрсэн боловч аймаг орон нутгийн зүгээс энэхүү асуудалд дорвитой анхаарч ард иргэдийг цахилгаан, дулаанаар хангах ажлын хүрээнд өнгөрсөн жил 3 мВт-ын дулааны цахилгаан станцын өргөтгөлийг бариулсан. Харин одоогоор энэхүү шинэ станцын үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд зарим нэгэн засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчдийн цахилгаанаар огт хязгаарлалгүй тодорхой хуваарийн дагуу хүргэж байгаа юм. Хэдийгээр цахилгааныг ийн хязгаарлаж байгаа боловч дулааныг таслалгүй хэрэглэгчдэд түгээж байна. Орон нутгийн өмчит Дулаан хангамжийн газар Даланзадгадчуудыг дулаан хангамжаар тасдалгүй дулааны шугам сүлжээний ажлаа хариуцан ажиллаж байгаа билээ.

Өчигдөр буюу 01 сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын санаачлагаар аймгийн онцгой комисс хуралдсан бөгөөд уг хуралдаанаар дулааны цахилгаан станцын болон бусад цаг үеийн байдлаар ярилцаж үүрэг даалгавар өгсөн юм. Одоогийн байдлаар Өмнөговь аймагт дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг хөлдөлт үүссэн тохиолдол гараагүй бөгөөд аймаг орон нутгийн зүгээс цахилгааны асуудлыг хэвийн болгох бүх арга хэмжээг авч ажиллуулж байна.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.