2011.06.15

Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

хот

1 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.1.5 дахь заалт нэмсүгэй:

1/17 дугаар зүйлийн 17.1.5 дахь  заалт:

“17.1.5.малчны болон өндөр насны тэтгэвэр авагч иргэний тэтгэврийн орлогоо

барьцаалан банкнаас авсан мөнгөн зээлийн төлбөр”.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны ...дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага

Хүний  хөгжил сангийн тухай хуулийн дагуу ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос иргэддээ хишиг, хувь хүртээх арга замуудыг тогтоон, түүний дагуу тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууцны төлбөр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний салбарын төлбөрийг төлөх болон бэлэн мөнгө өгөх хэлбэрээр олгож байна.

 

Нийгмийн зарим хэсэгт тухайлбал өндөр настан, тэтгэвэр авагч иргэд, малчдад энэ хуульд заасан орлогын хэлбэрүүдийг оновчтой тогтоох,  хүн амын дээрх хэсгийн амьдралд нөлөө үзүүлэх байдал, хэрэгцээг  харгалзан хишиг, хувь хүртээх зарим эх үүсвэрийг нэмж хуульчлах шаардлага үүсч байна.

Банкнаас малчдад олгосон зээл нь ахуйн хэрэглээ /өвс тэжээл авах/, хөрөнгө худалдан авах, сургалтын зардал, эмчилгээний зардал гэсэн зүйлд зарцуулагдаж байна.

 

2010 оны эцсийн байдлаар нийт 45.2 тэрбум төгрөгийн малчдын зээлийн өрийн үлдэгдэлтэй байна.

 

Өнөөдөр өндөр насны тэтгэвэр авагч 214.100 иргэн байгаагаас 166 200 иргэн тэтгэврийн зээлтэй байна.

Тэтгэврийн болон малчны зээл нь хүн амын эдгээр бүлгийн ахуй амьдралд зохих түвшинд нэвтэрч, амьжиргааны хэрэгцээний тодорхой хэсгийг санхүүжүүлэх эх үүсвэр болж байгаагийн хувьд зээлийн төлбөрийг Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх байдлаар олгодог төлбөрийн нэг хэлбэр болгон хууль зүйн талаас нь шийдвэрлэж өгөх ёстой гэж үзэж байгаа юм.

Энэхүү шаардлагыг үндэслэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсрууллаа.

Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй.

1 дүгээр зүйл нь Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өндөр насны тэтгэвэр авагч иргэн болон малчны, банкнаас авсан зээлийн төлбөрийг  хишиг, хувь хүртээх нэг хэлбэр болгон нэмж тусгах, 2 дугаар зүйл нь хуулийн дагаж мөрдөх хугацааг тогтоох заалтыг тус тус тусгалаа.

Өндөр насны тэтгэвэр авагч иргэний тэтгэврийн орлогоо барьцаалан авсан зээл үүнд хамаарах бөгөөд бусад арилжааны зээл үүнд хамаарахгүй юм.

 

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхай, ашигт малтмалын орлогоос нийгмийн зарим бүлэг тухайлбал өндөр настан, малчдад хуримлагдсан зээлийн төлөх өрийн зарим хэсгийг хишиг, хувь хүртээх байдлаар төлөх,  ингэснээр  тэдний амьжиргаанд бодитой нөлөө үзүүлэх нийгмийн ач холбогдол бий болохоос гадна  банкны байгууллагын зээлийн өрийн дарамтыг багасгаж, санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах, улмаар эдийн засагт нааштай үр дүн үзүүлнэ.

Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

Энэ хуулийг батлан гаргаснаар шинээр боловсруулах, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үгүй болно.

Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах
тухай хуулийн төслийн
танилцуулга

Уул уурхайн хөгжлийг дагалдан эдийн засагт бий болсон орлогын хуваарилалтыг оновчтой, зөв тогтоох, иргэддээ хүртээх арга хэлбэрүүдийг улам боловсронгуй болгох асуудал өнөөдөр зүй ёсоор тавигдаж байна. Хүний хөгжил сангийн тухай хуульд уул уурхайн орлогоос иргэддээ хишиг, хувь хүртээх арга хэлбэрийг хуульчилсан хэдий ч түүнийг хүн амын тодорхой бүлгийг харгалзан өөрчлөх, боловсронгуй болгох шаардлага байна. Нийгмийн зарим хэсэгт тухайлбал өндөр настан, тэтгэвэр авагч иргэд, малчдад хуульд заасан орлогын дээрх хэлбэрүүдийг оновчтой тогтоох, хүн амын дээрх хэсгийн амьдралд нөлөө үзүүлэх байдал, хэрэгцээг харгалзан хишиг, хувь хүртээх зарим эх үүсвэрийг нэмж хуульчлах шаардлага үүсч байна.

 

Хөдөө орон нутгийн иргэдийг банкны үйлчилгээгээр хангах, иргэдэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх үйл ажиллагааг хөдөө орон нутагт салбартай цөөн тооны банкууд гүйцэтгэж байна. Банкнаас малчдад олгосон зээл нь ахуйн хэрэглээ /өвс тэжээл авах/, хөрөнгө худалдан авах, сургалтын зардал, эмчилгээний зардал гэсэн зүйлд зарцуулагдаж байна.

2010 оны эцсийн байдлаар нийт 45.2 тэрбум төгрөгийн малчдын зээлийн өрийн үлдэгдэл байна.

 

Малчдад олгож байгаа зээл нь үндсэндээ хэрэглээний зээл бөгөөд ийм төрлийн зээлийг эргүүлэн төлөх эх үүсвэр нь зээлдэгчийн тогтмол орлого байдаг. Малчдын хувьд малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтаас бий болох орлого юм. Тухайлбал ХААН банкны мэдээлснээр зээлээ төлж чадаагүй шалтгааны 29.6 хувийг малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, малаа борлуулж чадаагүйгээс гэж үзжээ. 2009-2010 оны өвөл болсон зудын улмаас ихэнх малчдын хувьд нөхцөл байдал хүндэрсэн нь тэдний төлбөрийн чадварт муугаар нөлөөлөн банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн байна. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан ХААН, ХАС, Хадгаламж банкууд малчдад олгосон зээлийн хугацааг сунгах, хүүний төлбөрөөс чөлөөлөх, хүүний хувь хэмжээг бууруулах, зарим зээлийг  эрсдлийн сангаас хаах хүртэл арга хэмжээ авч ажиллажээ. Тиймээс малчдын хувьд тогтмол орлогын эх үүсвэрийг бий болгох, зээлжих чадварыг дээшлүүлэх асуудал бий болж байна.

 

Өнөөдөр өндөр насны тэтгэвэр авагч 214.100 иргэн байна. Нийт тэтгэвэр авагчдийн 166 200 иргэн тэтгэврийн зээлтэй байна.

Тэтгэврийн зээл, малчны зээл нь хүн амын эдгээр бүлгийн ахуй амьдралд нэвтэрч, амьжиргааны хэрэгцээний тодорхой хэсгийг санхүүжүүлэх эх үүсвэр болж байгаагийн хувьд зээлийн төлбөрийг Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх байдлаар төлбөрийн нэг хэлбэр болгон хэрэгжүүлэх нь өнөөдөр шийдвэрлэвэл зохих асуудал болж байна.

Энэхүү шаардлагыг үндэслэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсрууллаа.

 

Хуулийн төсөлд өндөр насны тэтгэвэр авагч иргэн тэтгэврийн орлогоо барьцаалан авсан зээл болон  малчны авсан зээлийн төлбөрийг  хишиг, хувь хүртээх нэг хэлбэр болгон нэмж тусгах өөрчлөлтийг Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  нэмж тусгалаа.

 

Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхай, ашигт малтмалын орлогоос нийгмийн зарим бүлэг тухайлбал өндөр настан, малчдад хуримлагдсан зээлийн төлөх өрийн зарим хэсгийг хишиг, хувь хүртээх байдлаар төлөх,  ингэснээр  тэдний амьжиргаанд бодитой нөлөө үзүүлэх нийгмийн ач холбогдол бий болохоос гадна  банк, санхүүгийн байгууллагын зээлийн өрийн дарамтыг багасгах, санхүүгийн байдлыг сайжруулах давуу талууд бий болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.