Сонгуулийн өмнө ямар ч байсан сая төгрөгийг өгнө
2012.05.14

Сонгуулийн өмнө ямар ч байсан сая төгрөгийг өгнө

ТОВЧХОН
  • -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад олгох нэг сая төгрөгийг сонгуулийн өмнө ямар ч байсан өгнө, энэ зорилгоор 334 тэрбум төгрөг төсөвт нэгэнт суусан байгаа, санхүүгийн нөхцөл байдлаас болоод 4-р сард олгож амжаагүй, Эрдэнэс Тавантолгой
УИХ-ын чуулганы тавдугаар сарын 11-ний Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан гишүүд олон нийтийн дунд ихээхэн хүлээлттэй байгаа асуудлууд, тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настанд олгох нэг сая төгрөгийн эх үүсвэр бэлэн байгаа эсэх, энэ мөнгийг яг хэзээнээс, хэрхэн олгох, үлдсэн иргэдийн авах сая төгрөгийн хувьцааг хэрхэн мөнгөжүүлэх, Хүний хөгжил сангийн орлого, зарлага ямархуу байдалтай байгааг лавлан асууж, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилт, газрын тосны үйлдвэрийн барилга байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар тодорхой мэдээлэл өгөхийг Засгийн газраас хүсэж байлаа.

Засгийн газарт тавьсан олонхи асуултанд Сангийн сайд Д.Хаянхярваа хариулсан бөгөөд иргэдэд олгох нэг сая төгрөг болон сая төгрөгийн хувьцааны тухайд тэрбээр:-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад олгох нэг сая төгрөгийг сонгуулийн өмнө ямар ч байсан өгнө, энэ зорилгоор 334 тэрбум төгрөг төсөвт нэгэнт суусан байгаа, санхүүгийн нөхцөл байдлаас болоод 4-р сард олгож амжаагүй, Эрдэнэс Тавантолгойн урьдчилгаа төлбөр болон Эрдэнэтийн ногдол ашгаас орох мөнгөөр энэ ажлыг санхүүжүүлэх бөгөөд эдгээр байгууллага 5-р сарын 15 гэхэд эхний мөнгөө оруулна гэсэн. Үлдсэн иргэдийн авах хувьцааг мөнгөжүүлэх ажил тодорхой цаг хугацаа шаардана гэдгийг иргэдэд хэлж байгаа тул ойлгож байгаа гэж бодож байна гэлээ.

Я.Батсуурь гишүүн “Он гарсаар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттай нэмж оюутнуудад тэтгэлэг өгөн, иргэдэд мөнгө тарааснаар ард түмний амьдрал сайжирсангүй, харин ч инфляци өсөж, түүнийг тогтоон барих талаар ямар ч арга хэмжээ аваагүйгээс мах, шатахуун, орон сууцны үнэ хөөрөгдөж байгаа-“г шүүмжлээд энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах, ялангуяа хамгийн их хөөрөгдөж буй орон сууцны үнийг бууруулах талаар ямар нэг шинэлэг арга зам байгаа эсэхийг асуув.

Д.Хаянхярваа сайд үүнд хариулахдаа “Махны үнийг олон жил ярьж ирсэн, он дараалсан зуд турхнаас болоод таваарын мал хомстсон нь махны эрэлт нийлүүлэлтэнд нөлөөлсөн. Инфляци өссөн нь гол нь махны үнээс болсон, энэ үнэ 6-р сараас бага зэрэг тогтворжих хандалагатай болдог тул өнөөгийн нөхцөлд жил бүр махны тодорхой хэмжээний нөөц бүрдүүлснээр үнэ хөөрөгдөлтийг барих боломжтой, харин түүхий эд нь байсаар атал гаднаас бүгдийг нь авч байгаа барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэснээр орон сууцны үнэ хямдрах боломжтой юм” гэлээ.

Улс орны эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тухай мэдээлэлтэй холбогдуулан хамгийн их яригдсан зүйл бол улсын хэмжээгээр 16, нийслэлийн хэмжээнд 17,4 хувьтай байгаа инфляцийн асуудал байсан бөгөөд энэ үзүүлэлт асар өндөр байгаа нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулж буйг гишүүд шүүмжилж, үүний гол шалтгаан нь цалин хөлсний нэмэгдэл болон нийгмийн халамжийн асуудлууд гэдэг дээр санал нэгдэж байв. Тухайлбал, Д.Ганхуяг гишүүн хэлсэн үгэндээ “Эдийн засгийн өсөлтөө инфляциар тэглэлээ, энэ өсөлт иргэдэд наалдахгүй, харин ч хортой болчихоод байна” хэмээн тэмдэглэж байлаа. Инфляцитай холбоотой асуудлаар Монгол Банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ярихдаа “Махны үнэ ингэж огцом өсөөгүй байсан бол инфляци өнөөдөр 10-аас доош хувьтай байх байсан.

Монгол банк мөнгөний бодлогоо чангаруулж байж суурь инцфляцийг барихаас өөр аргагүй, харин та нар зардлаа танах хэрэгтэй. Монгол банк өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авна, харин яг одоо яаралтай авах арга хэмжээ бол намууд сонгуулийнхаа амлалтанд мөнгө ярьдгаа багасгах хэрэгтэй” гэсэн юм.Мөн Ц.Баярсайхан гишүүн “УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед улс орны валютын нөөц, төсвийн хөрөнгө оруулалтуудын түвшин ямар байгаа талаарх мэдээлэл, тоо баримтыг олон нийтэд ил тод болгох ёстой. Сангийн яам бидэнд танилцуулсан энэ мэдээллээ олон нийтэд сонордуулах ёстой. Уул уурхайн талаар баримтлах төрийн бодлого тодорхойгүй 4 жил боллоо, эрхзүйн ийм орчинтой энэ салбарыг сонгуулийн дараа юу хүлээж байна вэ! Нүүрсний борлуулалт Эрдэнэтийн зэснээс даваад ирлээ, гэтэл үүнийгээ зохицуулах эрхзүйн орчин нөхцөл бүрдүүлээгүй, ийм тодорхойгүй байдлаас болоод том өрөнд орж, жоохон нүүрсээ үнэгүйдүүлэх вий!” хэмээн анхаарууллаа.

Гишүүдийн анхааруулгатай холбогдуулж Сангийн сайд Д.Хаянхярваа үг хэлэхдээ “Сонгуулийн дараа улс орны амьдрал үргэлжилнэ. Улсын валютын нөөц, тогтворжуулалтын сангийн нөөц цөм байх ёсоороо байгаа, хөрөнгө оруулалтын ажил хуулийн хүрээнд явагдаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засгийн төлөв байдлын илтгэлийг сонссоны дараа Монгол Улсын шадар сайд М.Энхболд "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг танилцууллаа. Энэхүү илтгэлд дурдсанаар бол Засгийн газар 2011 оны Үндсэн чиглэлд тусгагдан батлагдсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийт 190 зорилт, арга хэмжээг 80,1 хувьтай биелсэн хэмээн дүгнэжээ.

Дараа нь Үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхантанилцуулж тус байнгын хорооноос боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг хүссэний дагуу гишүүд энэ асуудлыг хэлэлцэж эхэлснээр үдээс хойшхи нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.