Ц.Баярсайхан:Нөхөн сэргээлтийг тодорхой төвшинд хийгээд явах ёстой
2012.05.16

Ц.Баярсайхан:Нөхөн сэргээлтийг тодорхой төвшинд хийгээд явах ёстой

Даймонд пресс клубээс санаачлан "50:50 байр суурь" буланг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ булан цаг үеийн болон стратегийн чухал асуудлаар эрэгтэй, эмэгтэй улстөрчдийн байр суурийг зэрэгцүүлэн хүргэх зорилготой Тэд зарим тохиолдолд ижил, заримд нь эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг. Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендерийн үндэсний хорооны дэд дарга Б.Долгор нарыг урьж, "Өмнөговь аймагт уйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ашигт малтмалаа олборлож авахаа урьтал болгочхоод нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнээс үүдэн байгаль орчин сүйдэж байгаа. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ" гэсэн асуултад байр суурийг нь сонслоо.

bayarsaikhan_2008

-Таван толгойн ордыг ашиглах талаар сүүлийн 50 гаруй жил ярьж байна. Энэ ордыг ашигласнаар Монгол Улсын эдийн засагт хөгжил авчирна, ашиг нэмэгдсэнээр иргэдийн орлого өснө гэж ярьдаг. Гэвч бэлтгэл ажил үндсэндээ хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, ОХУ, Хятадыг холбосон ганц л төмөр замтай байгаа. Таван толгой руу төмөр зам тавих, цахилгаан станц барих зэрэг дэд бүтцээ байгуулсангүй. Гадаадын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийж, тодорхой хэмжээний нүүрс олборлож байгаа ч мөн л дэд бүтцийн асуудлаа шийдэлгүй өнөөдрийг хүрлээ. Үүнээс үүдээд байгаль орчны асуудал хүндрэлтэй болж байгаа зүйл бий. Таван толгойгоос өнөөдөр дөрвөн ч компани нүүрс олборлож, тээвэрлэж байна. Өнгөрсөн жил хувийн компани зам тавьсныг эс тооцвол ихэнх тээвэр шороон замаар тээвэрлэгдэж байна. Олон салаа зам гаргасан. Түүгээр тоос манарган хүнд даацын машин давхилдсаар газрын хөрс эвдэрч, тоосжилт ихтэй болсон. Тэнд хүн амьдрах, мал бэлчих байтугай хээрийн зэрлэг амьтан дайжихад хүрч байна. Мал аж ахуй эрхлэхэд гуйлага хүнд боллоо. Цагаан хадны орчимд маш их хэмжээний нүүрс зөөж буулгадаг. Үүнээс шалтгаалаад нөхцөл байдал хүндрэлтэй болж байна. Одоо Байгаль орчны багц хуулиудыг хэлэлцэж эхэлсэн. Байгаль орчин талаас нь өөр бодлого баримтлахгүй бол хэцүүдэх төлөвтэй байна. Компаниудаас нөхөн сэргээлтийн зардал гэж авдаг. Энэ нь хаанаа ч хүрэхгүй. Нөхөн сэргээлтийг байгалийн унаган төрхийг сэргээх чиглэл рүү ойртуулж хийж ёстой. Гэтэл одоо овоолгыг нь буцааж булах байдлаар нөхөн сэргээлт хийгдэж байна. Үүнийг нь нөхөн сэргээлээ гэж хэлэх ч аргагүй. Байгаль орчныг хамгаалах, экологийн ногоон бүсийг бий болгох асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Уул уурхайд ус их хэмжээгээр хэрэглэдэг. Голдуу гүний усыг ашиглаж байна. Энэ нь усан хангамжид сөргөөр нөлөөлж байгаа талаар малчид, иргэд ярьж байна. Усны асуудал дээр бодолтой хандах цаг болжээ. Гүний усыг ашиглах хэр зохимжтой талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Асуулга тавиад орхихгүй, гүний усыг ашиглах хугацаа, нөөцийг нарийн тооцож, цаашид ашиглахгүй байх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар уул уурхайгаас тодорхой хэмжээний баялаг ашиглаж байна. Ашиглахын зэрэгцээ нөхөн сэргээлтийг тодорхой төвшинд хийгээд явах ёстой. Харин ашиглаж дууссаны дараа байгалийн унаган төрхөд нь ойртуулж нөхөн сэргээлтийг хийх шаардлагатай гэж бодож байна. Байгаль орчинд үзүүлсэн хор хохирлыг тогтоож нөхөн төлбөр нэхэмжилдэг тогтолцоо чухал.

Эх сурвалж: Монголын мэдээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.