Монголын байгалийн баялаг Лаос улстай адилхан гэв
2012.02.27

Монголын байгалийн баялаг Лаос улстай адилхан гэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодүг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр айлчлан ирсэнд нь Ерөнхий сайд С.Батболд талархаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид луугийн хүчээр урагшлан хөгжин дэвжинэ хэмээн бэлэгшээж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ.

Эртнээс улбаатай манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжих бүрэн боломжтой. Үүнд өндөр дээд хэмжээний айлчлал, тэр дундаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү-гийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа гүйцэтгэх засаглалын тэргүүн онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны ард иргэдийн хоорондох ах дүүсийн харьцаа, УИХ дахь Монгол-БНАЛАУ-ын парламентын бүлэг, улс төрчдийн харилцаа, хамтын ажиллагаанд ч өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

Өнгөрсөн жил болсон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг гээд бүх салбарт хамтран ажиллах талаар нухацтай хэлэлцсэн. Хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбараас гадна бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэрээр тэмдэглэлээ. Талууд боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт бие биенээ дэмжиж, амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулахад БНАЛАУ тууштай дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд талархаж байдгаа илэрхийлэв.Монгол түмний уламжлалт сар шинийн баярын үеэр айлчлан ёс заншил, уламжлалтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү хэллээ.

Хэдийгээр түүний айлчлал богино хугацаатай ч Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, ард иргэдийн амьдрал ч өсөн дэвжиж байгаа нь мэдрэгдэж байгааг тэрээр тэмдэглэв. Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй, ард иргэдийн зан заншил, уламжлалд ижил төстэй олон зүйл байна. Иймээс цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал.

Хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр, Санамж бичигт тусгасан зүйлсийг бодит ажил хэрэг болгоход БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей бүх талаар дэмжин ажиллана гэв.Монгол Улс БНАЛАУ-ыг НҮБ-д элсэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг бэхжүүлэх, эрүүл мэнд, оюутан сургах зэрэг чиглэлээр туслаж ирсэн. Энэ бүхний төлөө Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа Үндэсний Ассамблейн дарга Пани Ятодү онцлон тэмдэглэв. Талууд уулзалтын үеэр мөн улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей нь таван жил тутамд сонгогддог 115
гишүүнтэй. Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоожээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.