Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийлэв
2012.03.02

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийлэв

Монголын бурханы шашинтны тэргүүн есдүгээр дүрийн Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нирваан дүрийг үзүүлж, жанч халсанд гүнээ эмгэнэж байна.Монголчуудын оюуны үнэт зүйлс, үндэсний соёл, зан заншил, ёс суртахууны уламжлал нь Бурханы шашны үзэл номлолтой салшгүй холбоотой бөгөөд ариуссан бурханы гэгээн төрлийг олсон Богдынхоо дүрийг тодруулан, залж өргөмжлөх нь манай үндэсний оюун санаа, итгэл бишрэлийн тусгаар тогтнол, нэгдмэл байдлын нэн чухал баталгаа болж ирсэн билээ.Монголын анхдугаар Богдоор Эзэн Чингис хааны алтан ургийн хүн, сод билэгт соён гэгээрүүлэгч Занабазарыг өргөмжилснөөс хойш есөнтэй жанч халжээ. Монголчуудын үндэсний ухамсар, эв нэгдэл, төр улсын түүхэнд Богдуудын оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэл үлэмж их юм.Хоёр зуун жил үргэлжилсэн харийн дарлалын хүнд цаг үед VIII Богд Жавзандамба 1911 оны үндэсний эрх чөлөөний тэмцлийн оюун санааны удирдагч нь болж, тусгаар тогтнолоо сэргээн, төр улсаа тунхаглахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр мөн 1921 оны ардын хувьсгалыг амжилтад хүргэхэд багагүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилдэг.Монголчууд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар хуучин дэглэмийг халж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа баталгаажуулан, Монголын төр шашнаа хүндэтгэн, шүтэн бишрэх эрхийн нээлттэй орчин бүрдүүлсэн анхны алхмаас эхлэн IX Богд Жэвзүндамба хутагт Монголынхоо сүсэгтэн олонтой нягт холбоо тогтоож, тэдний итгэл хүндэтгэл, сүсэг бишрэлийг хүлээсэн юм.

Монголын бурханы шашны лам хувраг, сүм хийдийн нийтийн зөвшилцлөөр есдүгээр дүрийн Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцаныг Монголын бурханы шашинтны тэргүүнээр өргөмжилснийг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон батламжилсан билээ. IX Богд маань хэдийгээр бие чилээрхүү байсан ч сүсэгтэн олныхоо сайн сайхны төлөө буян номын үйлст шамдан, бурханы олон шавь нартаа номын авшиг хүртээсээр ирсэн.Манай нийгмийн амьдралын бүх салбар, түүний дотроос оюун санааны хүрээнд мандал бадралын эрин үед орж байгаа энэ цаг мөчид нийгэмд ухаарал, гэгээрэл, энэрэл нигүүслийн ёсыг номлогч Бурханы шашны хүмүүнлэг ариун чанар хэзээ хэзээнээс илүү тодорч, хувь хүн хийгээд хотол даяараа бие, сэтгэл, үйлийн ариуслыг эрхэмлэх болж байгаа нь монголчуудын буян заяа, ерөөл тавилан болой.Энэ сайн цагийн эхэнд Монголын IX Богд Жэвзүндамба хутагт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь сүсэгтэн олны сэтгэлийг шимшрүүлэн, хорвоогийн үнэний жам ёсыг таниулж, хүн бүрийг оюун сэтгэлийн гэгээрэл, шударга буянт үйлс, хичээл зүтгэлийн зам мөрт залан дуудаж байна.Монгол Улсын иргэн IX Богд Жэвзүндамба Та энэ төрлийнхөө цаглашгүй буян, ариун үйлс, түүний санаж хүссэнээр үүнээс хойш төрөл тутамдаа Монгол орондоо эргэн төрж, эгнэшгүй хувилгаан шидийн хүчээр тодрон залрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С. БАТБОЛД
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.