2012.01.20

Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудын шатахууны үнийн асуудлаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймагт автобензин, дизелийн түлш бусад аймгуудаас харьцангуй өндөр үнээр борлуулагдаж байгаа нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байгаа, мөн энэ нь хууль зөрчсөн, үндэслэлгүй юм хэмээн үзэж байна. Тиймээс гишүүд гурван асуулт бүхий асуулгыг Ерөнхий сайдад  тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
СҮХБААТАРЫН БАТБОЛД ТАНАА
Асуулга тавих тухай

yabatsiuur_altangerelДорноговь, Говьсүмбэр, Дорнод аймагт автобензин, дизелийн түлш бусад аймгуудаас харьцангуй өндөр үнээр борлуулагдаж, орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, үнийн хөөрөгдөл, дарамт учруулж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд Оросын Холбооны Улсаас импортоор оруулсан автобензин, дизелийн түлшийг төмөр замаар тээвэрлэн Сайншанд, Чойр, Чойбалсан дахь төвлөрсөн станцууддаа буулган зэргэлдээх Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын хэрэгцээг хангадаг. Гэтэл Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнэ зэргэлдээх Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад борлуулагдаж буй үнээс тогтмол 10-100 төгрөг илүү байгаа нь Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байна.

Төмөр замын тээврийн зардал хямд байдаг учир Сайншанд, Чойр, Чойбалсанд борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнэ Улаанбаатарт борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнээс 100-200 төгрөгөөр илүү байгаа нь мөн үндэслэлгүй юм.

Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цөөн аж ахуйн нэгжид олгосон бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа ашиглан үгсэн хуйвалдах замаар үндэслэлгүйгээр үнэ нэмж, хууль бусаар ашиг олж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараахь асуулгыг тавьж байна.
Үүнд:
  1. Орон нутагт өндөр үнээр борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнийг бууруулах, цаашид алслагдсан бүс нутгуудад бензин, түлшний үнийг бусад төвлөрсөн газруудын үнэтэй адил тэгш байлгахаар төлөвлөж буй арга хэмжээний талаар;
  2. Дээр дурдсанчилан Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад борлуулж буй автобензин, дизелийн түлшний үнэ бодитой эсэхийг нягтлан шалгаж, дүнг танилцуулах;
  3. Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, давамгай байдлаа хууль бусаар ашигласан автобензин, дизелийн түлш импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох, хэрэглэгчдэд олон жил учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах тухайд.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы Нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

Хувийг: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Я. БАТСУУРЬ
П.АЛТАНГЭРЭЛ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.