Нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар уулзалт ярилцлага зохион байгууллаа
2011.02.22

Нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар уулзалт ярилцлага зохион байгууллаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар өнөөдөр Төриaltangerel_bhoroooйн ордонд уулзалт-ярилцлага зохион байгууллаа. Уулзалт-ярилцлагад УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, Төсийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баттөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог, НЗДТГ-ын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Нандингэрэл  болон холбогдох албаны хүмүүс  оролцов.

 

УИХ-ын 2010 оны намрын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдаж,  уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын тогтоол батлагдан гарсан билээ. Энэхүү Тогтоолоор , нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж, нийслэлийн агаарын бохирдлыг буруулах тухай хуульд заасан нөхцөл, шалгуур хангасан айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрхөд жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эрчим хүчний шөнийн хэрэглээг урамшууллын хэлбэрээр зохицуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг 2011 оны 8 дугаар сарын 01-ний дотор авч хэрэгжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг Засгийн газрын бонд гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн бусад эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх зэрэг 15 заалтын дагуу арга хэмжээ авч, шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, мөн энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд үүрэг болгосон байна.

 

agaarНийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайхан хэлэхдээ, 2009-2010 онд нийслэлд гэр хороолол  5,8 % буюу 9032 өрх нэмэгдсэн. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, хязгаарлалтын бүс байгуулах асуудал төслийн хэмжээнд яригдаж байна. Хязгаарлалтын бүсийг хоёр хувилбараар явуулна. Нэгдүгээрт, БГД-ийн 9,10,11,16 дугаар хороо буюу Гандангийн дэнжийн айлууд, хоёрдугаарт, ЧД-ийн 7,8,9,10,11 дүгээр хороо буюу Монголын радио, телевиз орчмын айлууд хамрагдана. Энэ жил 6 мянган айлыг цахилгааны хэмнэлттэй цахилгаан халаагуураар хангах боломж байна гэсэн тооцоо гарсан. Бид аль болох бодитой төлөвлөлт хийх зарчим барьж байна. 20 мянган айл өрхийг хязгаарлалтын бүсэд хамруулна. Мөн Мянганы сорилын сангаас туршилтаар хэрэгжүүлж байгаа “Цэвэр агаар” төслийн хүрээнд 60,000 турк зуухны хэрэглээг бий болгох асуудал яригдаж байна. Үүнд нийт 64.000 айл хамрагдахаар төлөвлөгдөж байна. Эдгээр 9 хороог хязгаарлалтын бүсэд хамруулахад эхний ээлжинд  80 тэрбум, дагалдан гарах арга хэмжээнд 20 тэрбум нийт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай болно гэсэн тайлбарыг хийлээ.

 

Харин Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баттөр, юуны өмнө 2011 оны улсын төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай. Нийслэлийн хязгаарлалын бүс тогтооход   шалгуур тогтоож, нарийн үндэслэл тооцоо  гаргаж өгөх хэрэгтэй байгааг хэлсэн юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ойрын үед Нийслэлийн удирдлага Сангийн яамныхантай уулзаж энэ асуудлаар тодорхой ярилцлах хэрэгтэй. Учир нь  асуудлыг шийдвэрлэх гэхээр Сангийн яаман дээр мөнгөгүй гээд гацдаг. Иймд бодитой, биелэгдэх , үр дүнтэй уулзалт зохион байгуулах нь чухал байна. Ямар нэг шалтаг шалтгаан энд яригдах ёсгүй. Асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээний цаг хугацаа, мөнгө санхүүгийн талаар нэгбүрчлэн авч хэлэлцэн идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Байнгын хороо тогтоолын хэрэгжилтэд байнга шаардлага тавьж  ажиллах болно гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, өнөөдөр утааны асуудал гамшгийн хэмжээнд болоод байна. 2011 онд утааг бууруулахад зориулж 500 тэрбум төгрөг хүртэл хэмжээнд хөрөнгө  мөнгө зарцуулж болно. Энэ мөнгийг олж чадна гэж Сангийн сайд амлалт өгсөн. Сангийн яам энэ тал дээр хүчлэхгүй байна. Нийслэлийнхэн тодорхой ажлууд хийж  байгаа. Утааг арилгах ямар арга хэлбэр байгааг нэн яаралтай оруулж ирэх шаардлагатай байна гэсэн юм.

Харин Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, өнөөдөр цаасан дээр төлөвлөгөө гаргах бус бодит ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тогтоолыг хэрэгжүүлэх цаг хугацаа шахуу байгаа ч  энэ хугацаанд шахагдаж дутуу дулимаг юм хийж  нүд хуурсан зүйл оруулж ирж болохгүй. Нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Тогтоолыг хэрэгжүүлэх календарчилсан төлөвлөгөө гаргасан байх гэж бодож байна. Утааг арилгасан бусад орны туршлага байна. Гадаад, дотоодын компаниудад нээлттэй тендер зарлахад болохгүй зүйлгүй. Солонгос улс гэхэд л зуухны асуудлыг шийдсэнээр утааг арилгасан байх жишээтэй. Аль болох хямд өртгөөр энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг Сангийн яам төсвийн зохицуулалт дээр маш сайн тооцоо хийх хэрэгтэй гэсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.