2012.02.16

Э.Мөнх-Очир гишүүнд баярлаж буйгаа илэрхийлэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жөн Ирийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.Элчин сайдыг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, иргэдийн харилцааг өргөжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж хамтран ажилласанд талархаж буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.

БНСУ-ын Ерөнхий Ассамблейн урилгаар УИХ-ын даргын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, парламент, парламентын гишүүд хоорондын хамтын ажиллагаа өргөжин, цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болсон гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн Элчин сайдыг ажиллах хугацаанд хоёр орны худалдааны эргэлт хоёр дахин өсч, БНСУ-аас манай улсад олгох хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ нэмэгдснийг дурдав. Түүнчлэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа шат ахиж, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь харилцааны чиг, хандлагыг тодорхойлсон чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, ноён Элчин сайдын цаашдын ажилд амжилт, сайн сайхныг хүслээ.Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй цаг үед гурван жил Элчин сайдаар ажиллаж монголчуудын хөгжил, сэтгэлгээг мэдэрсэндээ баяртай байгаагаа ноён Жөн Ир илэрхийллээ.

Тэрбээр, БНСУ-д дөрөвдүгээр сард, Монгол Улсад зургадугаар сард парламентын ээлжит сонгууль болж, ээлжит сонгуулийн үр дүнд шинэ парламент, шинэ засгийн газар бүрдсэнээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам илүү өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн хоёр орны парламентын бүлгийн хамтын ажиллагаа төдийгүй, БНСУ-ын Элчин сайдын яамны газрын асуудлыг шийдэж өгсөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Э.Мөнх-Очирт баярлаж буйгаа илэрхийлсэн юм. Ноён Элчин сайд нутагтаа буцаж очоод солонгост ажиллаж байгаа монгол иргэдийг өөрийнхөө хүрээнд боломжийн хэрээр дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Э.Мөнх-Очир, албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.