О.Баасанхүү НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарт хандлаа
2012.04.23

О.Баасанхүү НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарт хандлаа

Өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгч О.Баасанхүү өөрийн нь өмгөөлөлийн эрхэнд  АТГ болон бусад байгууллага бүдүүлгээр  халдаж байна гэсэн мэдээллийг хийж байсан билээ. Энэхүү асуудлаар тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, АНУ-ын Женев дахь Авлигалын эсрэг үндэсний зөвлөл, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХҮЭК, МӨХ зэрэг холбогдох байгууллагад гомдол хүргүүлжээ. Хүргүүлсэн гомдлыг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА

ГОМДОЛ ГАРГАХ НЬ:

Утга нь: Эрх ашгаа хамгаалуулах тухай.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн 0-759 дугаар бүхий өмгөөлөгч О.Баасанхүү миний бие нь МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  асан иргэн Н.Энхбаяртай 2012 оны 04 сарын 12-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа билээ.

Гэтэл гэрээ байгуулсан үеэс эхлэн АТГ-ын зарим удирдлагын зүгээс Монгол Улсын үндсэн хууль, өмгөөллийн тухай хууль, ЭБШ хуулиудаар олгогдсон өмгөөлөгчийн бүрэн эрхэнд шууд бүдүүлэгээр халдан, өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, өмгөөлөгчийн зүгээс байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход санаатайгаар саад учруулсан. 

Цаашид өмгөөлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгоод байна.

Иймд хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалуулах үүднээс дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Миний бие 2012 оны 04 сарын 12-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, үйлчүүлэгчийнхээ зөвшөөрлөөр АТГ-ын удирлагуудын тавьсан аливаа шаардлагуудын хууль зүйн үндэслэлийг үйлчлүүлэгчдээ тайлбарлах чиг үүрэгтэйгээр тухайн өдөр оролцож байсан юм. Гэтэл  дөрөвдүгээр сарын 12-ны шөнө хийгдсэн баривчилгааны үед тухайн үед байсан АТГ-ын удирдлага болон цагдаагийн байгууллага, хүчний байгууллагийн  удирдлагуудын зүгээс өмгөөлөгчийн эрхийг хүндэтгэн үзээгүй, баривчилгааны үед өмгөөлөгчтэй харилцахаас эрс татгалзан,  хүч түрэмгийлсэн үйлдлийг гаргасан болно.
  2. Дөрөвдүгээр  сарын 13-ны өдөр миний үйлчлүүлэгчийг ШШБЕГ-ийн харъяа Төв аймгийн цагдан хорих төвд хорихдоо ЭБШ хуулийн 61.1-д зааснаар гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчид нь албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд зөвхөн өмгөөлөгч болон гэр бүлийн зүгээс албан бус мэдээллийн дагуу тухайн хоригдож буй хүний байгаа газрыг олж мэдсэн юм.
  3. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу “бүтэн сайн” амралтын өдөр өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр байцаан шийтгэх ажиллагаа явуулах гэж оролдсон ба ингэхэдээ миний үйлчлүүлэгчид таны өмгөөлөгч өмгөөлөлийн үйлчилгээг үзүүлэхээс санаатайгаар татгалзсан хэмээн худал мэдээллийг өмгөөлүүлж буй хүнд маань өгсөн байна.
  4. Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр  байцаалтын ажиллагаанд оролцох явцад миний үйлчлүүлэгчтэй бүдүүлэг харьцан, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг авах гэж оролдсон бөгөөд хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг авч явсан юм.
  5. Дөрөвдүгээр  сарын 18-ны өдөр АТГ-ийн Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбат нь өрөөндөө өмгөөлөгч намайг дуудан ирүүлж, цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оруулахгүй хэмээн мэдэгдсэн болно.
  6. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АТГ-ийн мөрдөн шалгах хэлтэсийн дарга эрхэлсэн коммиссар Д.Цоодолсэнгээгийн зүгээс 06/1565 тоот албан бичгийг ирүүлэн тухайн албан бичигтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.4, ЭБШ хуулийн 146.9, өмгөөлөлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4, ЭБШ хуулийн 41-р зүйлийг тус тус үндэслэн цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн энэхүү мэдээллийг АТГ-ын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж,  үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан гэрээний нууцлалыг санаатайгаар задалсан байна. Тэдний хийсэн энэхүү хууль бус үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг 16-р зүйлийн 14 т “ өөрөө өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа болно. Түүнчлэн тухайн байгууллагын зүгээс  ЭБШХ-ийн 8.1, 8.2, мөн хуулийн 41.3.1, 41.3.2, 41.3.5, 41.3.12, 41.3.10, 41.3.4, 146.6, 146.3 дахь заалтыг тус тус зөрчин, байцаалт хийгдээгүй тэмдэглэлд өмгөөлөгчийг гарын үсэг зурах ёстой хэмээн албадан тулгах гэсэн үйлдэл хэмээн ойлгож байна. Мөн өмгөөлөгчийн бүрэн эрхэнд халдаснаар , өмгөөлөлийн тухай хуулийн 15.1, 15.2, 14.7, 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тиймээс цаашид өмгөөллийн тухай хуулийн  12-р зүйлд заагдсан бүрэн эрхээ эдлэх, 12.3.2 д заасан үүргээ биелүүлэхэд илтэд саад учраад байгаа болно.
  7. 4 сарын 23-ны өдөр ЭБШ хуулийн 41.3.3 д заагдсан эрхийнхээ дагуу гэрчийг байцаах ажиллагаанд оролцохоор АТГ-т очиход таний байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхийг бүрэн хаасан, гэрчийг байцаахад өмгөөлөгч оролцох ёсгүй гэх шалтагууд хэлж  цаашид АТГ-ийн хийгдэж буй аливаа байцаалттай холбоотой ажиллагаанд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.

Иймд энэ бүх нөхцөл байдлуудаас шалтгаалан өмгөөлөгчийн зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн үзэж, Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд ардчилал, хүний эрхийг бүдүүлэгээр зөрчсөн дээрх хууль бус үйлдэлүүдийг таслан зогсоох талаар өөрөөс шалтгаалах эрх хэмжээний хүрээнд арга хэжээ авч өгөхийг хүсэн, ийнхүү хандаж байгаа болно.

Та бүхний зүгээс өмгөөлөгч миний эрх ашгийг хамгаалан, туслалцаа дэмжлэг өгөхийг хүсье

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.