Монгол Улс цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй
2012.03.02

Монгол Улс цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн Н.Ганбямба нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Байнгын хороо тайлант хугацаанд 18 хууль, тогтоол, олон улсын гэрээ, хэлэлцээрийн 15 төсөл, дипломат харилцаа тогтоох тухай асуудлаар зөвшилцөх 2 дүгнэлт, Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах тухай асуудлыг зөвшилцөх тухай 2 дүгнэлт нийт 37 асуудлыг УИХ-аар батлуулжээ. Мөн олон улсын 15 гэрээ, конвенцийг Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөж, Засгийн газарт 20 хуралдааны тэмдэглэлийг хүргүүлсэн байна.

Тухайлбал тус Байнгын хороо “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протокол”-д нэгдэн орох тухай хуулийг батлуулжээ. Уг протоколд нэгдэн орсон буюу түүнийг соёрхон баталсан аливаа улс үндсэн өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарагдах хэний ч хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх, цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүргийг хүлээх юм.“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийг УИХ 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэн баталсан билээ.Уг гэрээг соёрхон баталснаар 2 улсын нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа өөрсдийн харьяат иргэдийг эх оронд нь шилжүүлэн тэднийг гэр бүлийн гишүүд, хамаатан садантай нь эргэлтээр ойрхон уулзуулах, ялын төрөл, хугацааг бууруулах аливаа эрх бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.Монгол Улсаас зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газраас тус Байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлснийг тус Байнгын хороо хэлэлцжээ. Андоррагийн Хаант Улс, Бүгд найрамдах Гамби Улс, Бүгд найрамдах Гондурас Улс, Бүгд найрамдах Науру Улс, Бүгд найрамдах Палау Улс, Бүгд найрамдах Панам, Бүгд найрамдах Өмнөд Судан Улс болон Самоагийн Тусгаар Улс зэрэг 15 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.

Итали Улсын нийслэл Ром хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг УИХ баталсан бөгөөд Европын холбооны нөлөө бүхий гишүүн орон, Их наймын нэг Итали улстай харилцаа хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт идэвхжүүлэн хөгжүүлэх, үүний тулд Элчин сайдын яамыг байгуулах нь чухал ач холбогдолтой гэж үзжээ.Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэд хэдэн хуулийн биелэлтийг шалгаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн 10 заалт бүхий тогтоол батлан гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна.
Тухайлбал тус Байнгын хороо “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протокол”-д нэгдэн орох тухай хуулийг батлуулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.