Монголбанкинд алт тушаадаг байгууллагуудыг шалгана
2012.02.03

Монголбанкинд алт тушаадаг байгууллагуудыг шалгана

Монголбанкнаас их хэмжээний алт алдагдаж, уг хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна.

Уг хэрэгтэй холбогдуулан нийслэлийн Прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулахад “Монголбанкны Эрдэнэсийн сангаас 20 кг орчим алт алдагдсан тухай асуудлаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, НПГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.  Энэ хэрэгт шалгавал зохих олон асуудал бий. 20 орчим кг алт алдагдсан гэдэг асуудал нэг өдөр хулгайлаад, завшсан асуудал биш. Энэ бол хэдэн жил дамжсан, сорьц тогтоодог, шинжлүүлдэг үйл ажиллагаатай холбоотой зүйл. Сорьц тогтоох, шинжлүүлэх явцад бага хэмжээгээр завшигдсан байж болзошгүй үйлдлүүд байгаа. Дөрвөн хүнийг цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн.  Монголбанкны Эрдэнэсийн сангийн ажилтнуудаас холбогдуулан шалгах асуудал ч бий. Түүнчлэн Монголбанк болон бусад газарт алт тушаадаг иргэн, байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулаад шалгах зүйл бий. Эдгээр шалгалтууд явагдаж эхэлж байна. Шалгана, тогтоосны дараа хэн үйлдсэн, ямар хэмжээний алт дутсан, тэр нь хэний үйл ажиллагаатай холбоотой байсан нь нийтэд ил тод болох учиртай” гэв.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний алт дутагдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Монголбанк алтаа гадаадад шүүлгэж цэвэршүүлдэг юм байна. Улмаар гулууз, гулдмай болгож оруулж ирэх явцад сэжигтэн этгээдүүд алтнаас бага багаар авсаар 18 кг-д хүрсэн байх магадлалтай аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.