Г.Баярсайхан: Өмнийн говийн усны нөөцийг тодорхой болгох шаардлагатай
2011.03.03

Г.Баярсайхан: Өмнийн говийн усны нөөцийг тодорхой болгох шаардлагатай

Ашигт малтмалын олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцах УИХ-ын ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт ажиллаж,иргэдтэй уулзан санал бодлоо хуваалцсан аж.Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхантай ярилцлаа.

bayarsaikhan_g_uih-Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбоотой олон ажлын хэсэг томилогдсон.Танай хэсэг ямар зорилготой байгуулагдсан юм бэ?

-Манай ажлын хэсэг дөрвөн гишүүнтэй. Наранхүү гишүүнээс бусад нь буюу Сэдваанчиг, Энхбат, бид гурав Өмнөговь аймагт очиж ажиллан, компаниудын үйл ажиллагаа хэр байгаа, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаар уулзалт зохион байгууллаа. Мөн манай бүрэлдэхүүнтэй хамт Энхтүвшин, Мөнх-Оргил гишүүн хамт явсан юм. Ерөнхийдөө тус аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд бий. Тэр дундаа "Эрдэнэс МГЛ-ийн талбай болох том Таван толгой, "Энержи ресурс"-ын эзэмшдэг "Ухаа худаг"болон бусад компани байгаль орчны хуулийн хэрэгжилтээ хэр хангаж байна гэдгийг шалгах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг л дээ.

-Уул уурхайн компаниудтай холбоотой гомдол их. Энэ талаар?

-Тийм.Элдвийн санал гомдол байнга л гардаг.Тэр бүхнийг сонсож мэдэх үүднээс хамгийн эхэнд Цогтцэций сумын иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Орон нутгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтарч ажилладаггүй, зөвхөн эрх мэдлийнхээ төвшинд аливаа асуудлыг шийдэж байна гэсэн гомдол хэлж байсан. Энэ бол тухайн аймаг, сумын удирдлагатай холбоотой асуудал. Үүнээс гадна бэлчээрийн талбай нь лицензтэй газартай давхцаад байгаа гэж байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол амин зуулга болсон малаа бэлчээх газаргүй болох нь, шийдэж өгөөч гэж хүсэлт гаргасан. Үүнийг ялгаж зааглах ёстой. Байдал энэ хэвээр үргэлжилбэл, бэлчээргүй болгоно. Ер нь, нүүдлийн соёл иргэншилтэй учраас зайлшгүй дээрх асуудалд анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

-Тус аймагт газар өмчлүүлэхээ больсон гэж дуулсан?

-Үүнийг ч мөн адил хөндөж байна билээ. Хуулийн дагуу Монгол улсын иргэн бүр тодорхой хэмжээний газар өмчлөх ёстой. Гэтэл сүүлийн үед газар олгохоо больж, удирдлагууд нь газрын наймаа эрхэлж байна гэсэн гомдол хэлж байсан юм. Дөрвөн буланд нь шон хатгасан нэг өрхийн өмчлөх хэмжээний талбай арван сая төгрөгт хүрч.

-Яагаад. Магадгүй газрын доорх баялагтай нь холбоотой юм болов уу?

-Үгүй л дээ. Ирээдүйд томоохон хэмжээний бүтээн байгуулалт явагдах учраас одооноос ийм өртөгтэй болж байгаа хэрэг. Хүссэн хүсээгүй хөрөнгө, хүн амын төвлөрөл бий болоод эхэлжээ. Хоёрдугаарт, газар олгох төлөвлөгөө нь батлагдаагүй юм билээ. Үүнийг орон нутгийн удирдах байгууллагынхан холбогдох газарт нь хандан батлуулж болно. Хийхийг хүсэхгүй, сэтгэл байхгүй болохоор ийм байдалтай байгаа болов уу. Алгаа тосоод суугаад байвал юу ч бүтэхгүй. Иргэд нь шахалт үзүүлж, ИТХ-тайгаа хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Түүнээс тэр болохгүй байна, энэ нь ч ингэчихлээ гээд хоёр тийш хараад суувал маргаанаа шийдэхгүй шүү дээ.

-Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орон нутгийн хөгжилд хэр нөлөө үзүүлж байх юм?

-Дэмжлэг туслалцаа үзүүлдэг юм байна. Бүтээн байгуулалтын ажил ч хийж.Спортын ордон, зочид буудал, орон сууцны барилга гээд нэлээд их зүйл хийснээ танилцуулсан. Цаашид ч олон ажил гүйцэтгэх тухайгаа ярьсан.

-Түрүүн бэлчээрийн асуудал хөндөгдсөн. Том тэрэг явах тусгай замгүй учраас жолооч нар хаагуур ч хамаагүй давхидагтай холбоотой байх л даа?

-Зам барих шаардлага байгаа. Трасгүйгээс болж 500-1.5 км өргөн шороон зам үүссэнийг харлаа. Машины цуваа ч тасрахгүй юм. Хүнд даацын тэрэгнүүд ёстой л жаран хөлт шиг л цувж байсан. Гурван уурхайгаар орж, байдалтай нь танилцахад тусгай зам барихаа мэдэгдсэн.Нэг нь зам тавьж эхэлсэн байна. Стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа гэж хэлсэн ч арай л нарийхан юм шиг санагдсан. Магадгүй цаашид өргөтгөн сайжруулах байх. Тухайн газарт очиж ажиллах үед нэг зүйл бодогдсон л доо. Бид хууль тогтоох байгууллагаараа хэлэлцэн Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гаргасан. Тэгвэл одоо авто замын талаар бодлого гаргах хэрэгтэй юм байна. Дагаж мөрдөх, нэгдсэн бодлоготой болчихвол уул уурхайнхан ч замаа засаж, тээвэрлэлтээ хийнэ. Бас боомтын асуудалд ч анхаарах нь чухал. Хэдхэн жилийн дараа 50 сая тонн нүүрс экспортоор гаргадаг болох тул өргөтгөх нэмэх шаардлага гарах л болов уу. Нэг зүйл онцлоход төмөр замын бодлогоо баталчихсан юм чинь одоо яаралтай эхлүүлэх л хэрэгтэй байна. Тэгэхгүй бол боомтууд нь ачааллаа дийлэхээ байж мэдэх нь.

-Өмнөговь аймаг усны нөөц муутай. Ашигт малтмал олборлоход маш их хэмжээний ус хэрэгтэй болдог. Гэтэл өнөөг хүртэл хэдэн жил гүний усаа ашиглах нь тодорхойгүй л байгаа?

-Олборлолт явуулж буй компаниуд тус тусдаа гидро геологийн судалгаа хийж, тодорхойлдог. Жишээлбэл, найм, 15 жилийн нөөц тогтоогоод дахин судалгаа явуулах юм. Тиймээс л урт хугацаанд буюу Оюутолгойг 100 орчим жил ашиглах усны нөөц нь тодорхой бус байгаа хэрэг. Цаашид компаниуд тусдаа бус тогтсон нэг байгууллагаар усны нөөцийн судалгаа хийлгэх нь зүйтэй. Гэхдээ дотоодынх байх нь чухал.

-Говь нутаг ирээдүйд хүн амьдрах аргагүй болох магадлалтай. Учир нь, усны хомсдол үүсэх болохоор. Үүнээс сэргийлэх боломж бий юу?

-Усны зөв зохистой ашиглалт явуулбал тийм аюул нүүрлэхгүй. Мөн нөхөн сэргээлтээ 100 хувь хийх нь чухал. Өмнө нь, нөхөн сэргээлт хийдэггүй, хууль хэрэгжүүлдэггүй байснаас болж олон газар сарны гадаргуу шиг барзгар болсон. Гол ус, нуур цөөрөм ч их ширгэснийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн гол нь, дэлхийн стандартын дагуу олборлолт явуулах, нөхөн сэргээлтийг нь цаг тухайд нь хийлгэх л хэрэгтэй.Зөв зохистой үйл ажиллагаа явуулахгүй бол өмнийн говь ирээдүйд ундны усгүй, хүн амьтан тогтохооргүй болно.

-Компаниуд үйл ажиллагаа явуулсны дараа нөхөн сэргээх ажлыг өөр аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Энэ нь оновчтой ажил мөн гэж та боддог уу?

-Тийм ч оновчтой, зөв гэж боддоггүй. Ухах, төнхөх ажил хийсэн нь өөрөө үүрэг хариуцлагаа ухамсарлан нөхөн сэргээлт хийх хэрэгтэй. Өнөөдөр нөхөн сэргээхэд тэдэн төгрөг гээд уул уурхайн компаниас гаргачхаар төсөв нь хүрэхгүй байна гээд гүйцэтгэгч байгууллага дутуу орхих нь элбэг, Хэрэв үүрэг хариуцлагыг нь олборлогчид өгчихвөл хаа хамаагүй малтлага явуулахгүй, эргээд сэргээхэд хялбар маягаар олборлох талтай. Учир нь, их хэмжээний хөрөнгө зарцуулахыг хэн хүсэх билээ.

-Саяхан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд усны асуудлаар хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс уул уурхайд ашиглах усны тарифыг нэмэх санал гаргаж байв. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Маш зөв зүйтэй асуудал. Гэхдээ хэзээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. Яах вэ татвараа нэмчихлээ гэж бодъё. Энэ нь, дөнгөж үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж, хайгуул, судалгаа хийж, бүтээн байгуулалтаа эхэлсэн аж ахуйн нэгжид хүндхэн цохилт болно. Харин олборлолтоо явуулж, тогтворжих үед нь усны нөөц ашигласны татвар авч болох байх гэсэн байр суурьтай байна даа. Ер нь, ус бол чандмань эрдэнэ, амьдралыг тэтгэгч болохоор ярих л ёстой зүйлийн нэг. Энэ бүх асуудлаа хаврын ээлжит чуулган эхлэхээр танилцуулна. Автозамын бодлого raprax, төмөр замын ажлаа эхлэх, усны бодлогоо хэрхэн зохицуулах талаар санал дэвшүүлэх болно.

Э.Мөнгөн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.