2008.03.01

Тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмэгдүүлэхэд 11 тэрбум төгрөг зориулна

Нийтийн халамж үйлчилгээ бол хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулж байгаа аль ч орны хувьд хамгийн чухал асуудал. Хөдөлмөр эрхлэлт нь ямар ч айл өрхийн амьжиргаа дээшлэх үндсэн нөхцөл болдог. Энэ хоёр асуудлыг хариуцах болсон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр боллоо. Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг тус зөвлөлгөөн шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж эхлээд удаагүй байгаа энэ үед болж байгаагаараа онцлог байлаа. Зөвлөгөөнийг нээж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан үг хэлсэн юм. Тэр хэлсэн үгэндээ "Шинэ Засгийн газар хүн амын ядуурлын эсрэг дайн зарлаж, нийгмийн хамгааллын хөтөлбөрийг боловсруулан баталлаа. Энэ хөтөлбөр, нийгмийн хамгааллын стратегийн үндсэн баримт бичиг байх болно" гээд төрийн үйлчилгээ нь иргэдэд хамгийн ойр байж, тэднийг залхаасан олон шат дамжлага, хүнд суртлаас ангид байх ёстойг онцлов.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын тоо 928 мянгад хүрч, ажиллах хүчний оролцооны төвшин 64,5 хувь болжээ. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 36,5 хувь нь ажиллаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт боловч энэ салбарын ажиллагчдын тоо буурах хандлагатай байна. Ажилгүй хүний тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа ч хөдөлмөрийн албанд бүртгүүлсэн хүний тоо 2,3 мянгаар өсөж ажилгүйдлийн төвшин 3,7 хувьд хүрчээ. Энэ нь 2001 онтой харьцуулахад ажилгүйдэл 0,9 хувиар, шалтгаангүйгээр хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо бараг дөрөв дахин буурсан гэсэн үг юм. Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3,4 тэрбум төгрөгийг хуримтлуулж, мөн төдий хэмжээний хөрөнгө зарцуулж, 155 мянган хүнийг хөдөлмөр эрхлэлтийг арга хэмжээнд хамруулжээ. Мөн хугацаанд 35 мянган ажлын байр бий болгосны 70 хувь нь байнгын аж. Манай улсад гадаадын 63 орны 5300 орчим иргэн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний дотор зөвхөн хоёр хөрш орны иргэд 60 гаруй хувийг эзэлдэг. 2004 онд халамжийн үйлчилгээнд нийт 377 мянга гаруй хүнийг хамруулж, 24,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Орон нутгийн хөдөлмөр зохицуулалтын алба, халамжийн төвүүд дээрээс хуваарилсан мөнгийг бусдад тараах үүрэг гүйцэтгэж, амиа аргацаасан байдалтай байсан бол өнөөгийн нийгмийн хамгааллын салбар нь хувийн хэвшил, хамт олонд тулгуурласан иргэдийн оролцоотой байгууллага байх болно гэж тус газрын дарга онцлон тэмдэглэж байсан юм. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаагийн хийсэн мэдээлэл тун сонирхолтой байлаа. Халамж үйлчилгээний ажлыг баттай бус судалгаагаар, зарим тохиолдолд амаар явуулж байгаагаас иргэдийн гомдол, санал тасрахгүй байгаа аж. Иймд үйлчилгээний хүрээг тогтоохдоо нийгэм, хамт олон, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах нь чухал юм. Засгийн газраас ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 4,8 тэрбум, долдугаар сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлэхэд 5,4 тэрбум төгрөгийг зарцуулах болно. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтооход шинэ итгэлцүүрийг ашигласнаар нийт 74,5 мянган хүний 19,5 хувийнх нь тэтгэвэр нэмэгдэх бөгөөд үүнд 5,3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинэ бүтэц, зохион байгуулалтаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2005-2008 онд дэвшүүлсэн нийгмийн хамгааллын салбарын хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний хөгжлийн цаашдын зорилтуудыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааны зарчим, хэлбэрүүдийг тогтооход зөвлөгөөний ач холбогдол чиглэгдлээ гэж оролцогчид үнэлж байлаа. Улсын хэмжээнд 37 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн төвшинг 3,7 хувиас хэтрүүлэхгүй байх, нийгмийн халамжийн үйлчилгээг цогц болгон өөрчлөх бэлтгэлийг хангах нь энэ салбарын үндсэн зорилт юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.