Төмс, хүнсний  ногооны  нэг га-д  ногдох урамшууллын хэмжээг нэмэх тухай хуулийн төсөл санаачилжээ
2011.06.21

Төмс, хүнсний ногооны нэг га-д ногдох урамшууллын хэмжээг нэмэх тухай хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар "Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг санаачилсанаа Засгийн газраас санал авхаар хүргүүлсэн байна. Эрхэм гишүүд дараах үндэслэлийн уламаас энэхүү хуулийн төслийг санаачилсан байна. Хуулийн танилцуулгыг бүрэн эхээр нь нийтлэв.
“Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга

altangerel_gishuunТариалангийн тухай хуульд нэмэлт оруулсан 2009 оны хуулиар  буудай үйлдвэрлэгчдэд анх удаа мөнгөн урамшуулал олгох эрх зүйн үндэс бүрдэж, улмаар 2008 онд 381 аж ахуйн нэгж, иргэний 139,5 мянган тонн буудайнд 11,1 тэрбум, 2009 онд 703 аж ахуйн нэгж, иргэний 209,9 мянган тонн буудайд 10,5 тэрбум, 2010 онд 796 аж ахуйн нэгж, иргэний 218,1 мянган тонн буудайд 10,9 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

 

Энэхүү мөнгөн урамшууллын хөшүүргийг хэрэглэсэнээр 2010 он гэхэд буудай үйлдвэрлэгчдийн тоо 2008 оныхоос 2 дахин, ургацын хэмжээ 1,7 дахин нэмэгдсэн дүнтэй байна.

 

Буудай үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 2008-2010 онд санхүүгийн чадвар дээшилж, өөрийн хөрөнгөөр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж техникээ шинэчилжээ.

 

Төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчид 2010 оны байдлаар 21 аймаг, Улаанбаатар хотод 1193 аж ахуйн нэгж, 63235 өрх төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж 13896 га-д төмс, 7238 га-д хүнсний ногоо тариалж 169,3 мянган тонн төмс, 90,4 мянган тонн хүнсний ногоо хураан авч жилийн хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэв.

 

Мөн төмс тариалж байгаа талбайн 71,6 хувь, хүнсний ногооны талбайн 84,7 хувь нь усалгаанд бүрэн хамрагдаж 1 га-гаас улсын дунджаар төмс 122 цн, хүнсний ногоо 128 цн-ийг тус тус хураасан байна.

 

Судалгаагаар төмс, хүнсний ногоо тариалж буй 63235 өрхөд 271779 хүн ам хамрагдаж амьжиргаагаа залгуулж байна. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн зонхилох хувийг эзлэж байгаа Төв, Сэлэнгэ аймагт 1 хүн амд дунджаар 406,0 мянган төгрөгийн орлого ноогдож байгаа нь олж байгаа ашгийн хэмжээ төдийлэн хангалттай биш байна.

 

Төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн механикжилтын түвшин 1990 оныхоос буурч тарилт, хураалтын ихэнх ажиллагаа нь гараар хийгдэж байгаа нь эрчимжилт сул байгааг харуулж байна. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн төлбөрийн чадвар муугаас болж бүтээмж сайтай, өндөр үнэтэй орчин үеийн техникийг худалдан авч чадахгүйгээс технологийн үйл ажиллагаа нь хоцрогдож байна.

 

Энэхүү байдалд дүгнэлт хийж гадаад орнуудын туршлагат тулгуурлан төмс хүнсний ногоо тариалсан нэг га тутамд төрөөс тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгож тэдгээрийн  санхүү төлбөрийн чадварыг сайжруулах шаардлага амьдралаас урган гарч байна.

 

Мөн урамшуулал олгосноор төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд том хөшүүрэг болно.

Төв аймгийн Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Сүмбэр, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтан булаг, Баянгол, Мандал, Хушаат, Орхон, Жавхлант, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Орхон зэрэг 14 сумын иргэд, аж ахуйн нэгжүүд төмс, хүнсний ногооны нийт үйлдвэрлэлийн 60-70 хувийг үйлдвэрлэж байна.

 

Эдгээр сумдад дундын үйлчилгээний хөрс боловсруулалт, тарилт, хураалт, сортлолтын иж бүрдэл техникийг хөрөнгө оруулалтаар авч төлбөрт үйлчилгээ явуулахад төмс, хүнсний ногооны механикжилтын түвшин эрс дээшлэх болно.

 

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эхний ээлжинд шаардагдах юм.

 

Газар тариалангийн үйлдвэрлэлийг 2011-2020 он хүртэл хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө” – гөөр 2020 он гэхэд төмс тариалах талбай төмс үйлдвэрлэлийг иж бүрэн механикжуулж, усалгаанд бүрэн хамруулан сайн чанарын үр үржүүлгийг дотоодоос хангаж, хадгалах агуулахын тоо хэмжээг нэмэгдүүлснээр 2020 он гэхэд тариалах талбайг 2011 оныхоос 2,7 мянган га-гаар багасган 1 га-гаас авах ургацын хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээр 279,1 мянган тонн болж, 1 кг төмсний өөрийн өртөг 460 төгрөг байхаар тооцогдож байна.

 

2020 он гэхэд хүнсний ногооны үйлдвэрлэлийг 2011 оныхоос 5500 га-гаар нэмэгдүүлж, 1 га-гаас 30 цн-ээс доошгүй ургац хураан нийт 381,0 мянган тонн хүнсний ногоо хурааснаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.

 

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  1. Хот, суурин газрыг түшиглэн 20-30 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногоо хадгалах агуулахын аж ахуйг хөгжүүлж, борлуулалтын сүлжээ бий болгох
  2. Жилийн дөрвөн улиралд хүн амыг хүнсний ногоогоор жигд хангахын тулд дулаан хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх
  3. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэх, хадгалах, борлуулах үйл ажиллагаанд хоршооны хэлбэрийг нэвтрүүлж, техникийн дундын үйлчилгээний нэгжийг бий болгон тарилт, хураалтын ажлыг иж бүрнээр механикжуулах
  4. Хүнсний ногооны нэр, төрлийг олшруулахын тулд үр үржүүлгийн аж ахуйн нэгжийг бий болгох
  5. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн тариалсан 1 га тутамд мөнгөн урамшуулал олгож үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх эдийн засгийн сонирхол бий болгох

 

Иймд төмс, хүнсний ногооны үйлдвэрэл эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн тариалсан 1 га тутамд төмсөнд 250,0 мянга, хүнсний ногоонд 400,0 мянган төгрөгийн урамшуулал олгоход 6,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдахаар байна.

 

Энэхүү урамшууллыг олгосноор жилдээ нэг өрхийн дундаж орлого 100,0 мянган төгрөгөөр нэмэгдэж улмаар 2013 оноос эхлэн хүнсний ногооны үйлдвэрлэлтээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөхцөл бүрдэх юм.

 

Тариалангийн тухай хуулийн 151.1 Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудай нэг тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын дундаж үнийг харгалзан мөнгөн урамшуулал олгож болно гэсэн заалтад бидний санаачилж буй хуулийн төслийн дагуу зохих нэмэлтийг оруулснаар: “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн,  хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн нэг тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын  дундаж үнийг, түүнчлэн төмс, хүнсний ногооны нэг га-д ногдох зардлыг тус тус харгалзан мөнгөн урамшуулал олгож болно” гэж өөрчлөгдөхөөр байна.

 

Мөн хуулийн 151.2. Энэ хуулийн 151.1.-т заасан мөнгөн урамшуулалын хэмжээг  Засгийн газар тогтооно гэсэн заалт хэвээр мөрдөгдөх болно.

 

Хуулийн төсөл, Үзэл баримтлалыг үзэх бол ЭНД дарна уу.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.