Өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг монгол маягийн шахалт
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр
2012.10.11

Өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг монгол маягийн шахалт

өрийн зарим өндөр албан тушаалтныг Ерөнхийлөгч, УИХ-аас зургаан жилийн хугацаа­тай томилдог. Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Ерөнхий аудитор, Сонгуулийн ерөнхий хорооны дарга гээд ийм албан тушаалтан Монголд хуруу дарам цөөн бий. Нам дагаж хийсэх бус, зарчим мөрдөж ажиллах учиртай хүмүүс болохоор ийнхүү зориуд зургаан жилийн хугацаатай томилж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаа хувь хүнд нь бус албан тушаалд нь зориулагдсан гэсэн үг. Сонгуулийн мөчлөгөөс зөрүүлж, сонгуулиар засгийн эрх аль ч намд шилжсэн эдгээр албан тушаалтан хөдлөхгүй байхаар хуульчилсан хэрэг. Хуулиар ингэж албан тушаалыг нь, эрх мэдлийг нь хамгаалж өгсөн нь ердөө л улс төрөөс хараат бус байлгах гэсэн арга шүү дээ.

Төрийн хуулиар дархлагдсан эдгээр албан тушаалтныг чөлөөлөх цөөхөн нөхцөл байдаг. Хувь хүний эрүүл мэндтэй холбоотойгоос бусдаар бол гэм буруутайг нь шүүх тогтоовол л тэднийг хуга­цаанаас нь өмнө чөлөөлдөг хуультай. Бас нэг заалт байдаг нь тухайн албан тушаалтан өөрөө хүсэлт гаргавал зургаан жилийн хугацаанаас нь өмнө чөлөөлж болдог. Өөрөө л хүсээгүй бол эдгээр албан тушаалтан хуулийн хамгаалалт дор улс төрөөс ангид ажиллах эрх зүйн орчин Монголд байгаа гэсэн үг. Харин уг зарчим одоогийн Ерөнхийлөгч, энэ парламентын өнгөн дээр утгаа алдаж байна уу гэсэн болгоомжлол олон нийтэд төрөх болжээ. Учир нь, шил шилээ даран улс төрөөс хуулиар хамгаалагдсан албан тушаалт­нууд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Ингээд ийм албан тушаалтнуудыг эргэн нэг саная.

ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН С.БАТДЭЛГЭР

Монгол Улс парламентын засаглалтай орон. Гэхдээ эрх мэдлийг гурав хуваасан системтэй. Энгийнээр бол УИХ нь хууль баталж, түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлж, хэрэгжүүлэхдээ зөрчсөн эсэхийг нь шүүх тогтоодог зарчимтай. Ингэж бодвол Дээд шүүхийн ерөнхий шүүгч гэдэг нэг засаглалын тэргүүн гэсэн үг. Тиймээс ерөнхий шүүгчийг улс төрөөс ангид байлгахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгосныг УИХ хэлэлцэж, Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай томилдог хуультай. Яг энэ зарчмаар томилогдсон хүн бол Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг. Тэрээр энэ албан тушаалыг 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас хойш хашиж буй. Харин түүний өмнөх ерөнхий шүүгч С.Батдэлгэр өөрийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн. Бас л дүрэм журмын дагуу томилогдсон тэрээр дүрмийн бусаар тоглоомоос хасагдсан гэж ярьдаг юм билээ. Яагаад гэвэл тэр одоогийн Ерөнхийлөгчийн хүн биш. Тиймээс ч 2005 онд одоогийн МАХН-ын дарга, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсон С.Батдэлгэр бүрэн эрх нь дуусахаас бүтэн нэг жилийн өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Энэ талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шахсан гэсэн яриа улс төрийн хүрээнд явж байдаг билээ.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.АЛТАНХУЯГ


Мөн л Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Улсын ерөнхий прокуророор томилогдож байсан хүн бол М.Алтанхуяг.  Харин дараагийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг 2010 оны тавдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас жил хагасын өмнө ийнхүү чөлөөлсөн нь М.Алтанхуяг өөрөө хүсэл­тээ гаргасантай холбоотой байв. Өөрийн хүсэл­тээр л гэж байгаа болохоос үнэндээ улс төрийн шахалт, төрийн тэргүүний дарамт байсан гэж яригддаг. Тухайн үед МАН-д байсан, одоо МАХН-ын нэрээр Сангийн сайдын алба хашиж буй Ч.Улаан хүртэл “Алтанхуягийг шахаад байхад нам яагаад зүгээр суугаад байгаа юм бэ” гэж УИХ дахь бүлгийн хурал дээрээ хуучин намын удирд­лагууд руугаа дайрч байсан удаатай. Энэ бол улс төрийн шахалтаар М.Алтанхуягаас ажлыг нь авсан гэдгийг тодотгож байгаа нэг зүйл болов уу.

М.Алтанхуягийг прокурорын албаа өгчихвөл Цэцийн дарга болгоно гэсэн улс төрийн тохироо ч бас явсан гэдэг. Гэхдээ түүнийг Цэцийн ги­шүүнд нэр дэвшүүлсэн ч АН-ын бүлэг удаа дараа завсарлага авч томилуулаагүй. Харин М.Алтан­хуягаас ерөнхий прокурорын ажлыг Ерөнхий­лөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав авсан билээ. Түүнийг 2010 оны тавдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сольсон байдаг. М.Алтанхуягаас гадна түүний орлогч Цэрэнбалтав ч бас хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА АСАН Ч.САНГАРАГЧАА

Зургаан жилийн хугацаатай томилогддог албан тушаалаа улс төрийн ил цагаан гэж болохуйц шахалтаар өгсөн хүн бол Авлигатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ хүртэл түүнийг ажлаа өг гэж Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж шахаж байсан удаатай. Гэхдээ түүнд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс ял өгсөн болохоор чөлөөлсөн гэдгийг тодотгоё. Ажилтнаа тагнаж, чагнасан гэх үндэс­лэ­лээр шүүхээс ял сонссон тэрээр өөрийг нь улс төрийн үүднээс шахаж байна гэж хэлсэн удаатай. Мөн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өөрийг нь зохион байгуу­лалттайгаар буруутгаж байна гээд, “Улсын ерөнхий прокуро­роор улс төрийн том намын хүн сонгогдсон. Тэр хүн ажлаа хуулийн байгууллагыг улстөржүүлсэн хандлагаар эхлүүлж байна. Энэ бол зохион байгуулалттай, зорилготой үйл ажиллагаа. Намайг шалга, бас дахин шалга. Би өөртөө итгэлтэй байна” гэж шүүхээс ял сонсохоосоо өмнө хэлж байсан. Ямартай ч тэрээр мөн л зургаан жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

2007 оны арванхоёрдугаар сарын 28-нд томилогдож байсан АТГ-ын дарга Ч.Сангараг­чаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар 2011 оны арван­нэгдүгээр сарын 17-нд чөлөөлөгдсөн юм. Өөрсдөө хүсэлтээ гаргаагүй ч өөрийн хүсэл­тээр чөлөөлөгд гэж шахагдаж байсан хүмүүс юм.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖ

Төрийн мөнгөний бодлогыг барьдаг болохоор Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Улс төрөөс ангид байх зайлшгүй шаардлагатай албан тушаалын нэг. Харамсалтай нь, хүсэхэд хясна гэдэг шиг Төвбанкны ерөнхийлөгчийн суудал хамгийн ойр ойрхон эзнээ “шилгээдэг” гэхэд болно. О.Чулуун­батаас хойш А.Батсүх, Л.Пүрэвдорж, Н.Золжар­гал гээд гурван ч Ерөнхийлөгчийн нүүрийг зургаа хүрэхгүй жилийн дотор үзээд байна.

Л.Пүрэвдоржийн хувьд 2009 оны нэгдүгээр сарын 8-нд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон бол өнгөрсөн сарын 14-нд чөлөөлөгдлөө. Чөлөөлөгдөх болсон шалтгаан нь мөн л өөрөө хүсэлтээ гаргаж, УИХ-ын даргад өргөдлөө өгсөнтэй холбоотой байв. Гурван жил Төвбанкийг толгойлсон энэ эрхэм өргөдөл өгсөн шалтгаанаа хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бусад албан тушаалтны нэгэн адил бас л олон нийтэд тайлбарлаагүй байгаа.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА АСАН Н.ЛУВСАНЖАВ

Шулуухан хэлэх юм бол Сонгуулийн ерөн­хий хороо улс төрийн байгууллага шиг ажилла­даг нь үнэн. Дарга нь МАН-ынх бол, нарийн бичгийн дарга нь АН-ынх гэсэн байдлаар энэ байгуул­лагын удирдлагыг хоёр том нам хувааж томилдог байв. Яг энэ зарчмаар 2009 онд Н.Лувсанжавыг МАН-ынхан, Ч.Содном­цэрэнг АН-ынхан санал болгож, СЕХ-ны удирдлагаар томилж байв.

Улс төрөөс, аль нэг намаас ангид байх ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороонд тусгайлан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг хүртэл баталж өгсөн байдаг. Гэвч энэ байгуул­лагын удирдлага улс төрийн шалтгаанаар ажлаа өгөх шиг боллоо.

2009 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-аас Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдож байсан Н.Лувсанжав бүрэн эрхээсээ хугацааны­хаа тэн хагаст ирээд татгалзлаа. Татгалзлаа гэдэг нь наад талдаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл бичсэнтэй холбоотой. Харин цаанаа улс төрийн шахалт, дарамт байсныг үгүйсгэх аргагүй юм. “Өөрийг нь чөлөөлөх чуулганы нэгдсэн хуралдаанд хүртэл оролцоогүйг нь бодоход багагүй дарамталж дээ, та нар” хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин хэлж байсан удаатай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Ч.РАДНАА

Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн сүүлийн хүн бол Ч.Раднаа. Одоогоор албан тушаалаас нь УИХ эцэслэн чөлөөлөөгүй байгаа ч дараагийн хүнийг нь Байнгын хороо томилохоор хэдийнэ санал хураачихсан.

Ч.Раднаагийн хувьд Үндэсний аудитын газрын дарга буюу Монгол Улсын ерөнхий аудитороор 2009 оны нэгдүгээр сарын 16-нд томилогдож байсан. Бас л хугацаанаасаа гурван жилийн өмнө өөрөө хүсэлтээ гаргасан нь энэ. Түүнийг чөлөөлөх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед Р.Амаржаргал гишүүн эсрэг санал өгөхөд хурал даргалж байсан УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Хүн өөрөө хүсэлтээ гаргаад байхад эсэргүүцээд байгаа юм уу” гэж асууж байх нь сонсогдсон. Үнэхээр ч өөрөө хүсэлтээ гаргасан бол чөлөөлөхөөс яахав. Гэхдээ өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг монгол маягийн шинэ шахалтын л нэг үргэлжлэл болов уу даа. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.