2010.08.04

П. Алтангэрэл: Биржтэй болохын тулд үйлдвэр байгуулах мөнгөө төсөвт зайлшгүй суулгах ёстой

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс Биaltangerel_gishuun_0888ржийн тухай хуулийн талаар тодруулав.

-Биржийн тухай хуулийг төсөл санаачлагчид буцаагаад татчихсан гэж сонслоо. Зайлшгүй шаардлагатай гээд байсан энэ хуулийн төслийг яагаад татчихсан юм бэ?

-Ер нь Биржийн тухай хуулийг сайн бодож боловсруулж хийх шаардлагатай байгаа юм. Бирж гэхээр манайхны нэг хэсэг нь хуучин түүхий эд бэлтгэлийн ангитай адил гэж ойлгоод байгаа. Нөгөө хэсэг нь суурынмал, хот улсын маягтай улсад хэрэгжсэн бирж маягаар ойлгоод байгаа юм. Тэр хоёр төрлийн ойлголтын солбилцлыг олохгүй бол болохгүй байна л даа. Тэгээд зарим тодорхой зүйлийг сайжруулах гээд буцаасан. Анх энэ хуулийг ХХААХҮЯ боловсруулсан юм. Саяхан тэд хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлгээр нэлээд тодорхой болгоод авлаа гэж ойлгосон доо.

-Биржийн тухай хууль ердөө ченжүүдийг дэмжих төсөл болж байна гэдэг шүүмжлэл байсан. Ямар учиртай юм бэ?

-Бид ченжүүд гэж ад үзээд байх шаардлагагүй. Ченжүүдээ сайн хөгжүүлж чадвал биржийн үндсэн нэгж дээр ажиллах брокерууд болоод явчихна. Одоо энэ хуулиар ченжүүдийг шахаж хаяад оронд нь өөр нэгж орж ажиллана гэж ойлгож болохгүй. Харин одоо байгаа ченжүүдээ нэгдсэн мэдээллийн сүлжээнд оруулаад албан ёсны агуулах, байр савтай болгож, сургалтанд хамруулаад, жинхэнэ бирж дээр ажиллаж чаддаг болгож хувиргах юм.

-Ченжүүдэд тулгуурлаж энэ хууль хэрэгжих юм байна. Нөгөөтэйгүүр малчдаа яаж дэмжих вэ. Малчдад зориулсан хууль биш гэдэг асуудал гарах юм биш үү?

-Тийм. Гэхдээ малчдад энэ хууль хэрэгтэй. Яагаад гэвэл Биржийн тухай хуулийн далбаан доор бид малчдаа хоршоолох, нэгтгэх чиглэл рүү явуулахыг зорьж байгаа. Тэгж байж нэгдсэн зохион байгуулалттай болно гэж үзэж байна. Тухайлбал малчинд «Таны түүхий эдийг энэ жил тийм үнээр авна» гэдгээ урьдчилаад хэлчихдэг, тохирчихдог болох юм шүү дээ. Өөрөөр хэлбэл үүнд зах зээлийн үнийн хэлбэлзэл нөлөөлөхгүй учраас малчдад ашигтай байгаа биз. Түүнчлэн түүхий эдээ нэг газар төвлөрүүлж, нэг хүнээр дамжуулаад тодорхой үнээр өгдөг болчихвол малчид орлого, зарлагаа төлөвлөхөд хялбар болно.

Хаана түүхий эдээ тушаах энэ тэрд санаа зовохгүй болчих юм. Эцэстээ малчид маань хоршоолж, нэгдсэн байдлаар түүхий эдээ нэг үнээр нийлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг энэ хууль батлагдсанаар илүү сайн ойлгоно. Магадгүй ченжүүдээ дэмжих гэж байна гэж бодож болох ч ченжүүд нь өмнөх шиг махыг нь аваачаад цаанаа хэд нугалаад зардгийг нь дэмжээд явах юм биш. Үүнийг хуулиар зохицуулаад нэгдсэн мэдээллийн сүлжээнд оруулна. Худалдаа хийдэг төв зэрэг нь шал өөр болно.

-Мэдээж, биржтэй орнуудын туршлагыг чамгуй судалсны үндсэнд хуулийн төслийг боловсруулсан байх?

-Австрали зэрэг олон орны туршлага судалсан юм байна лээ. Ер нь бид нэг бол аль нэг орны хуулийг маш сайн хуулах ёстой. Үгүй бол яг өөрийнхөө улсад тохирсон хуулийг шинээр хийх ёстой. Хуулах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй, шинээр юм хийх гээд байгаа нь ч мэдэгдэхгүй байж болохгүй гэж бодож байна. Манай Биржийн тухай хуулийн төсөл гадаадын хуулийг хуулсан гэхээсээ илүү үндэснийхээ онцлогт тохирсон хууль болж байгаа. Манайх чинь их онцлогтой, натурал, жалгын нэг мал аж ахуйтай шүү дээ. Тийм учраас үүндээ тохирсон бирж бий болгох гэж байгаа юм.

-Энэ хууль батлагдвал биржээ яаж байгуулах юм бол?

-Энд миний эргэлзэж буй нэг л зүйл байгаа. Бараа түүхий эдийн бирж байгуулах уу, эсвэл дагнасан нэг бирж байгуулах уу гэдэг асуудал байгаа юм. Би хувьдаа ноос, ноолуур, мах гэх мэтээр төрөлжүүлж үзвэл зүгээр гэж бодож байгаа. Яагаад гэвэл бараа, түүхий эд гээд нэг хаяганд хийчихээр хөлөө олохгүй бантан болчихдог, тэгээд замхарчихдаг. Тийм учраас энэ хуулийг боловсруулах үед би эхнээс нь нэг төрлийн зүйлээр дагнаад бирж болгож ажиллуулавал яасан юм бэ гэдэг санал тавьсан. Гэхдээ бараа, түүхий эдийн бирж байгуулахаар сүүлд ороод ирнэ лээ. Хэлэлцүүлгийн явцад төгс төгөлдөр болох байх гэж бодож байна.

-Социализмын үед бэлтгэл анги байсан нь их амар байж дээ гэж хүмүүс ярьдаг. Яг үүнийг өнөөдөр манай орчинд нэвтрүүлэх боломжтой юу?

-Ер нь жалгын нэг мал аж ахуйтай манай орчинд тэр хамгийн шалгарсан арга байсан л даа. Биржийн тухай хуульд үүнийг харгалзаж үзсэн. Хуучин бэлтгэл ангитай адил байдлаар зайлшгүй хийгдэх байх. Яагаад гэвэл манайх өргөн уудам газар нутагтай. Малчид уул уулын аманд мал маллаж байгаа цагт өмнө нь шалгарсан тэр л аргаа ашиглахаас өөр аргагүй.

-Малчдаас бараа, түүхий эдийг нь ингээд цуглуулаад авчихлаа гэхэд тэр бүтээгдэхүүний эрэлтийг яаж бий болгох вэ. Ер нь гадаад, дотоод зах зээдд энэ чиглэлээр ажил хийгдэж байгаа юу?

-Тийм. Бид үүндээ тулгуурлаад үндэсний үйлдвэрүүдээ дэмжих ёстой юм. Түүхий эдээ ашигтай болгохын тулд үндэсний үйлдвэрээ л босгохоос аргагүй. Гадныхан манайхаас 10 мянган төгрөгөөр авсан адууны ширээр гурван гутал хийгээд нэгийг нь 350 ам.доллараар зарахад нэг арьс 1000 гаруй ам.долларын үнэ хүрч байна. Тийм учраас бид Биржийн тухай хуультай хамт үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал Итали гутлын үйлдвэрийн технологийн дагуу яг тийм чанартай гутал хийх хэрэгтэй. Ингэж дэлхий нийтийн жишигт хүрсэн уйлдвэрлэл явуулбал   малчдын   гар   дээрээс   ирэх түүхий эд ч үнэд хүрэх боломжтой. Хэдэн ченжүүд арьсыг нь аваад Хятад руу гаргаад байдаг тогтолцооноосоо салахын тулд л үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэдэгт энэ хуулийн бас нэг агуулга оршиж байгаа.

-Энэ зохицуулалтыг хуулинд хийж өгөхгүй бол эрэлтгүй хэсэгхэн байхад л бирж байгуулагдлаа ч буцаад задарчих байх даа?

-Тийм учраас энэ хуулийг батлахдаа тодорхой хэмжээний үндэсний үйлдвэрлэл байгуулах, дэлхий нийтийн жишигт нийцсэн технологи оруулж ирэх зэрэгт зориулах мөнгийг улсын төсөвт суулгаж өгөх ёстой гэж бодож байна. Үүнийг давхар шийдэхгүйгээр биржийн арилжаа явахгүй. Үйлдвэрлэл байхгүй бол арилжигдаж байгаа бүтээгдэхүүн нь үнэ хүрэхгүй шүү дээ.

Мөнхжаргалын Уранчимэг (Өглөөний сонин)

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.